Чанаргүй зээлээ цэгцлэх цаг

Нийтлэл

Актив удирдлагын тогтолцоог бүрдүүлж байж эдийн засаг сэргэнэ

Хүлээгдэж байсан мега төслүүд урагшилсан бол эдийн засгийн нөхцөл байдал одоогийнх шиг доройтохгүй байлаа. Төлөвлөж, бас төсөөлж байсан бизнесийн ашиг, орлого ч хумигдахгүй байсан биз. Харамсалтай нь хөрөнгө оруулалтын орчны тогтворгүй бодлого, улс төрийн тодорхой бус байдлаас болж эдийн засаг улаан гэрэл асаасаар өдийг хүргэв. Хөрөнгө оруулагчдын хандлага өнгөрсөн хугацаанд эргэж, уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалт огцом агшжээ. Ийм дүр зураг хоёр оны турш дамнан үргэлжилсээр 2017 оны эхний улиралтай золгов.

Эргээд харахад, хөрөнгө оруулагчдын зарим нь эхлүүлсэн төслөө түр зогсоож, үйл ажиллагааны зардлаа танаж, хэмнэлтийн горимд шилжжээ. Ялангуяа уул уурхай, барилга, үл хөдлөх хөрөнгийн салбар дахь мөнгөний эргэлт удааширч, хар өдөр эхэлсэн гэж хэлж болохоор. Тэд зардлаа бууруулж, ажилтнаа цомхотгох, үйл ажиллагаагаа зогсоох дээрээ тулцгаасан байна. Эцсийн мөчид амиа аврах гэсэн сигнаал хадааж, банкны зээлээ төлж чадахгүй болтлоо хямралд нэрвэгджээ.


Хөрөнгийн зах зээлээ дорвитойхон хөгжүүлж чадаагүй манай улсын санхүүгийн зах зээлийг банкны салбар тодорхойлж буй. Банкуудын статистик мэдээг авч үзвэл зээл олголтын өсөлт саарч, эсрэгээрээ чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдсээр байна. Эдийн засгийн бүтцээс хамааран банкны системийн нийт зээлийн 58.2 хувь уул уурхай, барилга, үл хөдлөх хөрөнгө, боловсруулах үйлдвэрлэл, худалдаа гэсэн таван салбарт олгогджээ. Эдгээр салбар нь эдийн засгийн хүндрэлийг хамгийн түрүүнд мэдэрч тэвдэх болсон.

Улс орны эдийн засгийн хөгжлийг тэтгэх байсан мега төслүүд саатсан нь банкны салбарын нийт зээлийн 58.2 хувийг эзэлж байгаа дээрх таван салбарт үндсэндээ алдагдал авчирсан юм. Ингэснээр чанаргүй зээлийн хэт өсөлт нь эдийн засгийн хүндрэлээс санхүүгийн хямрал руу түлхэж байна. Эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах боломжтой бол санхүүгийн хямралд илүү их цаг хугацаа, хөрөнгө, хүч зарцуулж байж дэлхийн улс орнууд давж гарцгаасан байдаг. Тиймээс чанаргүй зээлээ бага дээр нь эмчилж, улмаар санхүүгийн салбарын хямралын ирмэгээс хойшоо ухрах шаардлагатай болж байна.

Зээлийн эрсдэл нэмэгдсэн нь мөнгөний эргэлтийг улам царцаасаар. Банкууд зээл олголтоо хумьж, Монголбанкны үнэт цаасанд мөнгөө байршуулах болсон. Тэдний хувьд энэ нь эрсдэлгүй сонголт юм. Төв банкны нэг долоо хоногтой үнэт цаасны үлдэгдэл 1.4 их наяд төгрөгийг даваад байна. Гэтэл мөнгөний хомсдолд орсон компани, аж ахуйн нэгжийн тоо үржсээр.

Банкууд зээл олголтоо хязгаарлаж эхэлбэл бизнесийн байгууллагын үйл ажиллагаа доголдоно. Бизнесийн байгууллагаар зогсохгүй өрхийн төсөвт хүндрэл үүснэ. Банкны зээлээр үйлдвэрийн үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр зэхэж байсан компани, аж ахуйн нэгжийн хувьд хөрөнгө оруулалт улам үнэтэй болж эхэлнэ. Тиймээс санхүүгийн зах зээлээ чанаргүй зээлээс чөлөөлж байж эдийн засагт эрүүл өсөлт гарна. Эдийн засгийн өнөөгийн байдал уул уурхайн түүхий эдийн үнийн огцом өсөлтөөр зугуухан сайжирсан ч чанаргүй зээлээ цэвэрлэж чадаагүй нөхцөлд өсөлт бидэнд наалдах боломж туйлын хомс.


Эдийн засгийн олон хүчин зүйлээс болж банкнаас авсан зээлээ хугацаанд нь төлж чадахгүй, улмаар чанаргүй зээлдэгчийн тоонд орцгоосон нь өнөөдөр хаалгаа барихад хүргээд байна. Чанаргүй зээлийг шийдвэрлэх гарц нь Актив удирдлагын компани. Манай улсын хувьд чанаргүй зээлийг шийдвэрлэх эрх зүйн зохицуулалт өнөөг хүртэл дутмаг байж ирсэн. Энэ нь эдийн засгийн өсөлт саарсан үед тод илэрч, чанаргүй зээлийн үзүүлэлт сүүлийн нэг жилийн хугацаанд хурдацтай тэлж байна. Тиймээс Монголбанк чанаргүй зээлийн эсрэг Активын удирдлагын тогтолцооны хуулийн төслийг боловсруулсан.

Санхүүгийн зах зээлийг банкны салбар тодорхойлж буй
Төв банкны Хяналт, шалгалтын газрын захирал Н.Батсайхан “Чанаргүй зээл нь эдийн засгийн хөрөнгийн урсгалыг зогсонги байдалд оруулж, нийт эдийн засагт болон банкны салбарт хүндрэл үүсгэдэг” хэмээн тайлбарласан юм. Активын удирдлагын тогтолцоог дэлхийн улс орнууд түгээмэл нэвтрүүлсэн байдаг.

Активын удирдлагын компанийг байгуулсан орны тоонд АНУ, Швед, Индонези, Филиппин, Мексик, Малайз, Турк, Испани зэрэг улс зүй ёсоор багтдаг. Эдгээр орон дээрх тогтолцоог бий болгож, банк, санхүүгийн салбарт төдийгүй эдийн засагт тулгарсан хүндрэлийг даван туулж ирсэн байна. Банкууд дахь активын чанар алдагдуулахгүй байх, чанаргүй зээлийн эргэн төлөлтийг сайжруулахад Активын удирдлагын компани гол үүрэг гүйцэтгэх юм. Манай улсын хувьд банкны салбартаа түшиглэж, санхүүгийн зах зээлийнхээ хүчинд найдаж яваа. Банкны салбарт хүндрэл үүсвэл санхүүгийн зах зээл нурна гэсэн үг. Банкуудын олгосон зээл чанаргүй болох тусам эдийн засаг мөнгөний хомсдолд ордог. Ингэснээр хөдөлмөрийн зах зээл агшиж, улмаар худалдаа, үйлчилгээний салбар хамгийн эхэнд хохирол амсаж, хүндрэл нь гүнзгийрдэг.

Банкуудын хувьд зээл олгох нь эрс багасаж, төв банкны үнэт цаас болон Засгийн газрын үнэт цаас авах нь олширдог. Ингээд зогсохгүй эдийн засагт “цус” нь болдог мөнгөний эргэлт удааширч, зээлээр дамжиж гарах нь татардаг. Энэ нь өрхийн төсөвт цалин, орлогоор дамжиж шууд нөлөөлж байгаа билээ. Тэгэхээр чанаргүй зээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатай болж байгаа юм.
САНАЛ БОЛГОХ