Гадаад паспорт өндөр нууцлалтай болно

ЗГМ: Тодруулга

Шинэ паспорт хувь хүний мэдээлэл бүхий чиптэй

Ирэх оноос гадаад паспортыг олон улсын стандартад нийцүүлэн нууцлал бүхий чиптэй, өндөр зэрэглэлийнх болгохоор болсон. Үүнтэй холбоотойгоор энгийн гадаад паспортын хүчинтэй хугацаа нь дуусаж байгаа иргэд энэ сарын 1-нээс эхлэн сунгахгүйгээр шинээр захиална гэсэн мэдээлэл гарсан. Энэ талаар Оюуны өмч, Улсын бүртгэл ерөнхий газрын иргэний бүртгэлийн газрын дарга Д.Энхцэцэгээс тодрууллаа.

-Гадаад паспортыг сунгахгүй гэсэн мэдээлэл гараад байна. Энэ үнэн үү?

-Өнөөдрийн байдлаар гадаад паспортын сунгалтын үйлчилгээ хэвийн үргэлжилж байна. Иргэдийн гадаад паспортын хүчинтэй хугацаа дууссан тохиолдолд иргэний бүртгэл мэдээллийн төв дээр 1-5 жилээр сунгаж байгаа.

-Шинээр гадаад паспорт авах гэж байгаа хүмүүст олгож байгаа юу?

-Тийм ээ. Иргэд маань Иргэний бүртгэл мэдээллийн төв, “Дүнжингарав”, “Драгон” гээд нийслэлийн есөн дүүрэг болон хөдөө орон нутаг, хилийн чанад дахь 40 гаруй дипломат төлөөлөгчийн газруудаас шинэ гадаад паспорт авах, сунгалт хийлгэх боломжтой.

-Гадаад паспорт шинэчлэгдэж байгаа гэсэн. Юуг нь шинэчилж байгаа вэ?

-Олон Улсын иргэний нисэхийн байгууллага 2004 онд сунгалт хийдэг, тамга, тэмдэг дардаг паспортыг хэрэглээнээс гаргах тухай гишүүн орнууддаа тунхаг бичиг гаргасан байдаг. Энэ ажлыг 2015 оны арваннэгдүгээр сарын 24-нөөс эхлэн хэрэглээнээс гаргана гэж хугацаа заасан. Үүнээс хойш манайх цахим гадаад паспортын бэлтгэл ажлыг хийж байгаа бөгөөд ирэх 2018 оны эхэнд цахим гадаад паспортыг иргэддээ олгохоор ажиллаж байна.

-Цахим гадаад паспорттой болохоор улаан паспортыг хэрэглэхгүй гэсэн үг үү?

-Цахим паспорт авсан хүмүүс цахим паспортоо хэрэглэнэ. Улаан паспорттой бол түүнийгээ хэрэглэж болно.
Хилийн чанадад гадаад паспорт авах, сунгах бүрэн боломжтой
-Шинэ, хуучин гадаад паспортын хоорондын ялгаа гарч ирэх болов уу?

-Тэгэлгүй яах вэ. Шинэ паспорт 48 хуудастай бөгөөд хувь хүний мэдээллийг хадгалсан чиптэй байх юм. Иргэний нисэхийн байгууллагын стандартыг бүрэн хангасан паспорт олгохоор бэлтгэж байна.


-Гадаад паспортод чипийг хэрхэн суулгах вэ?

-Манайхан одоо хэрэглэж байгаа иргэний үнэмлэхтэй адил төсөөлж байгаа байх. Гадаад паспортын эхний хуудсанд чипийг байрлуулах юм.

-Үнийн хувьд хэдэн төгрөг байх вэ?

-Одоохондоо үнэ ханшийг нь тогтоогоогүй байна. Бэлдцийн үнийн хувьд хуучин паспортоос мэдээж ялгаатай.

-Шинэ паспортыг хаана хийлгэх вэ?

-Унгар улсын “Мөнгөн тэмдэгт” хэвлэлийн хувьцаат компани нь энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм билээ. Үйл ажиллагааны менежментийн систем нь чанарын ISO 9001, хүрээлэн буй орчны ISO14001, мэдээллийн аюулгүй байдлын ISO27001 зэрэг холбогдох стандартын дагуу явагддаг. Мөн аюулгүй байдлын менежментийн гэрчилгээтэй, арвин туршлагатай компани байгаа.
САНАЛ БОЛГОХ