“Alibaba”-ийн орлого 60 хувиар өсөв

Мөнгө ба бизнес

“Alibaba”-ийн орлого гуравдугаар сараар эцэслэсэн улирлын дүнгээр өмнөх оны мөн үеэс 60 хүртэл хувиар өссөн байна. Үүнд тус компанийн бизнесийн цар хүрээ улам өссөн нь нөлөөлжээ. Дэлхийн хамгийн том цахим худалдааны компаниудын нэг "Alibaba" компани 2017 оны эхний гурван сард нийт 5.6 тэрбум ам.долларын орлого олсон байна. Энэ нь шинжээчдийн таамгаас давсан дүн болжээ. Хэдий тийм боловч ашгийн үзүүлэлт хөрөнгө оруулагчдын хүлээлтэд хүрсэнгүй. Учир нь татварын зардал өссөн, энтертэйнмент, клауд зэрэг бусад бизнесүүдээ өргөжүүлэх хүрээнд зарцуулалтаа нэмэгдүүлсэн нь үүний гол шалтгаан болжээ. Үүнтэй холбогдуулж тус компанийн хувьцааны ханш гурван хувиар буурсан байна. Сүүлийн нэг жилд ийм өндөр хувиар буурсан тохиолдол гарч байгаагүй ажээ.

“Alibaba”-ийн клауд үйлчилгээнээс олох орлого өнгөрсөн улиралд өмнөх оны мөн үеэс хоёр дахин өсөж, 314 сая ам.долларт хүрсэн байна. Түүнчлэн дижитал медиа, энтертэйнмент бизнесийн орлого нь жилийн дүнгээр 234 хувиар өсөж, 571 сая ам.доллар болжээ. БНХАУ-ын эрх баригчид санхүүгийн зохицуулалтаа чангатгаж байгаа нь тус улсын жижиглэн худалдаа, аж үйлдвэрийн гарцад сөргөөр нөлөөлж байгаа аж.

Үүний зэрэгцээ "Alibaba" компани олон улсад буюу Зүүн Өмнөд Азийн зах зээлд байр сууриа нэмэгдүүлэхийг эрмэлзэж буйг шинжээчид онцолж байна. Тус компани өнгөрсөн онд гэхэд Сингапурын цахим худалдааны "Lazada" компанийг худалдаж авчээ. Үүний дүнд "Alibaba"-ийн олон улсаас олох нийт ашиг өмнөх улиралд жилийн дүнгээр 98 хүртэл хувиар өсөж, 1.5 тэрбум ам.долларт хүрч байсан байна. Энэхүү үзүүлэлт энэ оны эхний гурван сард 40 хүртэл хувиар буурчээ. Харин дээрх компанийн аж ахуй нэгжийн орлогын албан татварын зардал 149 хувиар өсөж, 667 сая ам.долларт хүрсэн гэдгийг шинжээчид онцолжээ.




САНАЛ БОЛГОХ