Хамгийн чухал нь төсвийн тодотгол
Нийтлэл
2017 оны төсвийн тодотголыг хаврын чуулганаар хэлэлцэх боломжтой
УИХ-ын намрын чуулган завсарлаад багагүй хугацаа өнгөрсөн ч эдийн засгийн хүндрэлтэй энэ үед ээлжит бус чуулганыг хуралдуулахаас өөр аргагүй байдал бий болсныг Сангийн сайд Б.Чойжилсүрэн мэдэгдсэн. Учир нь Монгол Улсын Засгийн газрын Олон улсын валютын сантай хийж буй хэлэлцээр өндөрлөж, 2017 оны төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлага тулгарсан юм. Гэвч МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулахгүй байх улс төрийн шийдвэр гаргасан. Ингэснээр ОУВС-тай хийсэн хэлэлцээрийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулахад хүрэв.
Харин УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголыг ирэх хаврын чуулганаар хэлэлцэх боломжтой хэмээн онцолжээ. Тэрбээр “УИХ- ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах болоход гишүүдийн ирц хангалтгүй байгаа. Тиймээс ирэх дөрөвдүгээр сард хаврын чуулган эхлэнгүүт 2017 оны төсвийн тодотголоо хэлэлцээд Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдаад явах боломжтой” гэв. Өөрөөр хэлбэл, ирэх хаврын чуулганаар хэлэлцэх хамгийн чухал асуудал нь 2017 оны төсвийн тодотгол. Төсвийн тодотгол хийж, нийгмийн халамжийг бууруулж, долоон төрлийн татварыг нэмэгдүүлснээр Монгол Улс ОУВС-гийн тусгай хөтөлбөрт хамрагдах боломж бүрдэх юм.
Үүнээс гадна хаврын чуулганаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Гэхдээ өнөөдрийн байдлаар энэхүү хуулийн төсөл бэлэн болоогүй бөгөөд өөрчлөлт оруулах, эсэх нь ч тодорхойгүй байна. Учир нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын захирамжаар байгуулсан Ажлын хэсэг Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, эсэхийг судалж байгаа бөгөөд эцсийн шийдвэр нь гараагүй юм. Ажлын хэсгийн дүгнэлтээс хамаарч Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, эсэх нь тодорхой болно гэсэн үг. Үе үеийн парламент Үндсэн хуульд өөрчлөлт оруулах санал, санаачилга гаргадаг ч үр дүнд хүрээгүй байна. Харин энэ удаагийн парламентад МАН 65 суудалтай байгаа нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах томоохон боломж хэмээн үзэж буй. Тиймээс УИХ дахь МАН- ын бүлгээс УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангаар ахлуулан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, эсэхийг судлах Ажлын хэсгийг ч давхар байгуулаад байгаа юм.
Хаврын чуулганаар хэлэлцэх анхаарал татаж байгаа нэг асуудал нь Казиногийн тухай хуулийн төсөл. Гэхдээ мөн л төсөл нь бэлэн болоогүй. Засгийн газраас боловсруулж, батлуулсан Эдийн засгийг сэргээх хөтөлбөрт казино байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлэхээр тусгасан. Энэ дагуу УИХ дахь МАН-ын бүлгээс УИХ-ын гишүүн Л.Энхболдоор ахлуулан уг хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэг хуулийн төслөө эцэслээгүй бөгөөд ирэх хаврын чуулганд өргөн мэдүүлнэ гэдгээ урьдчилсан байдлаар мэдэгдээд буй. Ингэхдээ өмнөх Засгийн газрын боловсруулсан Казиногийн тухай хуулийн төсөлд бага зэргийн засвар оруулж, өргөн мэдүүлэх аж.
Мөн Ерөнхийлөгчөөс санаачлан өргөн мэдүүлсэн Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагын тухай хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөжээ. Хоёр парламент дамжиж буй энэхүү хуулийн төслийн хэлэлцэх, эсэхийг өнгөрсөн намрын чуулганаар хийсэн ч УИХ-ын гишүүд улс төрд тогтворгүй байдал бий болно гэсэн шалтгаанаар буцаах хүсэлтийг гаргасан. Энэхүү хуулийн төсөлд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд болон УИХ-аас томилдог албан тушаалтнууд, аймаг, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, Засаг дарга нарт хариуцлага тооцох, эргүүлэн татах эрхийг сонгогчдод нээлттэй болгохоор тусгасан. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад хариуцлагагүйн “зуд” нүүрлэсэн энэ үед төрийн өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцох эрх зүйн орчныг бий болгох юм.
» Ажлын хэсгийн дүгнэлтээс хамаарч Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, эсэх нь тодорхой болно.» Монгол Улсад хариуцлагагүйн “зуд” нүүрлэсэн энэ үед төрийн өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцох эрх зүйн орчныг бий болгох юм.» Энэ удаагийн хаврын чуулганаас томоохон үр дүн гарахгүй.
Дараагийн хэлэлцэх чухал асуудал бол эрх зүйн шинэчлэлтэй холбоотой хэд хэдэн хуулийн төсөл. Тодруулбал, ирэх долдугаар сарын 1-нээс хэрэгжих эхлэх ёстой Эрүүгийн болон Зөрчлийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна. Өмнөх парламентаас баталсан дээрх хуулиудад засаж, сайжруулах зүйл бий хэмээн Засгийн газар үзэж, нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулсан.
Түүнчлэн УИХ-ын нэр бүхий гишүүдийн өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхээр жагсаалтад оруулжээ. Сонгууль бүрийн дараа төрийн албан хаагчид солигдож, улс төрөөс хэт хамааралтай болоод байгаа. Энэхүү төслийг баталснаар төрийн албыг улс төрөөс ангид байлгах эрх зүйн орчин бүрдэнэ хэмээн төсөл санаачлагчид тайлбарлаж буй.
Гэхдээ энэ удаагийн хаврын чуулганаас томоохон үр дүн гарахгүй. Учир нь ирэх зургадугаар сард Ерөнхийлөгчийн сонгууль болно. Улс төрийн хүчнүүд сонгуулийн бэлтгэлдээ орж, иргэд сонгогчдынхоо итгэлийг олохын төлөө чармайдаг тул УИХ-ын хууль батлах үндсэн үүрэг цалгарддаг тал бий.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй