“Баба яга” ирлээ

Кино

“John Wick”-ийн хоёрдугаар анги хүлээлт ихтэй байлаа

Энэ долоо хоногийн Box Office-т нээлтээ хийсэн онцлох кино бол “John Wick”-ийн хоёрдугаар анги. Хайртай бүсгүйнхээ төлөө “Баба яга”-гаа нууж, сайн нөхөр, сайн хань байсан, Жон Вик.

Гэвч хайртыгаа өвчнөөр алдаж, танхайчууд нохойг нь алж, дуртай машиныг нь хулгайлж юу ч үгүй хоцроход “Баба яга” хүүхдүүдэд сургамж өгөхөөр “сэрэх” болно. Энэ бол “John Wick” киноны нэгдүгээр анги. “Screen Junkies”-ийн залуус “Жон Вик машин, нохой хоёрын төлөө хулигааны аавд ажилладаг 76 хүнийг аллаа” хэмээн шоглрсон. Тулаант кинонд дургүй хүнийг ч хэд дахин үзүүлчихдэг энэ киноны хоёрдугаар анги маш их хүлээлт үүсгээд байсан. Үйл явдлын тухайд хоёрдугаар ангид Жон Вик алдагдсан машиныхаа мөрөөр явсаар Виггогийн ах, Иосефийн авга ах Абрам Тарасовын хулгайн машин засварын газарт хүрнэ. Абрамыг өршөөж, эвдэрхий машинтайгаа харьдаг. Гэмт хэргийн ертөнцийг орхиж, эхнэртэйгээ шинэ амьдрал эхлүүлэхийн тулд Жон болзолд нь биелэгдэшгүй даалгавар хүлээж авдаг. Үүнийг биелүүлэхэд нь туслалцаа үзүүлсэн Италийн гэмт хэргийн толгойлогч Сантино Д’Антонио гэгчийн ачийг хариулах хэрэгтэй ч Жон эсэргүйцнэ. Уг саналаас татгалзсанаар гэрээ дэлбэлүүлж, амьдрал нь орвонгоороо эргэхийг мэдээд Жон дурамжхан ч гэсэн хүлээж авна. Ингээд түүний эгч Жианнаг үгүй хийж, Д’Антониог өндөр зэрэглэлийн гэмт бүлэглэлийн толгойлогчдын эгнээнд элсүүлэх даалгавар авснаар үйл явдал өрнөнө. “John Wick” киноны зураг авалт шүүмжлэгчдийн зүгээс өндөр үнэлгээ авсан. Нэгдүгээр анги нь 20 сая ам.долларын төсвөөр бүтэж 86 сая ам.долларын ашиг олсон билээ.


Энэ долоо хоногт нээлтээ хийж буй бусад кино гэвэл “The LEGO Batman Movie”, “Fifty Shades Darker” юм. “Lego” компани дэлгэцийн 50 гаруй уран бүтээл хийсэн бөгөөд энэ нь ихээхэн ашиг орлоготой байдаг. Хамгийн сүүлд гарсан “The LEGO Batman Movie” гэхэд л нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо 53 сая ам.долларын ашиг олоод буй.
САНАЛ БОЛГОХ