8306

ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭР ИНГЭЖ НӨЛӨӨЛНӨ

ХАМТЫН АЖИЛЛАГАА
Экспортоо тэлж, ашгаа нэмэгдүүлэх боломж

Япон улстай байгуулсан эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр албан ёсоор хэрэгжиж эхлээд удаагүй байна. Уг хэлэлцээрээр манай талаас экспортлох боломжтой 5700 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний импортын гаалийн татварыг тэглэх буюу үе шаттайгаар бууруулахаар тохиролцсон. Харин Японы талаас манайд экспортлох боломжтой 9300 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн татварын хөнгөлөлт эдлэхээр болж буй. Энэ нь хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг шинэ түвшинд гаргана гэж албаныхан үзэж байна.

Манай улсын бизнес эрхлэгчдэд Японы зах зээлд үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээ гаалийн татварын хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдаалах боломж нээгдсэн. Түүнчлэн урт хугацаанд Японы зах зээлд бизнес эрхлэх таатай орчин үүгээр бүрдэж байгаа юм. Хоёр улсын хооронд байгуулсан эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр дүнд Монгол Улсын нийт экспортын хэмжээ 0.36 хувиар өсөхөөр байгааг МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш, судлаач Н.Батнасан хэллээ.

Тэрбээр “Экспорт, импортын харьцангуй давуу талын давхцал, Япон улсын дэлхийн импортод эзэлж буй байр суурь зэргээс үзэхэд мал эмнэлэг, эрүүл ахуй, хорио цээрийн талын бэрхшээлүүдээ шийдвэрлэж чадвал бог малын мах, малын гаралтай хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдийг тус улсад экспортлох боломжтой болж байна” гэв. Томоохон төсөл хөтөлбөрүүдийг ашиглалтад оруулж чадаагүй нөхцөлд уг хэлэлцээрийг байгуулснаар Монгол Улсын нийт экспорт 2020 он гэхэд 35.2 сая ам.доллараар, 2025 он гэхэд 47.8 сая ам.доллараар өсөх тооцоо гарсан байна.

Харин “Оюутолгой”-н орд газрыг төслийн хүчин чадлаар нь ашиглалтад оруулж, Тавантолгойн орд газраас олборлох нүүрсний олборлолтыг жилийн 20 сая тоннд хүргэснээр экспорт 2020 он гэхэд 69.3 сая ам.доллараар өсөхөөр байна. Тэгэхээр хүлээгдэж буй томоохон төслүүд эдийн засгийн эргэлтэд орох нь уг түншлэлийн хэлэлцээрийн үр дүнг нэмэгдүүлэх нь. Япон улстай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулснаар манай улсын жилийн нийт экспорт 0.36 орчим хувиар өсөх бол Япон улсад хийх нийт экспорт жилийн 4.9-5.5 орчим хувь өсөх тооцоо бий. 

Түншлэлийн хэлэлцээрийг байгуулснаар Япон улсад хийх экспортын өсөлтийн хувь нь харьцангуй өндөр байх тооцоо гарч байгаа. Гэхдээ томоохон төсөл хөтөлбөрү үдийн хэрэгжилт, экспортын гол нэрийн барааны дэлхийн зах зээл дэх үнийн өөрчлөлт зэргээс шалтгаалан хэмжээний хувьд жилд дөнгөж 0.2-0.3 сая ам.доллараар өсөх тухай тооцооллыг “Япон улстай байгуулсан эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн ач холбогдол, эдийн засагт үзүүлэх нөлөөлөл” судалгаанд дурдсан байна.

Гадаадын шууд хөрөнгө оруулалтын долоон хувийг Япон улс бүрдүүлж байна

Түншлэгч орнууд өөр хооорондоо худалдаалж буй барааныхаа 90-ээс доошгүй хувийг гаалийн татвараас чөлөөлж байгаа. Энэ нь зах зээлд бараа үйлчилгээний үнэ буурахад нөлөөлөх аж. Үнийн энэхүү бууралтаас шалтгаалан мэдрэмж өндөртэй барааны хэрэглээ хурдан өсөж, мэдрэмж багатай барааных харьцангуйгаар удаан өсдөг тул хэлэлцээр байгуулснаар дотоодын хэрэглээнд зарим өөрчлөлт гарах магадлал өндөр байгаа юм. Тухайлбал, Япон улсаас импортолж буй дөрвөн бараа тутмын гурав нь тээврийн хэрэгсэл, үлдэх хэсгийг уул уурхайн хүнд машин механизмууд, машины дугуй, тамхи зэрэг бараа эзэлж байна.

Гадаад худалдааны тэнцлээс үзэхэд, уул уурхайн салбарын үйлдвэрлэл өсөхийн хэрээр Япон улсын манай импортод эзлэх хувийн жин буурч, экспортод Япон улсын эзлэх хувийн жин өсөх хандлага ажиглагдаж байна. Тиймээс төрөөс уул уурхайн томоохон орд газруудыг ашиглах төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж буй нөхцөлд түншлэлийн хэлэлцээр нь худалдааны тэнцэлд эерэг нөлөө үзүүлэхээр байгаа аж. Бидний хувьд уул уурхайн бус экспортоос гадна уул уурхайн экспорт хийх боломж шинээр бий болж байна.

Гангийн үйлдвэрлэлийн хэмжээгээр дэлхийд хоёрт ордог Япон улс ган хайлуулахад шаардлагатай коксжих нүүрсний хэрэглээгээрээ дэлхийд эхний гуравдугаарт бичигддэг. Хэлэлцээрт коксжих нүүрсний гаалийн татварыг тэглэснээр Монголын коксыг Японы зах зээлд нийлүүлэх боломж бий болж буй. Түүнчлэн зэсийн хэрэглээ өндөртэй электроник, автомашины үйлдвэрлэл өндөр хөгжсөн Японд цэвэршүүлсэн зэсийг импортлох татварыг тэглэсэн нь монголчуудад олдож буй дараагийн томоохон боломж болохыг судлаач Н.Батнасан онцлов. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр нь урт хугацаандаа Монгол Улсын эдийн засгийг ирээдүйд авч явах шинэ залуу салбаруудыг хөгжүүлэх, улсын нийт экспортыг нэмэгдүүлэхэд чиглэж буйг зарим эдийн засагч тодотгож байгаа юм.

Монгол Улсаас Японтой худалдааг өргөжүүлэхэд гарч буй гол бэрхшээл нь тээвэрлэлтийн өртөг зардал. Тиймээс нэмүү өртөг шингэсэн, овор хэмжээ багатай, Японы зах зээлд эрэлттэй байх бараа, бүтээгдэхүүнийг эхний ээлжинд гаргах, улмаар дунд хугацаанд хөдөө аж ахуй, олборлох үйлдвэрлэлийн салбарыг тойрсон аж үйлдвэрийн кластеруудыг хөгжүүлэх, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж тээвэрлэлтийн өртөг зардлыг бууруулах боломжтой аж. Манай улс Япон улсын гадаад худалдааны эргэлтэд маш бага хувийг эзэлдэг. Харин эсрэгээр Япон улс нь Монголын худалдаа, эдийн засгийн томоохон түнш оронд тооцогдож байна. Японы хувьд хамгийн ойрхон бүс нутгаас хүнс, түүхий эдийн хэрэгцээгээ хангах боломж бүрдэж байгаа юм.

Эдийн засгийн хувьд жижигхэн, гурван сая гаруйхан хүн амтай боловч газар нутгийн хэмжээгээр Японоос дөрөв дахин том Монгол Улс нүүрс, зэс, алт, уран, ховор металл зэрэг байгалийн арвин баялаг нөөцтэйгөөрөө Япон улсын анхаарлыг зүй ёсоор татаж байдаг. Тус улс нь Монголын худалдааны дөрөв дэх томоохон түнш орон. Өнгөрсөн оны байдлаар Япон улсад 20.30 сая ам.долларын барааг экспортолсон. Мөн онд Япон улсаас 274.6 сая ам.долларын барааг импортолсон нь манай улсын нийт импортын 7.23 хувьтай тэнцэж байна. Ирэх өдрүүдэд дээрх статистик үзүүлэлтэд эерэг өөрчлөлт гарах нь дамжиггүй.





САНАЛ БОЛГОХ