"Kincora Copper” Баян тал, Зүүн Цагаан суварга ордуудад хийх өрөмдлөгийн төлөвлөгөөгөө танилцуулав

Уул уурхай


Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Kincora Copper” компани Баян тал, Зүүн Цагаан суварга ордууддаа хийх өрөмдлөгийн төлөвлөгөөгөө танилцууллаа. Зүүн Цагаан суваргын орд нь Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт байрлах, девоны эрин үеийн бүслүүрт багтах хоёр дахь том порфирын цогцолбор гэж үзэж байгаа юм. Баян тал орд нь “Оюу Толгой”-той ижил төстэй өндөр агууламж бүхий нөөцтэй байх магадлалтай, 18 метрийн гүнд 0.66-0.75 хувийн зэсийн агууламж байгааг тогтоогоод байгаа юм. Ойрын зургаан сарын хугацаанд зорилтот хоёр хэсэгт өрөмдлөг хийхээр төлөвлөж байгаа гэдгийг “Kincora Copper”-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Сэм Спринг онцоллоо. Энэхүү мэдээлэлтэй зэрэгцээд Торонтогийн Хөрөнгийн биржид “Kincora Copper”-ийн хувьцааны ханш 1.08 хувиар буурч, 0.46 канад доллар болж хаагдсан байна.

Харин Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Teck Resources” компани санхүүгийн тайлангаа хоёрдугаар сарын 16-нд танилцуулна. Тус компани өнгөрсөн оны IV улиралд нүүрсний ханш сэргэсэнтэй холбоотойгоор борлуулалтаа нэмэгдүүлсэн гэсэн урьдчилсан хүлээлт үүсээд байгаа юм. Харин 2016 оны байдлаар нийт 310-320 мянган тонн зэсийн баяжмал, 27-27.5 сая тонн нүүрс олборлосон байх магадлалтай гэж үзэж байгаа ажээ. “Teck Resources” нь Алтан нар, Баян хөндий төсөлд үйл ажиллагаа явуулж байгаа “Erdene Resource Development”-ийн 12.6 сая ширхэг хувьцааг эзэмшиж байгаа юм.



САНАЛ БОЛГОХ