ГАРАЛ ҮҮСЛИЙН ГЭРЧИЛГЭЭ АВСНААР ТАРИФЫН ХӨНГӨЛӨЛТ ЭДЭЛНЭ

Ярилцлага

Бараа, бүтээгдэхүүнийхээ гарал үүслийн гэрчилгээг Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас олгоно.

Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр энэ сарын 7-ноос хүчин төгөлдөржлөө. Хэлэлцээрийн хэрэгжилтийн талаар Гадаад хэргийн яамны Эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дэд захирал А.Ариунаатай ярилцав. Тэрбээр эдийн засгийн түншлэл биежих эрхзүйн орчин бүрэн бүрдүүлснийг онцлоод, хувийн хэвшлийн хийх ажил үлдсэнийг тэмдэглэв.

-Эдийн засгийн түншлэл биежлээ. Хэлэлцээрийн хэрэгжилтийг хангахад манай гааль, татвар зэрэг төрийн байгууллагууд бэлэн үү?

-Товчхондоо, төр хийх ёстой зүйлээ хийсэн. Одоо хувийн хэвшил энэ боломжийг үр дүнтэй ашиглах л үлдэж байна. Эдийн засгийн түншлэл хэрэгжих эрхзүйн орчин бүрэн бүрдсэн гэж ойлгож болно. Энэ түншлэлийн хүрээнд импортын тарифын хувьд энгийн, нэн тааламжтай, хөнгөлөлттэй гэсэн гурван төрөл үйлчилж буй. Тэр дундаа импортын таван хувийн татварыг тэг болгох хөнгөлөлттэй тарифын нөхцөлийг энэ хэлэлцээр олгож байгаа юм. Бизнес эрхлэгчид эдгээр тарифын хөнгөлөлт эдлэхийн тулд Монгол, эсвэл Японд үйлдвэрлэснийг нь гэрчлэх гарал үүслийн гэрчилгээтэй байх ёстой.

Бизнесийн зорилготой бол визний хугацааг сунгана

Өнгөрсөн долоо хоногт болсон хоёр улсын Засгийн газрын хамтарсан хуралдаанаар тус гэрчилгээний эх загварыг баталсан. Манай иргэд Японд нийлүүлэх гэж буй бараа, бүтээгдэхүүнийхээ гарал үүслийн гэрчилгээг Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас авна. Тиймээс тус танхимтай нягт хамтран ажиллах хэрэгтэй.

-Хэлэлцээр урагшилснаар Монголын эдийн засагт богино хугацаанд ямар эерэг өөрчлөлт авчрах бол?

-Ойрын хугацаанд хоёр улсын хоорондох худалдаа тэлнэ. Өдгөө 300-400 сая ам.доллараар хэмжигдэж буй бараа эргэлт 50- 60 хувиар өсөх төлөвтэй. Мөн Монгол Улсын нийт экспортын хэмжээ хэлэлцээр хэрэгжсэнээр 0.3 хувь дээшилнэ гэсэн тооцоог олон улсын байгууллага гарсан. Тэрчлэн иргэд хоорондын шилжилт хөдөлгөөн нэмэгдэх хүлээлт бий. Нөгөө талаас энэ бол маш том хэлэлцээр. Олон улсын байгууллагуудын судалгаагаар ийм төрлийн хэлэлцээрийн үр дүн 4-5 жилийн дараа гардаг. Манай талын хүлээлт өндөр байж магадгүй. Гэвч багагүй хугацаа шаарддагийг санах хэрэгтэй.

-Та хоёр улсын хоорондох иргэдийн шилжилт хөдөлгөөн нэмэгдэнэ гэж ярилаа. Тэгвэл визний хувьд ямар хөнгөлөлт үзүүлэх вэ?

-Манай иргэд Япон улсад бизнесийн зорилготой нэгээс дээш жилийн хамтын ажиллагааны гэрээ байгуулсан тохиолдолд визийг нь нэг, гурав, таван жилээр сунгана. Эдийн засгийн түншлэлийн хүрээнд ийм боломж бүрдэж буй. Өөрөөр хэлбэл, зургаан сар тутам визинд орохгүй гэсэн үг. Тэрчлэн Японы томоохон корпорацийн Монгол дахь төлөөлөгчийн газар ажилладаг хүн арлын оронд ажил хэргийн шугамаар зорчих бол энэ хөнгөлөлтөд хамрагдана. Ингэж бизнесийн шилжилт хөдөлгөөнийг дэмжиж байгаа.

-Хоёр улсын Засгийн газар хоорондын хамтарсан хуралдааны үеэр түншлэлийг хэрэгжүүлэх 13 дэд хороо байгуулсан. Энэ хорооны ажил эхэлсэн үү?

-Монгол, Японы хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдээр дэд хороо байгуулсан. Тухайлбал, ургамлын эрүүл ахуй, стандарт, техникийн зохицуулалт, харилцаа холбоо, банк санхүүгийн үйлчилгээ зэрэг. Эдгээр дэд хороонд Засгийн газрын төлөөлөл багтсан. Хэрэв хэлэлцээрийн хэрэгжилтэд ямар нэг асуудал тулгарвал дэд хороонууд хэлэлцэж, шийдвэрлэнэ.

-Бизнесийн түншлэлээс гадна хүмүүс хоорондын харилцаа, хамтын ажиллагаа гэж бий. Хоёр улсын иргэд хамтран бизнес эрхлэх, туршлага солилцоход ямар ажил хийж байна вэ?

-Мөн л тэргүүлэх чиглэлүүдэд хамаарна. Тэр дундаа, хөдөө аж ахуйн салбарт өргөн боломж бий. Хоёр тал хамтран судалгаа хийх, түүнийхээ дагуу мэргэжилтэн бэлтгэн, үйлдвэрлэл эрхэлж болно. Ингэсэн тохиолдолд худалдааг нь хөнгөвчлөх талаар түншлэлийн хэлэлцээрт тусгасан. Тухайлбал, хоёр улсын иргэд хамтран цагаан идээ үйлдвэрлэж, бүтээгдэхүүнийг нь Японы талаас чанартай хэмээн баталгаажууллаа. Энэ тохиолдолд манай хил гаалиар шууд гарна.

Мөн Монгол Улсаас чанар, стандартын шаардлага хангасан гэдгийг баталсан тохиолдолд Японд шууд нэвтэрнэ. Үүнээс гадна аж үйлдвэр, эрчим хүчний салбарт ийм боломж бий. Хамтарсан судалгаа хийж, энэ дагуу боловсон хүчнээ бэлтгэн, үйлдвэрлэл эрхэлнэ. Японы бизнесийн энэ загварыг бид түншлэлийн хэлэлцээртээ тусгасан.


Г.Байгал
@baigalZGM





САНАЛ БОЛГОХ