“Темасек”-ийн загвараар “Эрдэнэс Монгол” ажиллана

Ярилцлага

 “Төрийн өмчийн менежмент ба Нийгмийн хариуцлага-2017” үзэсгэлэнгийн үеэр “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогттой цөөн хором ярилцлаа.  Тус компанийн 10 жилийн ой энэ онд тохиож буй. Төсвийн орлогын дөрөвний нэгийг бүрдүүлж буй уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа 12 компани "Эрдэнэс Монгол"-оор овоглодог юм. 

-“Эрдэнэс Монгол” компани бол уул уурхайн салбарын томоохон компаниудын нэгдэл. Толгой компанийн зүгээс охин компаниудынхаа хэмжээнд нэгдсэн менежментээр ажиллаж чадаж байна уу. Ийм боломж, бололцоо нь бүрдсэн үү?

-Тиймээ, тус тусдаа зорилго тавиад ажиллах биш нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулах, компанийн хувьцаа эзэмшигчийн хүртэх өгөөжийг боломжит дээд түвшинд хүргэх, улмаар иргэдийн эзэмшдэг хувьцаанд ногдол ашиг тараах боломжийг нэмэгдүүлэх зэрэг үүднээс бүх охин болон хараат компаниудын үйл ажиллагааны зардлыг бууруулж, үйл ажиллагааны нэгдсэн стратеги бодлогыг хэрэгжүүлэх бодлогыг баримтлан ажиллаж байна. Ингэснээр нэгдсэн нэг зорилгын төлөө ажиллах компанийн нэгдлийг бий болгохоос гадна олон улсын жишигт нийцсэн компанийн сайн засаглалын туршлагыг нэвтрүүлж, бүх компаниуд хувьцаа эзэмшигчийнхээ хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх үүднээс цэвэр ашгийн төлөө, бизнесийн зарчмаар ажиллах боломж бололцоог бүрдүүлэх юм. 

-Танай охин компаниудын зүгээс сайн засаглалыг хөгжүүлэх санаачилга хэр идэвхтэй гарч байна вэ?

-Манай компани өнгөрсөн 10 жилийн хугацаанд өөрийн болон охин компаниудын хэмжээнд сайн засаглалыг хөгжүүлэх, бие даасан үйл ажиллагааны тогтолцоог хэвшүүлэх зарчмаар ажиллаж ирсэн. Өнгөрсөн онд бид Олон улсын санхүүгийн корпорациар засаглалын үнэлгээг хийлгэж, санхүүгийн болон үйл ажиллагааны менежментийг чадавхжуулах зорилгоор Азийн хөгжлийн банкнаас техникийн туслалцааны төслийг авч хэрэгжүүлж байгаа. Мөн дэлхийн дөрвөн том аудитын компанийн нэгд тооцогддог “Эрнст энд Янг” компаниар аудит хийлгэж, “Эрдэнэс Монгол” болон охин компаниудын хэмжээнд “олон улсын санхүүгийн тайлагналын стандарт”-ыг нэвтрүүлсэн. Энэ нь олон улсын зах зээлээс хөрөнгө оруулалт татах боломжийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой.

-Сингапурын “Темасек” шиг корпораци болох том амбиц “Эрдэнэс Монгол” өвөртөлж яваа. “Темасек”-ийн бизнес загварын гол онцлог нь юу вэ?

-“Эрдэнэс Монгол” компани Сингапурын “Темасек” компанийн загвараар үйл ажиллагаагаа явуулах зорилт тавин ажиллаж байна. “Темасек” компанийн хууль ёсны эрх ашгийг Сингапур улс Үндсэн хуулиараа хамгаалсан байдаг бөгөөд ийм хууль эрх зүйн дархлааг “Эрдэнэс Монгол” болон түүний бүрэлдэхүүнд багтаж буй компаниудад хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, олон улсын жишигт нийцсэн бие даасан арилжааны горимоор цэвэр бизнесийн зарчмаар үйл ажиллагаагаа тогтвортой явуулах статустай болох шаардлагатай. 


САНАЛ БОЛГОХ