Биелэгдэшгүй төсөөлөл бодит амьдралд

Технологийн цаг

Алексаг хөгжүүлэгчид түүнийг “Хязгааргүй чадвартай” хэмээн тодорхойлжээ

Технологийн хөгжил амьдралын салшгүй хэсэг болсон интернэтийн эринд бид амьдарч байна. Бүхий л салбарт нэвтэрч эхэлсэн технологийн дэвшил хүмүүсийн өдөр тутмын амьдралыг орвонгоор нь эргүүлж буй. Мишээл ажилдаа явахдаа автомашинаасаа интернэтэд холбогдож, ажлын уулзалтуудынхаа завсраар утаснаасаа и-мэйл бичиж, бас бус ажлаа амжуулдаг. Харин орой фитнесст явахдаа орчин үеийн электрон хөгжмийн цоглог хэмнэлийг бугуйн цагнаасаа сонсож, дуудлага болон мессеж ирэхэд тухай бүрт нь шуурхай хариу өгч чаддаг. Гарын бугуйн дахь тэрхүү бяцхан зүүсгэлээрээ дамжуулан интернэтэд ч холбогдох аж. Энэ бол бидний одоо амьдарч буй зүйлсийн интернэтийн эриний хамгийн энгийн дүр зураг. Технологи хүн төрөлхтний өдөр тутмын амьдралыг хөнгөвчилсөн төдийгүй цааш хөгжих тусмаа асар их боломжийг нээсээр байгаагийн нэг илрэл нь зүйлсийн интернэт. Интернэтэд холбогддог төхөөрөмжийг эхлээд компьютер, дараа нь гар утас илэрхийлдэг байсан бол өдгөө энэ тоо хяналтаас гарчээ. Үзэг, цаг, машин, элдэв зүүсгэл технологиуд болон шинээр зохион бүтээсэн “балчир” бүтээгдэхүүнүүд хэрэглэгчийн сонирхлыг татаж, бизнесийн зах зээлийг хэрж байна. Хамгийн гол нь тэдгээр бүтээгдэхүүн сонирхолтойгоос гадна маш олон давуу талыг хэрэглэгчдэдээ хүртээж, хэрэглээг үлэмж хялбарчилдагт учир нь бий. Дэлхий хавтгай болж байна хэмээн ярьдаг шиг бизнесийн орчин ч хавтгайрч эхэлж буйг цэнхэр гарагийн өнцөг булан бүр дэх янз бүрийн нас, мэргэжил, боловсролтой хүмүүсийн бүтээсэн зүйлсийн интернэтийн төхөөрөмж илтгэнэ.


ЗҮЙЛСИЙН ИНТЕРНЭТ АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГ БОЛСООР...

“Зүйлсийн интернэт" гэж нэрлэгддэг төрөл бүрийн төхөөрөмжийг интернэтэд холбох бизнес орлогын гол эх сурвалж болон өөрчлөгдөж эхэллээ” хэмээн Bloomberg TV Mongolia-гийн цахим хуудаст мэдээлжээ. Энэ өгүүлбэр хэр үнэний ортойг дэлхийн технологийн аваргуудын өнөөгийн үйл ажиллагаа бэлхнээ харуулна. Apple Inc компани өнгөрсөн оны есдүгээр сард Apple Watch 2-ийг танилцуулсан нь фитнесс болон хөдөлгөөнийг эрхэмлэгч хүн бүрт дотно туслах нь болох илүү сайжирсан үзүүлэлттэйгээр эргэн иржээ. GPS-тэй болсноор гүйх эсвэл дугуй унахдаа явсан зам болон хурдаа өндөр нарийвчлалтайгаар хэмжих уг зүүсгэл технологи цэвэр ган болон хөнгөн цагаанаас бүтсэн бөгөөд 269-549 ам.долларын үнэтэй. Apple Inc компани эл шинэ төсөлдөө Nike брэндтэй хамтран ажиллажээ. Үүний үр дүнд тэд Apple Watch Nike Plus тусгай хувилбарыг худалдаанд гаргасан билээ. Эндээс томоохон брэндүүд технологийн компаниудтай хамтран ажиллах сонирхолтой байгаа нь харагдана. Тэд ч бас технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхахыг хүсэж буй нь мэдээж.


Apple Watch 2 олон үйлдэлтэй, цогц бүтээгдэхүүн бол фитнесст дурлагчдад тусгайлан зориулсан функцтай зүүсгэл технологиудын нэг Fitbit One- тай төстэй бүтээгдэхүүн олноор төрж байна. Fitbit One-ийн хувьд алхсан зай, шатаасан калори, хэр чанартай нойр авч байгааг тань тооцоолох чадвартай. Уг төхөөрөмжийн тусламжтайгаар дээрх өгөгдлүүдээ ойлгомжтой графикт хувирган өөрийн хичээллэх явцаа хянах боломжтой төдийгүй компьютер болон утаснаасаа sync хийн, мэдээллээ шинэчлэн ашиглаж ч болно. Эдгээр бүтээгдэхүүн бол зүйлсийн интернэтийн зөвхөн нэг л жишээ. Өөр, өөр амьдралын хэв маягт зориулсан, “Ирээдүйд л байх боломжтой” хэмээн боддог байсан төсөөллийн бүтээгдэхүүнүүд бидний амьдралд өдөр тутам аажмаар нэвтэрсээр...


Сүүлийн хэдхэн жилийн дотор гэрийн ухаалаг электрон туслахууд олноороо бий болсон. Amazon компанийн хөгжүүлсэн Amazon Echo чанга яригч нь тэдгээрийн нэг. 23.5 см-ийн урттай, авсаархан, дизайны шийдэл нь ч минимал, цилиндр хэлбэртэй чанга яригчийг асаахад Алекса сэрж, улмаар мэндчилснээр танд туслахад бэлэн болох аж. Алекса бол уг гэрийн туслахын дуу хоолойн нэр бөгөөд нэгэнт асаасан тохиолдолд өрөөний хаанаас ч таныг сонсож, асуусан асуултад тань хэдхэн секундын дотор хариулна. Түүнчлэн цаг агаар тогтмол мэдээлэх, дуу тоглуулах болон хоол захиалахад туслах зэргээр Алексагийн чадах зүйл олон бий. Алексаг хөгжүүлэгчид түүнийг “Хязгааргүй чадвартай” хэмээн тодорхойлжээ. Ямартаа ч тэдний тусламжтайгаар Алекса улам бүр ухаалаг болж буй. Хэрэв та “Her” (2014) киног үзсэн бол уг кинонд гардаг үйл явдал бодит амьдралд биеллээ олсныг харах болно.

Google ч энэ өрсөлдөөнийг тойрсонгүй. Тус компани Google Home хэмээх дээрхтэй ижил төрлийн бүтээгдэхүүн гаргасан нь багагүй амжилт олж, амжилтаараа Amazon Echo-г давсан ч гэж зарим эх сурвалж үзээд байгаа. Үүнээс харахад технологийн аваргуудын дунд хүчтэй өрсөлдөөн хэдийнэ өрнөөд эхэлжээ. Дээр нь жижиг, залуу компаниудын эрчимтэй давалгааг мартаж болохгүй. Технологийн ертөнц хурд, шинэ санаа, хөрөнгө оруулалт, өрсөлдөөнөөр бялхаж байна.

ИНТЕРНЭТ БИДНИЙГ ХЯЗГААРГҮЙ ЕРТӨНЦӨД АВЧИРЛАА

Хоёрдугаар сарын дугаартаа бид Монголын стартапууд дундаас DOBU ухаалаг гэрийн системийг онцлон танилцуулж байсан билээ. Үүнтэй төстэй гэрийн аюулгүй байдлын хяналтын ухаалаг систем сүүлийн үед олширч байна. Тэдгээрээс Францын Netatmo фирмийн аюулгүй байдлын автомат гэрэлтэй камерыг онцлоё. Netatmo Presence нь хүн, машин болон амьтан зэрэг хөдөлж буй биетийг хооронд нь ялгаж таних тохиргоотой. Уг системийг тусгай аппликэйшнээр удирдаж, хянах боломжтой тул хэрэглэгч гэрээсээ хол байгаа тохиолдолд ямар нэг биетийн хөдөлгөөн гэрт нь мэдрэгдвэл утсанд нь сануулга мессеж ирэх аж. Хэрэв гаднын биет нэвтэрсэн үед гэрт харанхуй байвал камерт тод гэрэлтэн харагдах бөгөөд хүн гэдгийг нь ялгамагц аюулгүйн гэрэл асаж, автоматаар бичлэг хийдэг. Хамгаалалтын албаны компанийг хөлслөх зэрэг түвэгтэй алхмаас татгалзаж, зардлаа хэмнэхээс гадна гэрийнхээ бүрэн бүтэн байдлыг өөрийнхөө гарт, тодруулбал халааслаад явах боломжийг эдгээр компани бидэнд олгож байна.

» Netatmo Presence нь хүн, машин болон амьтан зэрэг хөдөлж буй биетийг хооронд нь ялгаж таних тохиргоотой.
» Хэн түрүүлж сэтгэн, алхам хийсэн нь хожлыг гартаа авдаг үед бид амьдарч байна.
» Panasonic компанийн ухаалаг ширээний загвар тэдгээрийн нэг байх магадлалтай. Ердийн ширээний тэгш гадаргуу уг объектын үүргийг тодорхойлдог бол Panasonic- ийн ухаалаг ширээний тавцан и-мэйлээ шалгах, утсаар ярих, видео дуудлага хийх зэрэг өргөн боломжийг хэрэглэгчдэдээ олгох аж.
Зүйлсийн интернэтийн эриний энэ үед хэрэглээнд өргөн нэвтэрсэн технологийн тоонд дрон буюу алсын жолоодлогот нисэх төхөөрөмж яах аргагүй багтана. Олон төрлийн зориулалтаар хэрэглэдэг уг нисдэг биетийг янз бүрийн загвар, үзүүлэлттэйгээр зах зээлд худалдаалдаг. Монголчууд ч аль хэдийнэ ажил, амьдралдаа идэвхтэй ашиглаж эхэлсэн уг төхөөрөмжийг олон компани дэлхийн зах зээлд нийлүүлдгээс DJI Mavic Pro, Yuneec Typhoon H болон 3DR Solo, Parrot Bebop зэрэг 2016 оны шилдэг дронуудыг нэрлэж болно. Тухайлбал, DJI Mavic Pro-г үйлдвэрлэгч DJI технологийн компани хамгийн сүүлийн сайжруулсан хувилбартаа долоон км радиуст, агаараас хүссэн зураглалаа өндөр чанар (4K)-тайгаар буулгах боломжийг хэрэглэгчдэдээ хүргэжээ.

Цоо шинэхэн бүтээгдэхүүн богино хугацаанд олон нийтийн дунд тэсрэлт үүсгэх үзэгдэл олшрох тусам технологийн хөгжил ба нэг бүтээгдэхүүнээс нөгөө бүтээгдэхүүнд дасан зохицох хэрэглэгчийн хурд мөн адил нэмэгдсээр. Хүмүүс хэрэглээг нь хялбарчлах, ирээдүйн чиг хандлагад нийцсэн дизайн ба функцтай, шинэлэг бүтээгдэхүүнийг сонгох хандлагатай байгаа нь технологийн дэвшилтэй хөл нийлүүлэх гэсэн хүсэл зэрэг хэд хэдэн хүчин зүйлтэй холбоотой. “Энэ өөрчлөлтийн үед интернэт биднийг өөрчилсөн шиг бүх зүйл орвонгоороо эргэж, шинэ бизнесүүд бий болж, хуучин зарим нь нурна. Дэндүү аварга биет учраас үүнтэй тэрсэлдээд ямар ч амжилтад хүрэхгүй. Бараг бүхий л бизнесийн салбарт нөлөөлж, үүнийг сөрсөн ямар ч том корпораци мөхөх болов уу” хэмээн Google корпорацийн ахлах инженер Б.Баттулга энэ талаар бичжээ. Интернэт болон технологийн дэвшил бидэнд асар их боломж олгосон шиг тэр хэрээрээ эрсдэл гаргаж, хүч хөдөлмөр зарцуулах ёстойг давхар сануулсаар байгаа билээ. Хэн түрүүлж сэтгэн, алхам хийсэн нь хожлыг гартаа авдаг үед бид амьдарч байна.

ИНТЕРНЭТИЙН АЙСУЙ ДАВАЛГААНД ТА БЭЛЭН ҮҮ

Ирээдүйд нээлтээ хийх бүтээгдэхүүнүүд шинжлэх ухааны зөгнөлт кинонуудыг өөрийн эрхгүй санагдуулна. Тухайлбал, Panasonic компанийн ухаалаг ширээний загвар тэдгээрийн нэг байх магадлалтай. Ердийн ширээний тэгш гадаргуу уг объектын үүргийг тодорхойлдог бол Panasonic-ийн ухаалаг ширээний тавцан и-мэйлээ шалгах, утсаар ярих, видео дуудлага хийх зэрэг өргөн боломжийг хэрэглэгчдэдээ олгох аж. Үүгээр ч зогсохгүй, хоол болон уух зүйл халаах, хөргөх шидтэй. Ид шид технологийн ертөнцийг тэр чигт нь эрхшээж орхисон мэт. Мишээл маш завгүй амьдралын хэв маягтай учраас технологийн шинэ ололтын тусламжтайгаар цаг заваа хэмнэхийг хүсэх болжээ. Зүйлсийн интернэтийн эринд амьдардгийг нь илтгэх олон бүтээгдэхүүн түүний амьдралд хэдийнэ нэвтэрсэн. Гэлээ ч шинэ бүтээгдэхүүний нээлт, түүний хүсэл хоёр нэг цэгт давхцах аж.
САНАЛ БОЛГОХ