Г.ЭРХЭМБАЯР: ТӨР ХУРАХЫН ЭНЭ ГАЛААС АРСЛАН, АВАРГА ЦОЛД ХҮРЧ БАЙЛАА

Наадам айсуй
Өөрийн бэлтгэлийг базаахын хажуугаар энэ хэдэн залуусаа харж баясах юм

Монгол түмний их баяр цэнгэл наадам хаяанд иржээ. Энэ жил Их Монгол Улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95 жилийн түүхт ой тохиож буй учир наадмаар 1024 бөх барилдана. Тиймээс бөх бүр дотроо бодолтой, дороо суурьтай бэлтгэл хийж, наадмаар цолоо ахиулахыг хичээж байгаа нь дамжиггүй. Наадамд барилдах хүчит 1024 бөхийн төлөөлөл болгож бид улсын отгон аварга Гунаажавын Эрхэмбаяртай уулзаж ярилцлаа. Аварга Төр хурахын аманд “Аврагч” спорт хороо болон Сэлэнгэ нутгийнхаа зарим залуустай наадмын бэлтгэлээ базааж байна.

- Шинийн 15-ны билэгт сайн өдөр галынхаа бэлтгэлийг албан ёсоор эхлүүлж байгаа юм байна. Монгол үндэсний бөхийн гал гэдэг ямар утга учиртай зүйл юм бол?

- Монголчуудын эрт дээр үеэс уламжилж ирсэн ёс заншлыг манай бөхчүүд тодорхой хэмжээгээр авч яваа. Бөхчүүд наадмын галд гарна гэдэг зөвхөн бэлтгэл хийж, барилдаад байна гэсэн үг биш. Харин ахмад цолтнууд залуустаа үлгэр дуурайл үзүүлж, үндэсний өв уламжлалыг тэдэндээ үлдээх нэгэн төрлийн бэлтгэл юм. Ахмад үеэ хүндэлж, хүн хүнээ хайрлах ёс гэдэг юунаас ч илүү эрхэм зүйл.

- Өмнө нь та зөвхөн өөрийнхөө бэлтгэлийг хариуцаад явдаг байсан. Харин одоо цол ахихын хэрээр хариуцлага нэмэгдэж, нутгийн залуусаа удирдан чиглүүлэх үүрэг хүлээж байна...

- Би залуу бөх байхдаа Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын харьяат улсын харцага Г.Элбэг багшийнхаа удирдлага дор наадмын бэлтгэлд олон жил гарсан. Сүүлийн жилүүдэд Сэлэнгэ аймгийнхаа толгой бөх болж, залгамж халаа болсон залуу бөхчүүдээ удирдан залж, энэ хэдийгээ сайн бөх болгох юмсан гэсэн хүсэл эрмэлзэлтэй явна. Мөн ОБЕГ-ын “Аврагч” спорт хорооны даргаар хоёр дахь жилдээ ажиллаж байна. Тиймээс спорт хорооныхоо бөхчүүдийг амжилттай сайн барилдуулахыг хичээн наадмын бэлтгэлд хамт гарч байна даа.

- Төр хурахын амралт сайхан газар юм. Энд хэзээнээс галд гарч байна вэ. Яагаад эндхийг сонгов?

- Төр хурахын энэ газрыг их сүсэглэж, хүндэлж явдаг юм. Яагаад гэвэл 2011 онд “Сүлд” спорт хороонд байхдаа энд наадмын бэлтгэлээ базааж, арслан цол авч байлаа. Дараа жил нь шөвгийн дөрөвт үлдэж, 2013 онд Монгол Улсын аварга гэдэг эрхэм хүндтэй цол хүртсэн. Олон ч сайхан том цолтой бөх энэ амнаас төрсөн, их ээлтэй газар л даа. Өнгөрсөн жил л гэхэд Э.Оюунболд арслан энд бэлтгэл хийгээд улсын наадамд түрүүлсэн.

- Галын бэлтгэл дөнгөж эхэлж байна. Наадам эхлэх 20 гаруй хоногийн хугацаанд ямар шат дараалалтай бэлтгэл хийх вэ?

- Бөхчүүд зөвхөн наадмын өмнө бэлтгэл хийдэг юм биш шүү дээ. Жилийн дөрвөн улирлын турш бэлтгэл хийдэг болсон. Харин наадмын бэлтгэл бол сэргэлтийн бэлтгэл гэж ойлгож болно. Энэ үеэр наадамд барилдах уяагаа тааруулна. Мэдээж өндөр эрчимтэй бэлтгэл хийлгүй яахав. Гэхдээ намар, өвлийн бэлтгэлийн ачаалалтай харьцуулахад бага.

- Танай нутгаас цол авчихаар залуу бөхчүүд хэр гарч ирж байна вэ?

- Манай Сэлэнгэ аймаг үеийн үед сайхан бөхчүүдтэй байсан. Гэхдээ нэг хэсэг тасарсан тал бий. Харин сүүлийн үед Сэлэнгэ аймагт ажиллаж, амьдарч, энэ нутгаар овоглож явдаг, энэ нутагт элэгтэй төрийн түшээд, бизнесмэнүүд бөхчүүдийнхээ төлөө маш их сэтгэл гаргасан. Үүний үндсэн дээр манай аймгаас олон сайхан том цолтой бөх төрлөө. Ах нарыгаа дагаад залуучууд ч бөхийн спортоор эрчимтэй хичээллэж байна. Ирээдүйд бөхийн өлгий болсон Архангай, Увс, Өвөрхангай, Булган зэрэг олон сайхан аймгийн хэмжээнд хүрчих байх гэж найддаг юм.

- Наадам дөхөөд ирэхээр монгол хүн бүр сэтгэл гэгэлзэн хүлээдэг. Харин зүлэг ногоон дэвжээнд хүч үздэг бөхчүүд бүр ч илүү догдолдог байх даа?

- Миний хувьд наадамдаа л амжилттай барилдаж, цолоо ахиулах гэж олон жил зүтгэлээ. Өмнө нь зөвхөн өөртөө анхаарч, тэрэнтэй ингэж барилдана гэсэн тактикаа боловсруулдаг байсан. Харин одоо өөрөөсөө гадна хэдэн залуучууддаа санаа зовж, бас бухимддаг болдог юм байна. Энэ хэд маань сайн барилдчихаасай, хүссэн цолоо авчихаасай, оноолтоор хэнтэй таарах бол гээд санаа зовох зүйл олон болоод ирэх юм. Ер нь бөхчүүдийн эцсийн зорилго улсын цол шүү дээ. Бөхчүүд бол энэ зорилгодоо хүрэхийн тулд хамаг юмаа золиосолж, бэлтгэл сургуулилтаа хийж байгаа л хүмүүс.

Бөхчүүд наадмын галд гарна гэдэг зөвхөн бэлтгэл хийж, барилдаад байна гэсэн үг биш
- Энэ жилийн наадмаар 1024 бөх барилдана. Тэгэхээр урьд жилүүдийнхээс арай өөр наадам болох байх. Наадмыг ямраар төсөөлж байна вэ?

- Сүүлийн үед монгол бөхийн өрсөлдөөн огт өөр түвшинд хүрсэн. Олон сайхан залуус бөхөөр хичээллэж, цол авах ээлжээ хүлээж байна. 1990-ээд оны сүүлч, 2000 оны эхээр зургаан залуу заан нэгэн үед өрсөлдөж, бөхийн ертөнцийг чимж байлаа шүү дээ. Үүнтэй адилхан одоо нэгэн үеийн сайхан залуучууд арслан, гарьд, заан цолд хүрч, хоорондоо тэмцэлдэж байна. 1024 бөх барилдах нь бөхчүүдэд цолоо ахиулахад арай хялбар болгодгоороо давуу талтай. Мэдээж олон цолтон төрөх байх.

- Таны хувийн бэлтгэл ямар байна вэ?

-Урьд нь хийж заншсан ёсоороо бэлтгэлээ хангаад, наадмынхаа торгон ногоон дэвжээнд цолоо дуудуулж, Сэлэнгийнхээ ард түмнийг баярлуулах юмсан гэж бодож байна. Нутгийн залгамж халаа болсон залуус сайхан барилдаж байна. Өөрийн бэлтгэлийг базаахын хажуугаар энэ хэдийгээ харж баясах юм даа.

- Отгон арслан ирж, хамт бэлтгэл хийлээ. Арслангийн бяр хүч их байна уу?

- Одоо энэ хэд маань ид мундаг байгаа шүү дээ. Төрийн наадмын түрүүг тодорхойлж байгаа бөхчүүдийн нэг. Би арслан дүүг их хүндэлж явдаг. Э.Оюунболд арсланг дээрээс нь залж, чиглүүлэх хүн нь Б.Бат- Эрдэнэ аварга гэж мундаг хүн байна. Бид бүхний хайрлаж, хүндэлж явдаг сайхан аварга хүн. Зөв бодолтой энэ сайхан залууд төрийн наадмын олон түрүү байгаа гэж боддог юм.

- Та XXI зуунд төрсөн 21 дэх аварга. Араас тань залгаж, 22 дахь аварга болох хүн таны бодлоор хэн бэ?

- Энэ дотор олон хүний нэр дурдах шаардлагатай болно. Би заавал тэр, энэ гэж хэлээд яахав. Бөх сонирхдог бүх л хүн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа даа.

- Наадам хүртэлх багахан хугацаанд бөхчүүд биеэ хэрхэн авч явах ёстой вэ?

- Ер нь манай бөхчүүд зөвхөн наадам гэлтгүй, бусад үед ч биеэ сайхан авч явж, олон түмнийхээ хайр хүндэтгэлийг дааж, энэ сайхан монгол ёс заншлаа хойч үедээ үлдээх тал дээр анхаарах ёстой юм болов уу гэж боддог. Бидний дээд үеийн ахмад бөхчүүд ч үүнийг захиж, хэлдэг байлаа. Тэр захиасыг л дүү нартаа хэлж, сургахыг хичээдэг дээ.






САНАЛ БОЛГОХ