АХБ: Азийн хөгжиж буй улсуудын эдийн засаг 2017, 2018 онд 5.7 хувиар өснө

Мэдээ

Азийн Хөгжлийн банкнаас 2017 оны Азийн эдийн засгийн өсөлтийн таамгийг танилцууллаа. Энэхүү тайланд Монгол Улсын эдийн засаг 2017 онд 2.5 хувь, 2018 онд хоёр хувиар өснө гэсэн хүлээлттэй байгааг онцолсон байна. Харин Азийн хөгжиж буй эдийн засгуудыг нийтэд нь аваад үзвэл, 2017, 2018 онд 5.7 хувиар өснө гэж тооцоолжээ. Үүнээс гадна БНХАУ-ын эдийн засаг энэ онд 6.5 хувиар өсөх ч ирэх онд энэ өсөлт бага зэрэг саарч, 6.2 хувь болно гэсэн урьдчилсан таамаг гарсан байна. Бүсийн хэмжээнд хөгжингүй орнуудын бодлогын чиглэл тодорхойгүй байгаагаас шалтгаалсан эрсдэлүүд байгааг Азийн Хөгжлийн банкнаас онцолж байна. Ялангуяа АНУ-ын Төв банкны бодлогын хүүгийн өөрчлөлттэй холбоотой хүчин зүйлийг нэрлэжээ. Азийн орнууд дунд хугацааны эрсдэлүүдийг даван туулах чадвартай ч Засгийн газрууд хөрөнгийн урсгал хэт их гадагшлах, валютын ханш огцом өөрчлөгдөх хөдөлгөөний эсрэг бодлогын арга хэмжээ авахад анхаарсаар байх хэрэгтэй гэсэн зөвлөмжийг тайланд онцолсон байна.

Харин Азийн орнуудын инфляц 2016 онд 2.5 хувь хүртэл өссөн талаар Азийн Хөгжлийн банкнаас мөн мэдээллээ. Зах зээлд эрэлт нэмэгдсэн төдийгүй олон улсын хэмжээнд түүхий эдийн үнэ өссөн нь үүнд голлон нөлөөлжээ. Цаашлаад Азийн орнуудын инфляцын түвшин 2017 онд гурван хувь, 2018 онд 3.2 хувиар өснө гэсэн таамаг гаргасан байна. Энэ нь сүүлийн 10 жилийн дунджаас доогуур түвшин болж байгааг шинжээчид онцолжээ.




САНАЛ БОЛГОХ