Чингисийн сүй тавьсан газрыг мөнхөлнө

Өв соёл

Чингисийн анхны аян дайн цэргийн зорилготой байгаагүй

Түүхэн эх сурвалж болох Монголын нууц товчоонд дурдагдсан газар, усны нэрсийг 40 гаруй жил судалж буй профессор О.Сүхбаатартай ярилцлаа. Чингис хаан, Их Монгол Улсын түүхэн чухал үйл явдлыг мөнхлөх, хүмүүст таниулахаар 1990-ээд оноос хөшөө босгож эхэлжээ.

-Монголын нууц товчоонд дурдагдсан газар нутгийн 120 нь одоогийн Монголын улс төрийн хил хязгаарт хамаардаг юм байна. Үүнээс хэчнээн нь тодорхой болоод байна вэ?

-Нууц товчоонд нийт 230 орчим газрын нэр гардгаас өнөөгийн Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа 120-оод газрын 90 гаруйг нь харьцангуй үнэмшилтэй тодорхойлж болж байгаа. Үлдсэн 30 орчим газрын хагасыг нь тодорхойлох арга замаа олохгүй байна. Харин бусад нь эргэлзээтэй буюу маргаантай.

-Маргаантай газруудын нэг нь Дэлүүн болдог байх аа?

-Чингис хааны төрсөн Дэлүүн болдог гэдэг газарт судлаачид санал нэгддэггүй шалтгаан нь эртнээс эхлэлтэй. Уг нь Нууц товчооны 59 дүгээр зүйлд “... жирэмсэн байсан Өэлүн үжин, Ононы Дэлүүн болдог гэдэг газар Чингис хааныг төрүүлжээ. ” гээд төрсөн газрыг нь маш тодорхой бичсэн. Мөн Тэмүүжиний хоёр дахь дотнын найз, амийг нь гурван удаа аварсан Зэлэмийн аав нь ирээд “Тэмүүжин чамайг Тэргүүн Ононы Дэлүүн болдогт төрөхийн цагт би булган өлгий ба энэ хөвүүнээ өгсөн билээ...” гэж 97 дугаар зүйлд гардаг.

Ардын ярианд Онон голыг урсгалаар нь гурав ангилдаг. Онон, Хурхны бэлчир хүртэлхийг дээд Онон буюу Ононгийн эх, түүнээс доош Онон, Балжийн бэлчир хүртэлх нь дунд Онон гэгддэг. Түүнээс цаашихыг доод Онон гэж ярьдаг. Тэгэхээр Онон, Хурхын бэлчирээс дээр төрсөн гэдэг тодорхой байна. Мөн 211 дүгээр зүйлд Тэмүүжин хаан болоод “Ононы Дэлүүн болдогт намайг төрөх цагт...” гэж хэлсэн нь бий. Ононы Дэлүүн болдогт гэдгийг гурван зүйлд маш тодорхой хэлж өгсөн.

-Тэгээд маргалддаг гол учир нь юу вэ?

-Монгол угсаатны нутагт ижил нэртэй газар маш олон. Талархаг газар, томоохон голын хөндийг Дэлүүн, Дэлүүн болдог гэж нэрлэсэн газар нэлээд бий. Эдгээрийн нэг нь одоогийн ОХУ- ын Чита мужид байгаа Ононы Дэлүүн болдог. Тодорхой хэлбэл, Онон голын хойд эрэг дээр, манай хилээс 60-70 км-ийн цаана, хуучнаар буриадуудын сууж байсан газар юм. Тэнд 1840-өөд оны сүүлчээр “Чингис хааны төрсөн Дэлүүн болдог мөн” гэсэн хөшөө босгосон.

-Түүхийн энэ маргааныг нэг тийш болгох ажлыг манайхан хэзээнээс эхлүүлсэн бэ?

-Ардын хувьсгалын дараагаас Чингис хааны түүхт газрыг тодорхойлох судалгааны ажлыг төрийн хэмжээнд хэрэгжүүлж эхэлсэн. Тийм учраас Судар бичгийн хүрээлэнгийн анхны дарга О.Жамъян гуай Ононы Дэлүүн болдгийг олохоор биечлэн явсан юм. Тэр үед Чингис хааны төрсөн нутаг Орос, бие барсан болон онголсон газар нь Хятадад, мөн их хаантай хамаатай болон гол байлдаан болсон газруудыг хилийн цаана тэмдэглэсэн явдал их байсан. Ялангуяа, Хятадын эх сурвалжуудад. Тиймээс энэ бүхнийг Монгол нутагт байгаа гэдгийг тодорхойлох үндэсний сонирхол бидэнд байсан хэрэг. О.Жамъян гуай Хэрлэнгээс цааш маш ч нягт нямбай явсан. Ийн явахдаа Ононы Дэлүүн болдог гэдэг газар Монголын нутагт хоёр, Орост нэг байна гэдгийг тогтоосон юм. “Гурван Дэлүүн болдог байгаа тул хойч үеийнхэн судалж, нарийн тогтоох ёстой” гэсэн тайлан бичсэн түүхтэй. Тэр цагаас хойш Оросын нутагт байгаа Дэлүүн болдог бол төрсөн газар нь биш гэдэг нь судалгаагаар тодорхой болсон доо.

-Санал нийлж болох ч зориуд зөрдөг хэд хэдэн газар бий гэж та өмнө нь хэлж байсан.

-Хэнтий аймгийн Баян-Адарга суманд байгаа Хүйтний голд Чингис хаан Жамухын эвслийг тосож байлдан, бут цохисон түүхтэй. Нэгэн үе энэ тулаан болсон газар бол Оросын нутаг дахь Хүйтэн нэртэй хэд хэдэн газрын нэг гэж үздэг хүмүүс манайхан дунд байсан. Хятад мөн Хайлаарт байгаа Хүйтний гол мөн гэж өөр өөрсдийн нутагт татаж байсан. Гэтэл Нууц товчоог уншихад, тулааны маргааш Онон голын хойд эрэг дээр гардаг. Үүнээс Онон голтой ойрхон байж гэдэг нь мэдэгдэж байгаа юм. Тэгээд ч Хятадын Хүйтний гол бол Жамуха хаанд өргөмжлөгдсөн газраас 300 км урагш, Оросынх 150 км цаана байна. Жамуха тэгэж хол яваагүй. Нөгөөтэйгүүр, манайхан ч гэсэн Чингис хаан бол нийт монголчуудын хүн гэдгийг умартаад, манай аймгийн, сумын хүн гэх маягаар хандаж, өөртөө хамааруулах оролдлого хийх тохиолдол олон. Монголд адил нэртэй газар нутаг маш олон. Хаан нэртэй уул 100, говь 60-70 цагаан нэртэй газар хэдэн зуугаар тоологддог.

-Ж.Самбуу дарга эдгээр газрыг мартагдуулахгүйн тулд нэгдэл, сангийн аж ахуй байгуулах зэргээр социализмын бүтээн байгуулалттай хослуулж чадсан. Одоо эдгээр газрыг яаж ашиглавал зохимжтой вэ?

-Түүхэн сурвалжид гардаг гол үйл явдлууд болсон газрыг тодруулж, хойч үедээ баттай ойлголт өгөх бүрэн бололцоотой болсон. Түүхээ хойч үедээ сурталчлах, баримтжуулах, хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулах, аялал жуулчлалын зорилгоор ашиглах их нөөц бол түүхэн энэ сурвалжид гарч буй газрууд юм. Аль ч оронд түүхэн газар, нутагтаа түшиглэн ийм маягаар хөгжиж байна. Гэхдээ яг түүхт үйл явдал болсон газар дээр биш, жуулчид 20-30 минут яваад хүрэх зайд аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлдэг. Түүх цаашлах тусам Чингис хаантай холбоотой газар нутгийн ач холбогдол нэмэгдэнэ. Олон түмний үндэсний ухамсар, үзэл зөв голдирлоор явах тусам ийм нутгууддаа үзүүлэх хүндэтгэл нэмэгдэнэ. Ингэж таниулахгүй бол сөрөг үр дагавар ихтэй. Гаднынхны сонирхлыг татсан ашигт малтмалын ордтой газарт тусгай зөвшөөрөл олгохгүй байх хэрэгтэй. Түүхэн газрыг аль нэг үеийнхэн заавал мэднэ. Харийнханд ухуулаад, Чингис хааныхаа дурсгалт газрыг алдагдуулсан байвал хойч үедээ зэмлүүлж, цаашлаад үндэсний гутамшиг мэт санагдах таагүй үе ирж болзошгүй.

-Баараггүй тодорхой болсон газруудаас улсын тусгай хамгаалалтад орсон газар хэр олон бэ. Та үүн дээр тооцоо хийж үзсэн үү?

-Улсын тусгай хамгаалалтад орсон газар бараг л байхгүй. Харин Хар зүрхний хөх нуур гээд орон нутгийн тусгай хамгаалалтад орсон газар бол бий. Мөн Халх нөмөргийн дархан газрын хэмжээнд хамаарагддаг газрууд бас байгаа.

-Монголын улс төрийн хил хязгаараас гадагш байгаа газрууд ер нь одоо аль улсад илүү хамаарч байна вэ?

-Харьцангуй жигд. Оросын нутагт цөөхөн. Өвөр Монголын нутагт нэлээд бий. Мөн Шинжаан, Казахстан, Иран, Ирак, Туркийн нутагт их гардаг. Узбекистанд харьцангуй олон. Эдгээр орон Чингис хаантай холбогдох газруудаа маш сайн судалж, бүгдийг нь тодорхойлчихсон. Үүнийгээ жуулчид татах гол хөшүүрэг болгон ашиглаж байна. Арайн давааг л гэхэд Хятад, Казахстан, Орос “булаацалдаж” байна. Зохиомол газрууд ч бий. Чингисийн онгон байгаа гэх газар бол Нууц товчоонд бүр дурдагдаа ч үгүй. Үүнийгээ Чингис хаан ташуураа унагасан газар гэдгээр л халхавчилдаг. Бодит байдал дээр хаан хүн морь унахдаа хэзээ ч ташуур барьдаггүй байсан.

-Яагаад?

-Ташуурдуулдаг, суганы булчирхай нь цочдог морь хаандаа хэзээ ч унуулахгүй шүү дээ. Цэрэг хүн ч энгийн морь унадаггүй. Цэргийн агт гэдэг бол бүдэрдэггүй, бусгадаггүй адуу юм. Бусгадаг морь бол аливааг зөв зайд хардаггүй, гэнэт тулчихаад цочиж бусгадаг, хараа муутай. Бүдэрдэг морь бол урд хөл муутай. Тиймээс ийм морийг цэрэгт хэзээ ч авдаггүй. Шилж авсан агтаасаа бас аргамаг, ажнай, хөлөг гэж шигшдэг байсан. Үүнээс хамгийн сурамгай нь хөлөг. Хаан, жанжин бол хөлөг л унадаг. Хөлөг нь байхгүй бол жанжид хааяа ажнай унах явдал байв. Нум сум агсаж, бамбай сэлэм барьсан цэргүүд морио хөлөөрөө л жолооддог байсан юм. Тэр үед адууг эдлэх, сургах урлаг дээд зэрэгт хөгжсөн.

-Ж.Самбуу гуайгаас даалгавар аваад хамгийн анх ямар газрыг судалсан бэ?

-Бүрги эрэг гэдэг газар. Энэ нэрээрээ Багануураас хойш 20- 30 км-т байдаг, Буянт-Ухаа шиг өргөн, уудам нутаг юм. Чингис хаан Хар зүрхний хөх нуурт гэрлэснийхээ дараа Бүрги эрэгт бал сараа өнгөрөөсөн түүхтэй. Мөн хойтон жил нь зусаж байхдаа Бөртэ үжинийг алдсан. Хожим нь бас олон удаа зуссан.

-Өмнө нь Х.Пэрлээ гуай энэ ажлыг эхлүүлсэн. Таны судалгаа юугаараа шинэлэг байсан бэ?

-Өнгөрсөн зууны манай сэтгэгч нараас хамгийн аугаа нь Ц.Дамдинсүрэн гуай. Иргэний эр зоригтой, алсыг харсан, үндэсний аядуу боловч шаргуу үзэлтэн. Тэрбээр ШУА-ийн дарга болонгуутаа О.Намнандорж, Ц.Доржсүрэн, Х.Пэрлээ гуай нарт байгалийн үзэсгэлэнт газрууд, Хүннүгийн булш, Нууц товчоонд холбогдох газар, усны нэрийг судлах даалгавар тус тус өгсөн.

Х.Пэрлээ гуай хоёр жил судлаад, 50 орчим газрыг нь тогтоосон. Би тэр ажлыг үргэлжлүүлсэн төдий. Үүнээс гадна Ц.Дамдинсүрэн гуай өөрөө Нууц товчоог анх зориг гаргаж орчуулж байхдаа нэр ус, байрлалыг нь хамгийн зөв гаргахын тулд маш их явсан. 1940-1942 онд Машинаас гадна морь, тэмээгээр явж байсан шүү дээ. Үндсэндээ тэр судалгаанд л үндэслэж байна.


-Нутгийн хүмүүстэй уулзахад танд хэр зэрэг сайн эх сурвалж болж чаддаг байсан бэ?

-Нэлээд дөхүүлнэ шүү. Харин Хэнтийн хойд нутгаар 1928 онд буриадуудыг орж ирэхэд нутаг чөлөөлж өгөөд, халхуудыг нүүлгэсэн учраас буриадууд газар орны талаар мэдлэг тааруу, нэмэр болох нь бага байсан. Гэхдээ тэр үед газар усныхаа түүхийг хуваалцах цаг хугацаа нутгийнханд олдоогүй биз ээ, нэг талаар. Олон жил тахисан уул, овоог ч шинэ суугчид мэдэхгүй байсан. Бусад нутагт өвгөчүүл нь байсан болохоор нэлээд хэлж өгсөн дөө.


-Манж, Төвөдийн бодлогоор үнэт чулуу, эмийн ургамал, уул овооны нэр өөрчлөгдсөн гэж та ярьж байсан. 120 газрын нэрнээс хэчнээн нь ингэж өөрчлөгдсөн байсан бэ?

-Нэлээд хэдэн газар өөрчлөгдсөн. Тухайлбал, Хар зүрхний хөх нуурын Хар зүрх уулыг Баянзүрх гэж нэрлэсэн. Хар өнгийг бөөгийн шүтээн гэдэг утгаар нь ийнхүү өөрчилсөн хэрэг. Энэ мэт хар гэдэг үг орсон ихэнх газрын нэрийг өөрчилсөн. Хар сүүл голыг Өлзийт, Хар талыг Галбадрах гэх зэргээр нэрлэсэн. Идэр-Алтайг Эрхэт Суварга хайрхан, Шилхэнцэг уулыг Дашбалбар гэж бүр төвөд нэр өгсөн. Гэхдээ дийлэнхийнх нь нэр өөрчлөгдөөгүй. Тэр тусмаа гол усны нэрийг бараг өөрчилж чадаагүй.

-Нууц товчоонд гардаг газар, усанд зориулж хамгийн анх хаана хөшөө босгож байсан бэ?

-Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Буурын голд 1990 онд анхны хөшөөг босгосон. Тэнд Чингис хаан анхныхаа аян дайнд ялалт байгуулсан. Гэхдээ олз олох, цэрэг дайны зорилгоор дайтаагүй юм. Анхны хань, хэвлийд нь байгаа анхны үрээ аврахын тулд л дайн хийсэн. Бөртэ үжинээ олж авангуутаа “Эрсэн хүнээ олсон тул бүү байлдъя. Эндээ бууя” гэж тунхаг тарааж, Жамуха, Ван Хан, Жаха Хамбу нарт илч явуулж хэлүүлдэг тухай Нууц товчоонд бий. Тийм болохоор дайны зорилго нь Бөртэ үжинээ л эргүүлж авах байсан. Сонирхуулахад, Чингис хаан Бөртэ үжинтэй гэрлээд 25 жил өнгөрөхөд өөр нэг ч хатан аваагүй байсан. Тэдний хайр дурлал үнэхээр үлгэр жишээ байжээ. Сүүлд өөр хатан авахдаа ч Бөртэ үжиний дэргэд байлгаагүй. Эвгүй байдалд оруулахгүй, дургүйг нь хүргэхгүй гэсэн үүднээс зайтай байлгасан. Дөрвөн их хатан нь тус бүртээ 250-300 км-ийн зайтай байгуулсан ордонд суудаг байсан юм.
Нууц товчооны газар нутаг бол аялал жуулчлалын их нөөц
-Хатдын суурьшиж байсан газар нутгийг тогтоосон юм байна. Мөнхөлсөн хөшөө дурсгал бий юү?

-Одоохондоо хөшөө босгоогүй байна. Бөртэ үжин эвгүй байдалд орох, хатдын дунд маргаан гарах, тэднийг тойрсон бүлэглэл бий болохоос сэргийлж эзэн хаан маань аугаа ухаан гаргаж байсан юм. Бөртэ хатны ордны байрлалыг Нууц товчоонд тодорхой бичээгүй ч хойчийн эх сурвалжуудад гардаг. Орд нь Хөдөө арал дахь Шар ордны дэргэд байсан. Одоогоор бол Монголын нууц товчооны 750 жилийн ойд зориулан босгосон хөшөөний урд талд байгаа бага шиг хотод байрлаж байсан. Харин Есүй хатны орд Сонгинохайрхан дүүрэгт, Эмээлт, Таван толгой чиглэлийн гүүрний урдхан талд байрлах туурин дээр байсан. Энэ ордонд 1925-1926 онд Чингис хаан нэг жил өвөлжсөн. Хулан хатны орд бол Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт Халиугчин боролзой гэх газар байжээ. Зарим хүн Халиутын орд ч гэдэг. Чингис хаан Хулан хатантай анх учирсан газар нь тэр хавьд шүү дээ. Есүгэн хатны орд Өвөрхангай, Баянхонгор аймгийн заагт, Улаан цутгалангаас цаашаа, Орхон голыг өгсөөд таардаг Алтай даваад байсан юм. Энэ газрыг Нууц товчоонд Идэр Алтайн бэлчир гэж дурддаг юм. Давааг тэр үед бэлчир гэж нэрлэж байсан.

-Хамгийн сүүлд ямар хөшөө босгосон бэ?

-Өмнөговь аймгийн Булган сумын нутагт босгосон. Өнөөгийн Монгол Улсын нутаг дэвсгэр дээр Чингис хааны хамгийн сүүлд өвөлжсөн газар л даа. Мориноос унаж, бэртээд, сувилуулж байх үедээ өвөлжсөн нутаг. Тэр үед Тангуд улс руу илч явуулсан боловч хариуд нь “Байлдаж сурсан юм бол ирж байлд” хэмээн газар зааж, ихэрхсэн шүү дээ. Ийм хариу авсан Чингис хаан буцаж болохгүй гэж, эрүүл мэндээ үл хайхран Их Монгол Улсын хамгийн аюултай дайсан Тангудыг амьд дээрээ дарж авахаар явсан. Энэ үед л “Алд бие минь алдарваас алдартугай. Ахуй төр минь бүү алдартугай” гэх үгээ хэлсэн болов уу гэдэг гаргалгаагаар хөшөөн дээр энэ үгийг сийлсэн.

-Ойрын хугацаанд ямар хөшөө босгох вэ?

-Одоо Дорнод аймагт буюу Өэлүн эх, Бөртэ үжин нарын төрсөн нутаг, Тэмүүжиний сүй тавьсан газар хөшөө босгох ажил эхэлсэн. Дорнод аймгийн Сэргэлэн сумын нутагт Галын шар тал гэх газар юм. Түүхэн сурвалжид Зэлтэрийн шар тал гэж гардаг. Ер нь өнгөрсөн хугацаанд нийт 10 хөшөө босгосны ес нь Чингис хаантай шууд холбоотой газарт бий. Нэг нь Балжийн арал дээр, Тэмүүжиний дээд өвөг Бодончорын өвөлжсөн газар босгосон хөшөө.
САНАЛ БОЛГОХ