Эх орны хүнс ахиж, импортынх буурна

Хөдөө аж ахуй

Хөндий тал “амилжээ”. Тариаланчид талбайдаа хэдийнэ гарч, хаврын ажилдаа ханцуй шамлаад байна. Төв аймгийн Угтаалцайдам сумын тариаланч Ш.Рэнцэндорж тариан талбайдаа чийг хаалт хийгээд саяхан дуусчээ. Одоо үрээ ариутгах, хөрсөө бэлдэж, хашаа, саравчаа бэхлэх гээд өчнөөн ажил хүлээж буй аж. Залгаад хөрсөө хагалж, үрээ булах ажлууд ч ундарна. Хүрэн тоос манарсан талбайд лав амсхийх чөлөө олдохгүйнэ. Ажил буцалж, автомашины дуу хадах нь.

Энэ онд улсын хэмжээнд үр тариа, тосны ургамлыг нийт 1500-гаад иргэн, аж ахуйн нэгж тарих гэж байгааг салбарын яамнаас мэдээлэв. Харин төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнийг нийт 468 аж ахуйн нэгж, 350 мянган иргэн тарина. Ингээд бодохоор эх газрын шимийг хүртээхэд багаар бодоход 400 мянган хүн оролцох нь. Ийм хүчирхэг арми бидний хүнсийг бэлдэхээр шуурхайлан шамдлаа.

Тэд хагас сая га талбайд тарина. Энэ оны тариалалт хамарч буй талбай, хүлээж буй ургацын хэмжээгээрээ өмнөх жилүүдийнхээс өндөр. Тоон үзүүлэлт, тооцоо судалгааг харьцуулахад ч (инфографик) тодорхой харагдана. Хэрэв бид төлөвлөсөн ургацаа хурааж чадвал хүн амын улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангахаар байна. Харин өмнөх жилүүдэд тал хувийг л хангадаг байсан хүнсний ногооны нийлүүлэлтийг 100 хувь руу ойртуулах юм. Энэ онд 8.5 мянган га талбайд тариалалт хийж, 102 мянган тонн хүнсний ногоо хурааж авахаар төлөвлөсөн. Ингэснээр урд хөршөөс зөөдөг импорт буурч, эх орны эрүүл хөрсөнд ургасан шимт хүнсний хэмжээ тэлэх тооцоотой байна. Үүнээс үзэхэд энэ жилийн сүүлч, ирэх жилийн эхэн хүртэл гурил хийх буудай, хоолны төмсөөр гачигдахгүй байх дүр зураг бууж байгаа юм.

Улаанбуудай, төмсөө 100 хувь дотоодоосоо хангана
Хүн амын талх, гурилын хэрэгцээг хангахад нийт 54 мянган тонн буудайн үр шаардлагатай. Үүний дийлэнх буюу 40 мянган тонныг нь аж ахуйн нэгжүүд намар нөөцөлжээ. Харин Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 4.6, Онцгой байдлын ерөнхий газрын нөөцөнд 5.8 мянган тонн үр бүрдүүлээд байна.

Ер нь салбарын яам ч ихээхэн хүчин чармайлт гаргаж, чамгүй дэмжлэг үзүүлж байгааг тариаланчид хэлж байна. Тухайлбал, тариаланч болон ногоочдод шатахууны дэмжлэг үзүүлж байгаа аж. Мөн үр тариа, тэжээлийн ургамлуудын элит үрийг нийлүүлж, хөдөө аж ахуйн тоног, төхөөрөмжийг импортын татвараас чөлөөлөх санал гаргасан нь ч цагаа олсон, алсыг харсан шийдэл болохыг салбарынхан онцолж байлаа.

Ийнхүү төр, хувийн хэвшил хамтран хаврын тариалалтдаа ханцуй шамлажээ. Харин байгаль, цаг уурын байдал таатай байх уу. Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн мэдээлснээр энэ жил зүүн бүсийн нутгаар зуншлага сайн. Төвийн бүс нутгийн хойд хэсгээр олон жилийн дундажтай адил байх төлөвтэй байна.


Орон даяар хаврын тариалалтыг тавдугаар сарын 20-25 гэхэд эцэслэхээр төлөвлөсөн. Тэгвэл тариалангийн бүс нутгуудад ирэх тавдугаар сард сэрүүвтэр, хур тунадас ихтэй. Харин долоо, наймдугаар сард олон жилийн дунджаас илүү халж, хур тунадас багасах таамгийг албаныхан танилцуулж байна. Гэхдээ энэ нь урьдчилсан мэдээ болохыг тэд сануулж буй.

Үүнээс гадна, Ургамал, газар тариалангийн хүрээлэн олон жилийн дунджыг харгалзан энэ тахиа жилийн өнгийг зураглажээ. Манай орны 1960-2006 оны хооронд тохиосон тахиа, үхэр, бич жилд улаанбуудай тааруу ургасан байна. Мөн 1969-2005 оны хоорондох дөрвөн тахиа жилд ган болж, ургац бага авчээ. Үүний адил энэ зун хур тунадас бага, олон жилийн дунджаас илүү халах төлөвтэйг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна. Тиймээс тариаланчдад сонор сэрэмжтэй, бэлтгэлээ сайтар хангаж, ажлаа базаахыг зөвлөжээ.



ЗГМ:ТОДРУУЛГА
Хур тунадас багатай бол тариалалтаа хойшлуулж болно

Дорнод аймгийн Халхгол сумын тариаланч Б.Наранцацралтаас зарим зүйлийг тодрууллаа.

-Энэ жил тариалангийн бүс нутгуудад цаг уур таагүй байх төлөв байгаа. Та хэрхэхээр төлөвлөж байна вэ?

-Одоогоор тариан талбайдаа чийг хаалт хийлээ. Бас тоног төхөөрөмжөө сэлбэж, бэлэн болгосон. Манайх 4000 га талбайтай. Энэ онд үүний талд нь тариалалт хийхээр төлөвлөсөн. Цаг уурын төлөв сайнгүй байна. Гэсэн ч тариагаа тарина. Тарьсаар ч ирсэн.

-Туршлагатай тариаланчийн хувьд цаг уурын нөхцөл байдалдаа тохируулах арга бий юу?

-Мэдээж, тааруулж болно. Зургаан сард хур тунадас багатай бол таван сард тариагаа тарих шаардлагагүй. Харин хугацааг нь бага зэрэг хойшлуулж болно. Одоо үрээ бэлдэх, хөрсөө боловсруулах ажлууд хүлээгдэж байна. Тариаланч хүн эрт баярлаж эсвэл зун болоогүй байхад гутарч болдоггүй. Бэлгэдлээ бодоод, болоогүй байхад нь муу амлаад байх сонирхол алга. Хураасны дараа санасандаа хүрэх, эсэх нь бидний асуудал. Боломжоороо л зүтгэж байна. Үүний тулд ч өндөр үнэтэй тоног төхөөрөмж авчихсан байгаа.
САНАЛ БОЛГОХ