Хоригловч холддоггүй мөнгөн усны хэрэглээ

ЗГМ: Сэдэв

Мөнгөн усыг хориглоод олон жил болсон ч хүмүүс хордсоор байна

Хувьсах чадварыг нь хамелеонтой зүйрлэж болохуйц мөнгөн усны хэрэглээ далд хэлбэрт шилжээд байгааг мэргэжилтнүүд анхаарууллаа.

Ялангуяа гар аргаар ашигт малтмал олборлогчид, бичил уурхайчид Монгол Улсад аль хэдийнэ хориглосон энэхүү хортой, аюултай бодисыг сүүлийн жилүүдэд их хэрэглэх болов. Тиймээс улсын хэмжээнд мөнгөн усны тооллогыг хоёр дахь удаагаа явуулахаар төлөвлөжээ. Швейцарийн хөгжлийн агентлагийн засаглал, бодлогын ахлах эксперт Т.Энхцэцэгийн ярьснаар 2014 онд НЭМХ-гээс гурван үе шаттай явуулсан судалгаагаар хүний биед агуулагдах мөнгөн ус зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр байгааг илрүүлжээ.

Тус төвөөс 2014 оны тавдугаар сард 147 хүнд цус, шээснээс нь мөнгөн усны агууламж тодорхойлох шинжилгээ хийсэн байна. Шинжилгээнд хамрагдсан хүмүүсийн 24-24.5 хувьд нь уг хувьсамтгай металл зөвшөөрөгдөх хэмжээнээс давж байв. Харин дөрвөн сарын дараа дахин үзэхэд уг агууламж улам нэмэгдсэн байжээ.

Үүнээс өмнө мөн 2009-2012 онд явуулсан мөнгөн усны нөлөөллийн судалгаагаар 358 хүний 21.5 хувьд нь мөнгөн усны хордлогын II түвшин буюу түгшүүр төрүүлэх хэмжээнд, 5.02 хувьд арга хэмжээ авах буюу III түвшинд байжээ. “Сүүлийн үеийн энэ бүх судалгаа мөнгөн усны хэрэглээ далд хэлбэрт шилжсэний илрэл. Бидэнд энэ талаарх мэдээлэл албан болон албан бусаар ирж байгаа” хэмээн Т.Энхцэцэг ярьсан юм.

Мөнгөн усыг манайхан ашигт малтмал олборлоход хэрэглэдэг жишиг 2000 оноос ч өмнө эхэлсэн гэдгийг энэ талаар олон жил судалсан доктор Б.Түмэнбаяр ярилаа. Түүнээс хойш мөнгөн усны хор хөнөөл, хэрэглэх аргын талаарх мэдлэг дутмаг, нийгэм, эрх зүйн олон хүчин зүйлтэй холбоотойгоор хэрэглээ нь замбараагаа алдаж байсан түүх бий. Заамар, Бороо зэрэг алт ихтэй газруудын хөрсийг эксковатороор самнахад мөнгөн ус гоожих хэмжээнд их байсныг геологич Б.Түмэнбаяр сонирхуулав.

Тухайн үед нийгэм ид шуугиж, 2008 онд эрх бүхий байгууллагаас уг бодисыг ашигт малтмал ашиглах, олборлоход хэрэглэхийг хориглож, 147 тээрэм хураан устгасан. Мөн хүдэр баяжуулах үйл ажиллагааг нэгдсэн байдлаар явуулахаар цех хүртэл байгуулсан. Гэвч энэ бүхэн үр дүнтэй, олон жилийн настай арга хэмжээ байгаагүйг бид одоо ойлгов.

Өнөөдөр улсын хэмжээнд гар аргаар ашигт малтмал олборлогчдын тоо тогтвортой биш гэдгийг УУХҮЯ-ны албаны эх сурвалж өгсөн юм. Хууль бусаар буюу гар арга, муу технологиор, зөвшөөрөлгүй газарт, татвар, нөхөн сэргээлтийн үүрэг хүлээхгүй нүүдэллэн ажиллагсад болох нинжа нарын тоо цагийн байдлаас шууд хамаардаг. Ойролцоогоор 10- 80 мянгын хооронд хэлбэлздэг аж. Ялангуяа зудын дараах жилүүдэд оргилдоо хүрдэг байна. Эдийн засгийн эргэлтэд хамгийн хурдан ордог тул хямд төсөр аргааралт олборлох ажилд төрийн албан хаагчид, газрын дарга нар хүртэл хүчээ өргөж, хувь нэмрээ оруулдаг гэх яриа ч бий. Эдийн засгийн таагүй нөхцөл байдал үргэлжилж буй эдгээр жилүүдэд дээрх яриаг үгүйсгэх аргагүй юм. 2012 онд л гэхэд Дархан-Уул аймгийн Шарын гол сумын иргэдийн 80 орчим хувь нь гар аргаар алт олборлодог гэсэн тоо бий. Тэдний дийлэнх нь ажлын байр хомс гэдэг шалтгаанаар ийм зам сонгосон гэж өөрсдийгөө зөвтгөж байв. Нөгөөтэйгүүр гар аргаар алт олборлогчдын ихэнх нь хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадваргүй байдаг байна. 2012 онд ҮСХ-ноос бичил уурхайн түүвэр судалгаанд 13400 хүнийг хамруулан судалгаа хийхэд тэдний 6.8 хувь л мэргэжлийн боловсролтой байжээ. Харин 82.3 хувь нь бага, дунд, 4.2 хувь нь дээд боловсролтой байсан байна.


Харамсалтай нь мөнгөн усны далд хэрэглээ зөвхөн нинжа нараар хязгаарлагдахгүй аж. Дүрэм журмын хүрээнд, зориулалтын тоног төхөөрөмжтэй, хариуцлагатай ажиллахаар зохион байгуулалтад орсон бичил уурхайчид ч технологийн хувьд энэ аюултай металлыг ашиглах нөхцөл бий гэнэ. Улсын хэмжээнд хуулийн хүрээнд зохион байгуулалтад орсон 6500 гаруй бичил уурхайчин байдаг юм байна. Тэднийг албажуулахад нэлээд ахицтай яваа Баянхонгор аймагт л гэхэд ТББ, нөхөрлөлийн зохион байгуулалтад орсон 900 орчим бичил уурхайчин буй. Харин дэлхийн хэмжээнд 18-20 сая хүн ийм хөдөлмөр эрхэлдэг бөгөөд энэ тоо дэлхийн зах зээл дээрх алтны ханшнаас шалтгаалж 25 сая хүртэл хэлбэлздэг байна.


Монголбанкны алт тушаалтын мэдээгээр 2013 онд давхардсан тоогоор 1449 аж ахуйн нэгж, гурван иргэнээс алт худалдан авч байсан бол 2014 онд давхардсан тоогоор 2002 аж ахуйн нэгж, 1098 иргэн болж өсчээ. Харин өнгөрсөн жилд алт тушаасан иргэдийн тоо аж ахуй нэгжээс давсан үзүүлэлттэй гарсан байна. 2026 иргэн, 1858 аж ахуйн нэгж 18.5 тонн алт тушаажээ.

Хувьсамтгай хүнд металлын хэрэглээ одоо ч амь бөхтэй байгааг нотлох баримт олон бий. Зөвхөн өнгөрсөн онд л гэхэд мөнгөн устай холбоотой зургаан дуудлага НОБГ-т ирүүлсэн. Харин энэ он гарсаар мөнгөн ус тээвэрлэж байсан хэд хэдэн хэргийг цагдаагийн байгууллага илрүүлсэн билээ. Тиймээс импорт, худалдаа нь хүртэл далд хэлбэрт шилжсэн мөнгөн усыг улсын хэмжээнд дахиад тоолох зайлшгүй шаардлагатай байгааг салбарын яам төдийгүй олон улсын байгууллага ч үзэж байна. Ямар арга замаар, хэдий хэмжээний мөнгөн ус хэрэглэж байгааг нарийн тогтоож байж мөнгөн усны хор хөнөөлөөс иргэд, хүрээлэн буй орчноо сэргийлэх нөхцөл бүрдэх юм.

Дэлхийн хэмжээнд авч үзэх юм бол мөнгөн усны худалдааг тэтгэгч гол зах зээл нь хувиараа алт олборлогчид. Өдгөө 70 улсад нийт 10-15 сая хүн гар аргаар алт олборлож байна. Тэдний гурван сая нь хүүхэд, эмэгтэйчүүд гэсэн тооцоог мэргэжлийн байгууллагаас гаргажээ. 2011 оны байдлаар гар аргаар болон бичил уурхайн хэмжээнд жилд 1400 тонн мөнгөн ус хэрэглэгддэг гэх тоо олон улсад бий. Гэхдээ бичил уурхайчид, гар аргаар олборлогчид алтны нийт үйлдвэрлэлийн ердөө 15, ажиллах хүчний 10 хүрэхгүй хувийг эзлэдэг. Тэгсэн мөртлөө хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчиндоо асар их хохирол, сүйрэл доройтол учруулдаг юм.
Мөнгөн усны худалдааг тэтгэгч нь хувиараа алт олборлогчид
Мөнгөн ус байгальд учруулах хор хохирлоороо нүүрсний дараа ордог. Байгаль хамгаалах “Amazon aid” сангийн мэдээлснээр жилд 400 гаруй шоо метр мөнгөн ус цэнхэр гарагийн агаарт ууршдаг. Үүний дийлэнх нь гар аргаар алт олборлосноос үүддэг байна. Мөн гол усаар дамжин органик төлөвт шилжсэнээр хор учруулах чадвар нь үлэмж нэмэгддэг аж. Доктор Б.Түмэнбаяр 2007 онд Бороо, Хараа голын мөнгөн усны бохирдлыг үзэхэд зөвшөөрөгдөх хэмжээнээс долоо дахин өндөр гарч байжээ. Усаар дамжин хүнд генийн гажиг, удамшлын өвчин үүсгэсэн Минаматагийн аймшигт явдлын хор уршиг одоо ч арилаагүй. 60 гаруй жилийн дараа ч нарийн шинжилгээ хийлгэхийг шаардсан хохирогчдын нэхэл Японы эрх баригчдыг зовоосоор. Уг нь дэлхий дахинд гар аргаар алт олборлогчдод зориулсан илүү хор хөнөөл багатай олон технологи бий. Гэвч мөнгөн ус хямд төсөр, хэрэглэхэд амар байдаг нь амьжиргаа доогуур, өрхийн эдийн засаг нь хоногоор хэмжигддэг орнуудад хэрэглээнээс гарна гэдэг мөдгүй аж.

Манай улсад ч мөнгөн ус, цианит натри зэрэг хортой химийн бодисын хяналт сул, хэрэглээ нь замбараагүй байгаагаас уул уурхай муу нэр зүүж, иргэдийн дунд ухсан нүх, уурхай хоёрын зааг ялгаа бараг л байхгүй болсон гэхэд хилсдэхгүй. Эдийн засгийн тулгуур болсон уул уурхай салбарын сайдынх нь тодорхойлсноор хөндлөнгөөс харахад хад чулуунд хамаатай мэт боловч үнэндээ нийгмийн дэмжлэг, хөрөнгө оруулагчдын итгэл дээр тогтдог эмзэг харилцаа. Гэтэл нийгмийн дэмжлэгийг авах нь бүү хэл дургүйцлийг төрүүлэгч нинжа, тэдний гол зэвсэг болсон мөнгөн усны хор хөнөөл Монголыг экологи, эрүүл мэндийн хувьд сүйрүүлэхэд ойрхон байна.
САНАЛ БОЛГОХ