Шилдгүүдийн тулаан

Кино

Мэрил Стрийп 20 дахь удаагаа нэр дэвшлээ

“Оскар”-ын наадам болоход хуруу дарам цөөхөн хоног үлдлээ. Энэ ням гарагт “Академийн шагнал гардуулах ёслол”-оос хэн нь “Алтан хүн” авах талаар ажиглагчид таамаг дэвшүүлээд байна. Эдгээрээс шилдэг эрэгтэй болон эмэгтэй дүрийн шагналд хамгийн олон “санал” авсан уран бүтээлчдийн талаар хүргэе.

                                       “Гүйцэд боловсорсон” Эмма Стоун

Алдарт “Титаник” киноны түүхэн амжилтыг эвдэж, “Оскар 2017” наадамд хамгийн олон төрөлд нэр дэвшсэн кино бол “La la land”. “Титаник” 11 төрөлд нэр дэвшсэн бол тус кино 14-н “Оскар”-ын төлөө өрсөлдөж байна. Уг бүтээлийг ийм амжилтад хүрэхэд нөлөөлсөн хүнээр жүжигчин Эмма Стоуныг нэрлэж буй.

Эмма гэнэт олны танил болоогүй. Дөрвөн настайдаа анхныхаа жүжигт тоглож, өсвөр насандаа олон нийтэд танигдсан түүнийг одоо л “боловсорч гүйцсэн” гэж үнэлэв. Багаасаа дуу хөгжимд авъяастай, броудвэй жүжигт дурладаг байжээ. Тэрбээр 2015 онд “Forbes” сэтгүүлээс гаргасан хамгийн өндөр орлоготой эмэгтэй жүжигчдийн 16-д жагссан юм.

Өдгөө 31 настай жүжигчин бүсгүй 2014 онд “Хүн шувуу” киноны дүрээрээ “Оскар”-ын шилдэг эмэгтэй туслах дүрд нэр дэвшсэн ч шагнал гардаж чадаагүй. Харин “La la land” мюзикл түүнд шагналын хур буулгаж эхэллээ. Эмма “Алтан бөмбөрцөг” болон Английн кино академийн наадмаас шилдэг эмэгтэй дүрийн шагнал аваад буй. “Оскар 2017”-д ч энэ амжилтаа давтаж магадгүй нь.

                                                 Мятрашгүй Мэрил Стрийп

“Оскар”-ын наадмын түүхэнд хамгийн олон удаа нэр дэвшсэн жүжигчнээр Мэрил Стрийп тодроод байна. Тэрбээр хамгийн анх 38 жилийн өмнө “Бугын анчин” киноны гол дүрээр нэр дэвшиж байв. Харин өнөөдөр “Florence F oster Jenkins” киноны дуурийн дуучин болох хүсэлтэй баян эмэгтэйн дүрээр 20 дахь удаагаа нэр дэвшиж байгаа юм. Тэрбээр нийт 69 кинонд дүр бүтээж, 11 драмын жүжигт тогложээ.

61 настай Мэрил Стрийпэд гурван “Алтан хүн” байдаг. Тэрбээр 1980, 1983, 2012 онд “Оскар”-ын наадмаас шилдэг эмэгтэй гол дүрийн шагнал авч байсан. Мөн “Алтан бөмбөрцөг” наадмын 30 төрөлд нэр дэвшиж, наймыг нь авч чадсан. Тэрбээр өнгөрсөн сард болсон “Алтан бөмбөрцөг” наадмын тайзнаас “Холливуудыг цагаачид, гаднын иргэд бүтээсэн. Хэрвээ цагаачлалыг хоригловол хөлбөмбөгөөс өөр үзэх зүйлгүй болно” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампыг шүүмжилсэн. Энэ удаад “Оскар”-ын тайзнаас шагнал гардвал чухам юу хэлэх бол гэдэг нь сонирхолтой.

                                Гурав дахиа хүлээж буй Дензел Вашингтон

Холливудын ахмад жүжигчдийн нэг Дензел Вашингтоныг энэ жил гурав дахь удаагаа “Оскар” авна гэж IMDB сайтын санал асуулгад оролцогчид үнэлжээ. Тэрбээр 1989 онд “Ялалт”, 2001 онд “Бэлтгэлийн өдөр” кинонд тоглож, эрэгтэй шилдэг жүжигчнээр тодорч байсан. Харин энэ удаад өөрөө найруулагчаар нь ажилласан “Хашаа” киноны гол дүрээр нэр дэвшлээ.

Бэйсболын тамирчин болох мөрөөдөлдөө хүрч чадаагүй Трой (Дензел Вашингтон) хүүгээ хөлбөмбөг тоглохыг эсэргүүцнэ. Өнгөт арьстайгаасаа болж сэтгэлийн шархтай үлдэх вий гэж айх боловч хүү нь үнэхээр амжилтад хүрч магадгүй гэсэн итгэлийн “гал” түүнд бий. Өөрийнхөө туулсан амьдралыг хүүдээ үзүүлэхийг хүсээгүй эцгийн дүрийг чадварлаг бүтээсэн гэж түүнийг үнэлж байна.

                                   Ахынхаа араас “нэхэх” Кэйси Аффлек

Жүжигчин Бен Аффлект “Оскар”-ын хоёр цом байдаг. Харин гурван насны зөрүүтэй дүү Кэйси Аффлек нь энэ жил ахынхаа амжилтыг давтаж магадгүй. Тэрбээр “Manchester by the sea” киноны Лий Чандлерийн дүрээр шилдэг эрэгтэй жүжигчний төрөлд нэр дэвшээд буй. Мөн уг дүрээрээ “Алтан бөмбөрцөг” наадмаас шагнал хүртсэн нь таамгийн эхэнд бичигдэхэд нөлөөлсөн юм.

Кэйси кино урлагт шинэ хүн биш. Тэрбээр ахынхаа адил кино урлагт олон жил зүтгэж байгаа нэгэн. Нийт 33 кинонд дүр бүтээсэн бөгөөд 2007 онд “Оскар”-ын шилдэг эрэгтэй туслах дүрд нэр дэвшиж байсан юм. Кэйси жүжигчнээс гадна найруулагч, зохиолч. Тэрбээр нэг кинонд найруулагчаар ажиллаж, хоёр киноны зохиол бичээд байгаа юм. Мөн энэ онд өөрийнхөө бичсэн зохиолыг найруулж “Миний амьдралын гэгээ” нэртэй кино хийхээр төлөвлөжээ.
САНАЛ БОЛГОХ