Шөнийн хөнгөлөлтийг нөхөж тооцно

ЗГМ: Тодруулга

Эрчим хүчний шөнийн хэрэглээ 15.9 хувиар өсчээ

Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд багтаагүй 16 хорооны өрхүүдэд цахилгааны шөнийн хөнгөлөлтийг нөхөж тооцохоор болсон талаар Эрчим хүчний зохицуулах хорооны тогтоол гарсан байна.

Ингэснээр энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн гэр хорооллын айл, өрхийн цахилгааны шөнийн хэрэглээний 700 мВт хүртэлх эрчим хүчийг тэглэх шийдвэр нийслэлийн гэр хорооллын бүх өрхөд адил үйлчлэхээр боллоо. Нийслэлийн хэмжээнд гэр хорооллын 112 мянган өрхийг цахилгаанаар хангадаг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” хувьцаат компанийн үзүүлээд буй шөнийн хөнгөлөлт 700 орчим сая төгрөгт хүрчээ. Үүнд 700 мВт хүртэлх эрчим хүчний хэрэглээний үнийг 100, түүнээс илүү гарсныг нь 50 хувь хөнгөлж тооцсон дүн багтаж буй.

Агаарын бохирдлыг бууруулах үүднээс гэр хорооллын өрхүүдэд цахилгаан халаагуураар дулаанаа шийдэх бололцоо олгосон уг шийдвэр ийнхүү бодитой хэрэгжиж байна. УЦТС ХК- ийн нэгдүгээр сард борлуулсан шөнийн эрчим хүч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 15.6 хувиар өссөнийг албаны эх сурвалж хэлэв. Уг өсөлтийн талаас илүү хувийг гэр хорооллын өрхүүд бүрдүүлсэн бол орон сууцныхны цахилгааны шөнийн хэрэглээ есөн хувиар л өссөн байна. Түүнчлэн цахилгааны шөнийн борлуулалтын орлого ч дурдсан хугацаанд 15.8 хувиар өсөж, 248.9 сая төгрөг болжээ.


                                                          ЗГМ: Тодруулга
                                     Өрхүүдийн өдрийн хэрэглээ нэмэгдсэн


Ирэх дөрөвдүгээр сарын 1-н хүртэл хэрэгжих хөнгөлөлт иргэдэд төдийлэн мэдрэгдэхгүй байгаа талаар олон нийт ярьж буй. Тиймээс энэ талаар УЦТСХК-ийн Борлуулалтын бодлогын хэлтсийн дарга Ц.Энхсайханаас дараах тодруулгыг авлаа.

-Гэр хорооллын өрхийн цахилгааны шөнийн хэрэглээг тэглэсэн. Гэвч цахилгааны төлбөр нь харьцангуй өндөр гарсан, хэмнэлт мэдэгдэхгүй байгаа тухай хүмүүс их гомдоллож байна. Үүнийг юү гэж үзэж байна вэ?

-Шөнийн хэрэглээний хязгаар нь 700 кВт. Үүнийг иргэд бүрэн гүйцэд ойлгоогүйгээс эрчим хүчээ хэт хэрэглээд байна. Ялангуяа айл өрхүүдийн эрчим хүчний өдрийн хэрэглээ нь ихэссэн. Гэтэл энэ нь хэрэглэгчдэд манай байгууллагын алдаатай үйл ажиллагаа юм шиг харагдаж байна. Яг үнэндээ манай эрчим хүчний дэд станцууд, борлуулалт бүгд хяналттай.

-Бидэнд байгаа мэдээллээр эрчим хүчний сарын дундаж хэрэглээний төлбөр нь 50 мянган төгрөг гардаг айлынх нэгдүгээр сард 623 мянга гарсан байна. Хэрэглэгчийн цахилгааны код нь ч бий. Энэ талаар ямар тайлбар өгөх вэ?

-Кодоор нь шалгаж үзэхэд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны оршин суугчийн цахилгааны төлбөр 623 мянган төгрөг гарсан байсан. Бид газар дээр нь хэмжилт хийж, тоолуурыг нь салгаад, лабораторид илгээсэн. Салгах үеийн заалт нь 9757 байсан. Өмнөх сарын төлбөр нь 54 мянган төгрөг гарсан байна.

-Танай системд бүртгэгдсэнээр өмнөх сарын заалт нь хэд байсан бэ?

-Нэгдүгээр сарын 19-нд бичихэд тоолуурын заалт 6100 байсан.

-Үүний шалтгаан нь юутай холбоотой байж болох вэ? -Эцсийн дүгнэлт гараагүй болохоор шалтгааныг хэлэхэд эрт байна. Хуримтлагдсан бичилт үүссэн, эсвэл тоолуур дээр гэмтэл гарч, заалт үсэрсэн байхыг үгүйсгэхгүй.

-Бас нэг өрх байна. Төлбөр нь сард дунджаар 45 мянган төгрөг гардаг. Нэгдүгээр сард үүнээс гурав дахин өндөр төлбөр гарсан гэсэн?

-Тийм ээ. Толгойтод байрлалтай, СХД-ийн нэгдүгээр хорооны өрх. Энэ хэрэглэгчийн хувьд өдрийн хэрэглээ сарын дунджаас өндөр буюу 810 кВт гарсан байна. Төлбөр нь 84,440 төгрөг. Шөнийн хэрэглээ нь 390 кВт буюу 18,026 төгрөг гарсан учраас хөнгөлөлтдөө бүрэн хамрагдсан. Бусад суурь хураамж, татварын зэрэг төлбөртэй нийлээд 106 мянган төгрөг төлсөн байна.

-Иргэд эрчим хүчний хэрэглээгээ хэрхэн хянах вэ?

-Уг нь хэрэглээгээ хянаад явахад хэцүү биш шүү дээ. Ерөнхийдөө орон сууцанд бүрэн автомат угаалгын машин, богино долгионы зуухны цахилгааны хэрэглээ өндөр гардаг. 24 цаг тасралтгүй ажилладаг хөргөгч сард 30 кВт, мөн улайсдаг ламп гурвыг өдөр бүр хэрэглэдэг гэж тооцвол нэг өрх дунджаар 36 кВт-ийн эрчим хүч зарцуулж байгаа. Энэ мэтээр цахилгаан зуух, тоос сорогч, хөлдөөгч зэргийнхээ хэрэглээг тооцоод, нэгж үнээр нь бодоод гаргачихаж болно.

-Өдөр, шөнийн хэрэглээний үнийн зөрүү хэр их вэ?

-Тухайлбал, 1.5 кВт-ийн шарах шүүгээг өдөрт хоёр цаг ажиллуулдаг гэж үзвэл тухайн өдрийн хэрэглээ гурван кВт болно. Үүнийг өдрийн хэрэглээний тарифаар тооцоход сард 9,387, жилд 114,208 төгрөгийн эрчим хүч хэрэглэж байна гэсэн үг. Тэгвэл шөнийн тарифаар тооцвол сард 6,939 төгрөг гарч байна. Ингээд тооцоход шөнийн хэрэглээнд өдрийнхөөс 2500 орчим төгрөг л хэмнэж байна, зөвхөн богино долгионы зуухны хувьд шүү дээ.

-Хэрэглэгчдийн дунд электрон тоолуур нь механикаасаа их гүйдэг гэх яриа бий. Энэ ямар учиртай юм бол?

-Электрон тоолуур бол нарийвчлал өндөртэй. Гар утсаа цэнэглэхэд электрон тоолуурын заалт гүйж байдаг бол механик тоолдоггүй.

-Тэгэхээр зөрүү нь хэр зэрэг гарна гэсэн үг вэ?

-Уг нь бол нэмэх, хасах хоёр хувь. Тийм өндөр биш л дээ. Механик тоолуурыг социализмын үеэс л хэрэглэж байгаа. Үүн дээр гаднаас тохируулга хийдэг. Электрон тоолуурын хувьд ийм боломжгүй тул хэрэглээг үнэн зөв гаргадаг. Хэрэглэгчдийн хардаад байдаг учир нь ердөө л энэ. Гэтэл үнэн хэрэгтээ ТВ үзээгүй байсан ч тогноос нь бүрэн салгаагүй л бол таны тоолуурын заалт гүйж байдаг.

-Иргэдийн өдрийн хэрэглээ замбараагүй байсан талаар та дээр хэлсэн. Өдрийн хэрэглээ ер нь хэр өссөн бэ?

-Өдрийн хэрэглээг одоохондоо тухайлж гаргаагүй. Мэдээж өмнөх онтой харьцуулахад өссөн. Иргэд хэрэглээндээ л хяналт сайн тавих хэрэгтэй. Гэр хороололд бол цахилгаан халаагуур, халуун тогоо зэрэг нь эрчим хүчний хэрэглээний дийлэнхийг бүрдүүлдэг. Угаалгын машин бас багтана.
САНАЛ БОЛГОХ