Мартагдсан алаг даахай

Амьд ертөнц

Алаг даага тарваганы адил огт ус уудаггүй

Долоон нарыг харвах амлалтдаа хүрээгүй Эрхий мэргэн харваач хурдан хүлгийнхээ урд хоёр хөлийг тайрч алаг даага болгосон гэх домгоор бид энэ амьтныг мэддэг. Харин дэлхий нийт “Дисней”-н хүүхэлдэйн киноны гол баатар Мики маусыг алаг дааганаас санаа авсан гэдгээр танина. Ховордсон амьтдын тоонд бичигдсэн алаг даага буюу алаг даахай Монгол, Хятад, Какахстан, Кыргызстан зэрэг Азийн цөөн оронд бий. Мөн Африк тивийн хойд хэсэгт тэдний төрөл төрөгсөд цөөнгүй.

Дэлхий дээр алаг дааганы 33 зүйл байдаг бөгөөд үүнээс 20 гаруй нь Монгол оронд амьдардаг. Гаднын судлаачид алаг дааганы эрэлд гарахдаа Монголын говийг зүглэдэг нь тохиолдлынх биш. Элсний тажигдаахай, говийн алаг даахай, соодон алагдаахай, монголжин даахай, зүүнгар даахай зэрэг зүйл нь зөвхөн Монгол болон Өвөр Монголын нутагт тааралддаг байна. Хамгийн анх 1970-1980 оны хооронд ОХУ-ын эрдэмтэн Г.Шенброт Монголын говь нутаг дахь алга даага, түүний төрөл зүйлүүдийг судалжээ. Мөн 2007 онд Лондоны амьтан судлалын хүрээлэнгээс говийн алга дааганы дүрсийг буулгасан байна. Үүнээс хойш тоймтой судалгаа хийгээгүй бололтой. Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Л.Амгалан “Одоогоор Монголд алаг даагыг судалсан хүн байхгүй. 30 гаруй жилийн өмнө ОХУ-ын эрдэмтэн Г.Шенброт ном хэвлүүлсэн байдаг. Судалгаа муу учраас тоо толгойн талаарх ямар ч мэдээлэл байдаггүй” гэв.

Алганд багтахаар жижиг хэрнээ гурван метр хүртэл зайд харайдаг
Хэдийгээр алаг даахайн тоо толгойн талаарх мэдээлэл маруухан ч түүний амьдралын сонирхолтой хэв маягийн талаар уншиж болно. Алаг даага бол халуун цөлд амьдрах чадвартай цөөхөн хөхтөн амьтны нэг. Туулай шиг том чих, хулгана шиг жижиг бие, имж шиг урт хойд хөл, элс шиг шаргал зүс нь говийн хатуу ширүүн уур амьсгалд тун сайн зохицсон. Алаг даага хуурай цөлийн бүгчим өдрийг үүрэндээ өнгөрөөх бөгөөд халуун нар уулын цаагуур орсны дараа хоол олохоор үүрнээсээ цухуйдаг. Жижиг биетэй тэднийг үнэг, зэрлэг муур, могой, шар шувуу зоогоо болгохоор отож байдаг. Эдгээр араатнаас зугтахад нь түүний соргог чих, үнэрч хамар хамгийн сайн туслагч болно. Түүний дэлдэн чих зөвхөн сонсоход зориулагдаагүй, халуун нарнаас их биеийг хамгаалах үүрэгтэй. Гэхдээ алаг дааганы төрөл зүйлүүд хоорондоо чихээрээ ялгаатай. Цөөн хэдэн зүйл нь туулай шиг урт чихтэй байдаг бол бусдынх нь харх эсвэл хулганых шиг хэмжээтэй байдаг аж. Африкт амьдардаг жижиг чихтэй зарим зүйлийн алаг дааганаас улбаалан европчууд “цөлийн харх” гэж нэрлэх нь бий.


Харин хөлийн урт, богино нь зүйл бүрт ижил. Тэднийг оройн зоогоо болгохоор гэтэж буй хурц хараат үнэгнээс зугтахын тулд имж шиг урт сүүлээрээ тэнцвэрээ олон хойд хоёр хөлөөрөө харайна. Араатнаас зугтах үедээ цагт 24 км/цагийн хурдтай гүйдэг гэж тэмдэглэжээ. Алганд багтахаар жижиг биетэй хэрнээ гурван метр хүртэл зайд харайдаг гэхээр гайхмаар.

Алаг даага тарваганы адил ус огт уудаггүй. Өвсний шимээр ундаалж, зарим зүйлийн шавжаар хооллодог. Ихэнхдээ говь, цөл нутагт тааралддаг ч заримдаа хээр, тал хээрийн бүсэд ч тэднийг олж харна. Тэд нэг гарцтай нүх ухаж, тэндээ амьдардаг. Зун цагт 3-6 зулзага төрүүлдэг бөгөөд монголчууд төлийг нь чойрон эсвэл ялман гэж нэрлэдэг. Зарим ялман айлын хот руу орж, унтаж буй ямааны дэлэнг “суллачихдаг”. Гэхдээ алаг даага тийм ч гэр бүлсэг амьтан биш. Зун төрсөн ялмангууд хавар болоход үүрээ орхидог. Алаг даага хэдий жижигхэн ч хөлийн хурд, соргог мэдрэхүйдээ найдан ганцаараа хорвоог туулна. Энэ амьтан төрөл зүйлээсээ хамаарч 2-6 жил амьдардаг байна.

Тэднийг монголчууд байгалийн “цаг уурч” гэж нэрлэх нь бий. Учир нь говьд элсэн шуурга болох эсвэл бороо орох гэж буйг алаг даахайн аж байдлаас мэдэж болно. Борооны улирал дөхмөгц энэ бяцхан мэрэгч амьтад элснээс холдож уулархаг газар нүхээ ухдаг.

Сонирхуулахад, Монголд амьдардаг алаг даага бусдаасаа онцлог. Манай орон жилийн дөрвөн улиралтай учраас тэд ч бас үүнд дасан зохицох хэрэгтэй болдог аж. Тиймээс зуны улиралд идэш, тэжээлээ нөөцлөөд өвлийн хүйтэнд ичдэг байна.

Манай оронд байдаг элсний тажигдаахай, говийн алаг даахай, соодон алаг даахай, монголжин даахай, зүүнгар даахай зэрэг зүйл нь ховордсон, эсвэл ховордох эрсдэлтэйд багтдаг. Гэтэл хамгаалах бодлого байтугай тоо толгойн талаарх мэдээлэл ч үгүй мартагджээ. Тэдний тоо толгой цөөрсөөр байгаа нь малын бэлчээр хүрээгээ тэлсэнтэй холбоотой гэж тайлбарлах нь бий.

Хүн төрөлхтөн бяцхан алаг даахайг сонирхон өхөөрдөхөөс цаашгүй байна. Алганд багтахаар, гэм хоргүй энэ амьтныг гаршуулахад тун хэцүү. Маш хурдан хөдөлгөөнтэй учир гарт баригдахгүй. Шөнийн амьдралтай учраас хүнтэй зохицон амьдрах нь юу л бол.
САНАЛ БОЛГОХ