Ш.Энхбаатар: Нэр дэвшигч 3.9 тэрбум төгрөг зарцуулна

ЗГМ: Тодруулга

Нам, хамтарсан намуудаас 6.8 тэрбум төгрөг зарцуулна

Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлын талаар Сонгуулийн ерөнхий хорооны Хууль зүйн хэлтсийн дарга Ш.Энхбаатараас дараах зүйлийг тодрууллаа.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт ирэх зургадугаар сарын 26-нд болно. Бэлтгэл ажил хэр хангагдаж байгаа вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах төлөвлөгөө, цаг хугацааны хуваарийг Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанаар хэлэлцэн баталсан. Хуульд заасан хугацаатай ажлуудыг төлөвлөгөөний дагуу хийж байна. Тухайлбал, Үндэсний аудитын газраас Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн зардлын дээд хэмжээг тогтоож, нийтэд зарлаад байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нам, хамтарсан намуудаас 6.8 тэрбум төгрөг зарцуулна. Харин нэр дэвшигч нь 3.9 тэрбум төгрөгийг зарцуулахаар болсон. Мөн сонгогчдын санал авах, тоолох зорилгоор сум, дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдээс 2078 сонгуулийн хэсгийг байгуулаад байна. Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулахтай холбоотой зарим шаардлагатай журам, зааварт нэмэлт, өөрчлөлт оруулж, холбогдох маягт, загварыг Сонгуулийн Ерөнхий Хорооны хуралдаанаар баталсан. Үүнээс гадна сонгууль зохион байгуулахад оролцох чиг үүрэг бүхий төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж, холбогдох албан бичиг, санал хүргүүлж, мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгч байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлыг хуульд заасан хугацаанд хийж байгаа.

-Сонгуулийн хороодыг хэзээ байгуулах вэ?

-Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо, санал авах байр, гадаадад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах төв болон салбар комиссууд нь байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллага хамаарч байгаа юм. Сонгуулийн ерөнхий хорооны өнгөрсөн пүрэв гарагийн хуралдаанаар гадаад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах төв комиссыг байгуулсан. Энэ төв комисс нь салбар комиссуудаа байгуулна. Харин аймаг, нийслэлийн сонгуулийн хороог дарга, нарийн бичгийн дарга, гишүүд гэсэн бүрэлдэхүүнтэйгээр, ирэх дөрөвдүгээр сарын 17-ноос өмнө Сонгуулийн ерөнхий хорооноос байгуулна. Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо нь сум, дүүргийн сонгуулийн хороог, уг сонгуулийн хороо нь санал авах байрыг тус тус байгуулах юм.

Байнгын бус ажиллагаатай дээрх сонгуулийн байгууллагад ажиллах ажилтны мэдээллийн санг бүрдүүлэхээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Ойролцоогоор гурван мянга орчим ажилтанг сургалтад хамруулна гэж тооцож байна. Мэдээллийн санд бүртгэсэн төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдад Сонгуулийн ерөнхий хорооноос орон нутгийн ИТХ, Гадаад хэргийн яамтай хамтран ирэх сард сургалт зохион байгуулж, гэрчилгээ олгоно. Сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид нь байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад ажиллана.

-Сонгогчдын нэрсийн жагсаалтад хэчнээн иргэн бүртгэлтэй байна?

-Сонгогчдын нэрийн жагсаалтыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эрхлэхээр Сонгуулийн тухай хуульд заасан байдаг. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас сонгогчдын нэрийн жагсаалтыг гаргаж, цахим хуудастаа байрлуулсан. Уг жагсаалтаас сонгогчид өөрт холбогдох мэдээлэлтэй танилцах боломжтой. Урьдчилсан байдлаар сонгуулийн насны хоёр сая гаруй иргэн байна.
» Урьдчилсан байдлаар сонгуулийн насны хоёр сая гаруй иргэн байна.
» 2016 оны УИХ-ын сонгуульд нийт сонгогчдын 73.5 хувь нь оролцож саналаа өгсөн нь өссөн үзүүлэлт болсон.
» Гадаад улсад байгаа иргэн Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоор бүртгүүлэх маягтыг Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанаар баталсан.
-Хилийн чанадад байгаа иргэдийн саналыг хэрхэн авах вэ. Үүнд хэчнээн төгрөг зарцуулахаар урьдчилсан тооцоо гаргав?

-Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдээс санал авах ажиллагааг зургадугаар сарын 10, 11-нд явуулахаар УИХ-аас тогтоосон. Хилийн чанадад байгаа иргэд тавдугаар сарын 1-20-ныг дуустал хугацаанд өөрийн оршин суугаа улсад байгаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газарт мэдэгдэж, бүртгүүлнэ. Бүртгүүлэхдээ сонгуулийн төв байгууллагаас баталсан маягтыг бөглөж, үндэсний гадаад паспортын хуулбарын хамт Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газарт биечлэн хүргэх, эсвэл шуудангаар, цахим шуудангаар, факсаар илгээж, бүртгүүлнэ. Гадаад улсад байгаа иргэн Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоор бүртгүүлэх маягтыг Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанаар баталсан. Гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажиллагааг зохион байгуулах төв комисс саяхан байгуулсан. Төсөв тооцоогоо одоогоор Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлээгүй байна.

-Сонгогчдын ирц жилээс жилд муудаж байна. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ?

-Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц 1993 онд 92.7 хувьтай байсан байна. Үүнээс хойш сонгогчдын ирц тогтмол буурсаар 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц 66.5 хувь болсон. Харин 2016 оны УИХ-ын сонгуульд нийт сонгогчдын 73.5 хувь нь оролцож саналаа өгсөн нь өссөн үзүүлэлт болсон. Үндсэн хуульд иргэн сонгох, сонгогдох эрхтэй гэж заасан байдаг тул сонгогчдыг сонгуульд идэвхтэй оролцуулах арга хэмжээг Сонгуулийн ерөнхий хороо болон шат шатны сонгуулийн байгууллагууд, холбогдох төрийн бус байгууллагууд, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлсээр ирсэн.
САНАЛ БОЛГОХ