Малын гоц халдварт өвчин таван аймагт илэрчээ

Эрүүл мэнд

Улсын хэмжээнд таван аймагт малын гоц халдварт галзуу өвчин гарсан талаар Онцгой Байдлын Ерөнхий газраас мэдээллээ. Түүнчлэн Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Түнэл суманд малын боом өвчин гарсан байна. Малын боом өвчний тархалт зуны улиралд идэвхжих хандлагатай байдаг. Харин өнгөрсөн хавар хурдацтай газар аваад байсан хонь, ямааны цэцэг өвчний тархалт буураад байна. Засгийн газраас тавьсан хүсэлтийн дагуу НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас санхүүжилтээр "Хонины цэцэг өвчнийг хяналтад авахад шуурхай туслалцаа үзүүлэх" төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа аж. Энэ хүрээнд малын эмч нарыг сургалтад хамруулах, цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, цэцэг өвчний вакцины чанарыг шинжлэх зэрэг ажлыг хийхээр төлөвлөсөн талаар Мал эмнэлгийн газраас мэдээллээ. Улсын Бүртгэл, Статистикийн Ерөнхий газрын мэдээллээс харвал энэ оны эхний таван сарын байдлаар мал амьтны халдварт галзуу өвчин 53 удаа, хонины цэцэг өвчин 51 удаа бүртгэгдсэн байна. Мөн улсын хэмжээнд нийт 27.9 мянган мал өвчнөөр хорогдсон нь 2015 оны мөн үеэс 10.8 мянга буюу 63.2 хувиар өсчээ. Аймгаар нь харвал хамгийн их нь Увс аймагт 9200, Төв аймагт 4200, Архангай аймагт 3000 мал өвчнөөр хорогдсон байна.


САНАЛ БОЛГОХ