Импортыг орлож буй цогц үйлдвэрлэл

Авто зах зээл

Монгол инженерүүдийн ур ухаан шингэсэн 54 троллейбус, 20 автобус хүлээлгэж өгсөн

Монголчууд бид дотооддоо үйлдвэрлэсэн тээврийн хэрэгслээр импортыг орлож экспортыг нэмэх эрин цаг ойрхон. Энэ тал дээр чөлөөт зохион бүтээгч, сонирхлоороо машин оролддог хорхойтнуудаас гадна цуваа үйлдвэрлэлд оруулах судалгаа, оролдлого хэр их хийсэн бол. Мянга сонсохоор нэг үз гэгчээр энэ удаа эх орондоо автомашин үйлдвэрлэлийн цоо шинэ салбар үүсгэн хөгжүүлж, нийтийн тээврийн үйлчилгээнд монгол инженерүүдийн ур ухаан шингэсэн 54 троллейбус, 20 автобус хүлээлгэж өгсөн “Экобус” үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж байдлыг тандахаар шийдлээ.

Үүдээр нь ортол 15 посттой цуваа дамжлага шугам, ямаан кран, автобусны хөндлөн шилжүүлэгч, ажлын каск. Жилд 120 автобус угсарч, шаардлагатай үед 2-3 ээлж зохион байгуулдаг тус үйлдвэрийг түшиглэн туслан гүйцэтгэгч жижиг, дунд компаниуд 100-гаад ажлын байр бий болгож байна. Энэ бол улс орны маань үйлдвэржилтийн нэгэн тод жишээ төдийгүй баялаг зохион бүтээгчдийн уурхай, монголчуудын өнөө цагийн хөгжил, цаашдын ирээдүй гэсэн бодол төрнө.
» Жилд 120 автобус угсарч, шаардлагатай үед 2-3 ээлжээр ажилладаг.
» Нэг автобусны ард 120 хүний ажил амьдрал бий.
» Дотоодод үйлдвэрлэсэн тээврийн хэрэгсэл импортыг орлож байна.
Гэтэл нөгөө талаар иргэдийн зүгээс “Дэмжье гэхээр Монголдоо үйлдвэрлэсэн хэрнээ үнэтэй байна”, “Хятад Солонгосоос шууд авсан нь шулуухан юм бишүү” гэх дам яриа сонсогдох болж. Үүнд, аливаа юмыг “Яагаад” гэж асуухын оронд “Яаж” хэмээн үргэлж шийдэл эрэлхийлж байж шат ахина шүү дээ. Нэг автобусны ард 120 хүний ажлын байр, ар гэрийнх нь аж амьдрал, ард иргэдийн оюуны үнэлэмж бий. Автомашин үйлдвэрлэлийг дагаж хөгжих 20-иод жижиг дунд үйлдвэр, авто тээврийн нийт бүтцийн дэмжих бодлого гээд их олон ажлын өртөг шингэснийг бодолцох хэрэгтэй. Тэгээд ч импортоор орж ирдэг Солонгос автобуснууд элдэв үнэртэй, эрүүл мэндэд хортой азотын исэл ялгаруулдаг бол яг одоо ХМК-Офицер чиглэлд явж буй Евро IV стандартын хөдөлгүүртэй, J-800T автобус нь азотын ислийг саармагжуулж хорт утааны хэмжээг 2.3-18 дахин багасгадаг төхөөрөмжтэй. Тэгэхээр манайхан экспорт нь монополчилсон автын зах зээл рүү зориглож ороод эхлэлийг нь тавьсан нь мэдээж авууштай хэрэг. Одоо бид урам хайрлаж үндэсний үйлдвэрлэлээ бодит утгаар нь дэмжих л үлдэж байна.


Үйлдвэрээс гарах бүх бүтээгдэхүүний техник зураг, төсөл, судалгаа, үйлдвэрийн төлөвлөлт, чанарын хяналтыг хийж гүйцэтгэдэг авто угсралтын тархи зүрх нь болсон “Зохион бүтээх технологийн товчоо” гэж бий. Энд үйлдвэрийн бүтээгдэхүүн төрнө. “Экобус”-ын эрэлттэй бүтээгдэхүүнийг танилцуулъя. Хөдөө, малчдад зориулсан чиргүүл, явуулын сууц. Оторлож явахад заавал майхан босгож хураахын оронд портер, жийпээр чирүүлж аваачаад хоёр долоо хоноход манаж байгаа хүн нь зутрахгүй, манайх шиг эрс тэрс уур амьсгалтай газарт тохирсон гал түлэх эко зуухтай, гал тогоо гаазан плитктай. Нэмээд дээр доороо хоёр хүний ортой, орныхоо доор хөнжил гудсаа хийх хэсэгтэй, ширээ сандалтай, зурагтын суурьтай, чийдэнтэй. Микро автобуснууд насжилтаараа нийтийн тээврээс хасагдаж байгаа учраас энэ өдөр хувиараа нийтийн тээвэр эрхлэгчид, бичил эздийн хоршооныхон “Экобус”-ын үйлдвэрт ирж дунд оврын стандартын шаардлагыг хангасан автобус руу шилжих эхний алхмыг хийлээ. Үндэсний валютыг дотоодод үлдээж буй тус компанийн брэнд бүтээгдэхүүнийг та бид хэдийнэ мэддэг болсон. Энэ бол намхан шалтай, хийн нумтай учраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж доошилдог, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хурд хязгаарлагчтай, тавтай тухтай, өвөлдөө дулаахан, цор ганцаараа цантдаггүй цонхтой энэ царцаа ногооны тухайд иргэд ам сайтай, зорчих дуртай, зориуд иртэл нь хүлээж байгаад суудаг гэлтэй.
                                                                                                                                                                    Зарулем


САНАЛ БОЛГОХ