Тэрбумтнууд нэг өдөрт 35 тэрбум ам.долларын хөрөнгөө алдлаа

Мөнгө ба бизнес

“Bloomberg Billionaire Index”-ийн мэдээлснээр АНУ-ын дотоод улс төрийн орчинд үүсээд буй нөхцөл байдал олон улсын үнэт цаасны зах зээлд нөлөөлснөөр дэлхийн чинээлэг эрхмүүд лхагва гарагт нийт 35 тэрбум ам.долларын хөрөнгөө алдсан байна. Тухайлбал, “Microsoft” корпорацийн хувьцааны ханш 2.8 хувиар буурсны улмаас 86.8 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөр жагсаалтын нэгдүгээрт бичигддэг дэлхийн тэргүүн баян Билл Гэйтсийн хөрөнгө нэг тэрбум ам.доллараар буурчээ. Энэ нь “Microsoft”-ийн хувьцааны ханш жилийн хугацаанд хамгийн их хэмжээгээр буурсан тохиолдол болсон байна.

Харин “Amazon.com”-ийг үүсгэн байгуулагч Жефф Безос хөрөнгөө дөрвөн тэрбум ам.доллараар өсгөснөөр энэ долоо хоногийн эхэнд Билл Гэйтсийг гүйцээд байсан юм. Хэдий тийм боловч “Amazon.com”-ийн хувьцааны ханш 2.2 хувиар буурснаар түүний хөрөнгө 1.7 тэрбум ам.доллараар буурч, жагсаалтын гуравдугаарт бичигдэж эхэлжээ.Түүнчлэн Испанийн тэрбумтан Амансио Ортега 355 сая ам.долларын хөрөнгө алдсанаар хоёрдугаарт бичигдэж байна. Түүний хөрөнгө 83.2 тэрбум ам.доллараар хэмжигдэж байгаа юм.

Дональд Трампын ОХУ-тай харилцах харилцаа, Холбооны Мөрдөх товчооны дарга Жеймс Комиг ажлаас нь чөлөөлсөн зэрэг Цагаан ордныг тойрсон улс төрийн асуудлуудын улмаас олон улсын хувьцааны индексүүд буурч, дэлхийн тэргүүн баячууд нэг өдрийн дотор 35 тэрбум ам.долларын хөрөнгөө алдахад нөлөөлжээ. Улмаар АНУ-ын хувьцааны индексүүд өнгөрсөн есдүгээр сараас хойш хамгийн их хэмжээгээр буураад байна.




САНАЛ БОЛГОХ