21068
Ж.Оюунчимэг: Цусны бүлгээс хамаараад хавдрын эрсдэл ихэсдэг
Эрүүл мэнд
Хорт зуршилтай хүний өвчлөх эрсдэл 74 хувиар нэмэгддэг
Ходоодны хорт хавдрын 904 шинэ тохиолдол өнгөрсөн жил Монголд бүртгэгдсэн. Үүнээс 603 нь эрэгтэй, 301 нь эмэгтэйчүүдэд тохиолджээ. Ходоодны хорт хавдрыг оношилж буй үе шатаар нь авч үзвэл маш бага буюу нэг хувьд хүрэхгүй тохиолдол илэрч байна. Харин III, IV шат буюу хүндэрсэн үедээ 85.7, хожуу үедээ дөрвөн хувь нь илэрч байна. Хожуу шатандаа оношлуулбал эдгэрэхгүй. Мөн архи, тамхи хэрэглэдэг бол хорт хавдраар өвчлөх эрсдэл 74 хувиар нэмэгдэнэ гэсэн эрдэмтдийн судалгаа бий. Цусны бүлгээс хамаараад энэ өвчнөөр өвчлөх магадлал ихэсдэг. Мөн ходоодны хатингаршилт өвчнөөр өвдөж байсан хүмүүс хорт хавдраар өвчлөх магадлал их байдаг тухай ХСҮТ-ийн дурангийн эмч Ж.Оюунчимэг ярилаа. Ингээд ходоодны хорт хавдрыг эрт илрүүлэхэд дурангийн эмчилгээний ач холбогдлын талаар түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Ходоодны хорт хавдрыг эмчлэхэд дурангийн шинжилгээ ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?
-Хавдрыг эрт үед нь оношлуулж, эмчлэхийн тулд заавал дурангийн шинжилгээ хийлгэх шаардлагатай. Ингэснээрээ дан ганц хавдар биш хортой, хоргүй өвчин, сорви шарх, үрэвсэл үүсэхээс сэргийлнэ. Мөн хеЖ. Оюунчимэг: Цусны бүлгээс хамаараад хавдрын эрсдэл ихэсдэг ликобактери тодорхойлуулах боломжтой. Тодруулбал, хелико бактерийн суурин дээр ходоодны хорт хавдар үүсдэг учраас энэ халдварыг төгс эмчлүүлэх хэрэгтэй.
-Дурангийн шинжилгээнд хэдэн настай хүн хамрагдах ёстой байдаг вэ?
-Шинжилгээнд хамрагдахад нас заадаггүй. Шаардлагатай бол бага насны болон нярай хүүхдэд ч үзлэг хийдэг. Насанд хүрсэн хүн жилд нэг удаа зайлшгүй хамрагдах ёстой.
-Энэ шинжилгээгээр улаан хоолойн хорт хавдрыг ч илрүүлэх боломжтой гэж байсан. Хавдрын оношийг хэрхэн тогтоох вэ?
-Улаан хоолой, нарийн гэдэс, ходоод дурандахыг хоол боловсруулах дээд замын дуран гэж нэрлэдэг. Ходоодыг дурандахын тулд заавал улаан хоолойгоор дамждаг учраас улаан хоолойн хорт хавдар эрт үедээ илрэх боломжтой. Нэг удаа дурандаад эдгээр эрхтнүүдийн салст ямар байгааг тодорхойлно. Хэрвээ эмч сэжигтэй гэж үзвэл заавал эд эсийн шинжилгээ авна. Ингээд тус шинжилгээгээр сэжигтэй хэсэг нь шарх уу, аль эсвэл хортой болон хоргүй хавдар уу гэдгийг тогтоож батална. Ингэснээр дурангийн шинжилгээ гүйцэд хийгдлээ гэсэн үг. Энэ нь оношилгооны 98 хувийн өндөр чадамжтай шинжилгээний арга гэсэн үг.
-Дурангийн шинжилгээнээс хүмүүс их эмээдэг. Үүнээсээ болоод шинжилгээнд хамрагдахаас цааргалдаг?
-Тэгэлгүй яах вэ. Дурангийн шинжилгээ хийлгэхдээ сэтгэл зүйгээ бэлдэж, тайван байх ёстой. Хүмүүс өвдсөн хойноо шинжилгээ, оношилгоонд хамрагддаг буруу зуршилтай. Уг нь дурангийн шинжилгээг зовиургүй байх үедээ хийлгэх ёстой. Цанхайх, аюулхай орчим өвдөх, амнаас эвгүй үнэр гарах, хэхрүүлэх, зогисуулах, цус гарах, шалтгаангүй турах, ядрах зэрэг зовиур илэрвэл заавал дурангийн эмчид хандах шаардлагатай.
-Олон удаа дурандуулах ходоодонд муу гэсэн ойлголт байдаг. Энэ үнэн үү?
-Энэ бол буруу ойлголт. Дурангийн багаж нь олон улсын стандартын дагуу 0.8 мм буюу нэг см хүрэхгүй диаметр бүхий гуурс байдаг. Гэтэл бидний өдөр тутам хэрэглэдэг хоол хүнс үүнээс хэд дахин том. Эдгээр хоол хүнсийг яарч, сандарсан үедээ бүхлээр нь залгих тохиолдол их бий. Тиймээс өрөөсгөл ойлголтоосоо салах хэрэгтэй.
-Дуранг унтуулгатай болон мэдээ алдуулж хийдэг гэж сонссон. Энэ нь ямар ялгаатай вэ?
-Унтуулгатай дуран ирэх жилээс илүү хөгжиж эхэлнэ. Одоо бол шаардлагатай үед л хийдэг. Ийм дурангийн шинжилгээ хийснээр ямар нэгэн таагүй зүйл үүсэхгүй, айх мэдрэмж төрөхгүй. Энэ нь эмчид болон үзүүлж буй хүнд ч амар. Дурандуулах өдрөө жолоо барих, ажил эрхлэхгүй байхыг хүмүүс анхаарах хэрэгтэй. Харин унтуулагагүй дуранг мэдээ алдуулах эмийн харшилтай болон сэтгэл зүйн бэлтгэлтэй хүн хийлгэдэг. Энэ хоёрын ялгаа нь гэвэл унтуулгатай дурангийн шинжилгээ нь хувь хүн болон үзэж буй эмчид их амар байдаг. -Унтуулгатай дуранг ямар хүнд хийх хориотой байдаг вэ? -Өмнө нь хэд хэдэн удаа унтуулгатай ажилбарт орсон, суурь өвчтэй, хэт илүүдэл жинтэй, сахарын өвчтэй болон зүрх судасны талаас хүндрэлтэй хүмүүст унтуулгатай дурангийн шинжилгээ хийдэггүй. Мөн бие организмаасаа шалтгаалаад унтуулгыг даахааргүй хүнд хийхгүй.
-Дурангийн шинжилгээ хийж байхад онош нь тодорхой харагдахгүй байх, эсвэл илүү тод харагдах явдал гардаг уу?
-Унтуулгыг орлуулах булчин сулруулах, огилтын эсрэг тариа хийлгээд дурандуулж болдог. Унтуулгатай дурангийн шинжилгээ хийх нь эмчид хялбар байдаг юм. Үзүүлж буй хүн тайван, хөдөлгөөн багатай учраас богино хугацаанд илүү сайн харах боломжтой. Харин энгийн дуранд хугацаа их шаарддаг. Түүнээс биш энэ нь илүү сайн тодорхойлдог, тэр нь муу гэсэн ялгаа байхгүй.
-Амны хөндийн байдлаас шалтгаалан өвчлөлийг тодорхойлж болдог гэж байсан. Хэрхэн тодорхойлдог юм бол?
-Энэ бол эмчийн туршлагатай холбоотой. Дуран нь өөрөө амны хөндийгөөр дамжин улаан хойлоогоор ордог. Ингэхдээ л амны хөндийг ажиглаж мэднэ. Жишээлбэл, хэл их өнгөртэй байвал хоол боловсруулах замын өвчлөлтэй гэж үздэг. Мөн цөс, нойр булчирхайн өөрчлөлтүүд ч байж болзошгүй учраас дурангийн шинжилгээнээс гадна таван цул эрхтнээ ЭХО-д харуулах шаардлагатай.
-Оношилгооноос гадна эмчилгээний зориулалтаар дуранг ашигладаг гэл үү?
-Оношилгооны дуранг хийлгэсний дараа эмч оношоо гүйцэд тавиад, эд эсийн шинжилгээгээр баталсны дараа тухайн хоргүй хавдрыг тайрч, дурангийн ажилбараар авна. Ингэж хоргүй хавдрыг тайрч, хортой болох эрсдэлээс сэргийлдэг юм. Мөн цус алдаж байгаа үед дурангаар тухайн хэсэгт оёдол тавих, боох, хортой болон хоргүй хавдрыг авах зэрэг олон төрлийн эмчилгээ хийдэг. Хавдрыг эрт үед нь илрүүлж чадвал ийм эмчилгээ хийлгээд эдгэрэх боломжтой. Өөрөөр хэлбэл, ходоодны хорт хавдар илэрсэн хэсгийн салстыг дурангийн аргаар хуулж авдаг. Ингэснээрээ ходоод бүтнээрээ үлдэнэ. Хэсэг хугацааны дараа буюу хоёроос гурван сарын дараа тухайн хуулсан салст нөхөн төлждөг.
-Цусаар дамжсан хорт хавдрын эсийг ямар аргаар эмчлэх вэ?
-Хожуу шатандаа орсон хорт хавдар тухайн ходоодны аль нэг хэсгийг болон бүхэлд нь хамарсан байж болно. Тэгэхээр хавдрын голомтыг мэс заслын аргаар тайрч авахаас өөр аргагүй. Өөр эрхтэнд үсэрхийлэхээргүйгээр тайрна гэсэн үг. Ингээд мэс ажилбараар тайрсны дараа ямар эс гарснаас хамаараад химийн эмчилгээнд зайлшгүй ордог. Учир нь хавдрын голомт байсан хэсгийн цусанд эс үлддэг. Энэ эс өвчтөний биеийн эсэргүүцэл сулрах, дархлаа унах үед дахин үсэрхийлж хавдар үүсгэдэг. Үсэрхийлсэн хавдрыг химийн туяагаар эмчлэхээс аргагүй.
-Мэс ажилбарын дараа хоолны дэглэм барих шаардлагатай юу?
-Тийм. Мэс ажилбарын байдлаас шалтгаалан долоо, 14 болон түүнээс дээш хугацаагаар хоолны дэглэм барих шаардлагатай. Ер нь эрүүл хоол, хүнс хэрэглэдэг, зөв хооллодог хүн хорт хавдраас урьдчилан сэргийлж байна гэсэн үг. Тиймээс мэс ажилбарт орсны дараа, эсвэл ямар нэг эмчилгээ хийлгээд бие нь сайжрахаар эмчилгээгээ таслах, эмээ уухгүй байх зэргээр дэглэм алддаг. Энэ нь дахиад хорт хавдартай болох эрсдэлийг нэмэгдүүлнэ.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй