Майк Пенс: Сенат "Обамагийн халамж"-ийг хүчингүй болгох ёстой

Эрүүл мэнд

АНУ-ын Бүгд Найрамдах намын хоёр гишүүн Эрүүл мэндийн даатгалын хуулийн төслийг дэмжихгүй гэдгээ илэрхийлснээр Барак Обамагийн үед баталсан Эрүүл мэндийн даатгалын хуулийг шинэчлэх асуудал гацаанд ороод байна. Ийнхүү хуулийн төслийг батлах үйл явц дэмжигдээгүй учраас Сенатын зүгээс арга хэмжээ авах хэрэгтэй гэж АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Пол Райан мэдэгджээ. Тэрбээр "Обамагийн халамж"-ийн хууль хэрэгжсээр байгаад санаа зовниж буйгаа илэрхийлсэн байна. Төлөөлөгчдийн танхимын дарга Пол Райан "Сенатын гишүүд энэ асуудалд ямар нэг зүйл хийх хэрэгтэй гэж бид үзэж байна. Төлөөлөгчдийн танхим Бүгд Найрамдах намын боловсруулсан хуулийн төслийг баталсан. Харин одоо үйл явцыг урагшлуулахын тулд Сенат энэ хуулийн төслийг батлах ёстой. Барак Обамагийн үед баталсан хууль хангалттай түвшинд хүрч хэрэгжээгүй. Тиймээс энэ хууль одоог хүртэл хэрэгжсээр байгаад миний бие санаа зовж байна. Учир нь одоогийн Эрүүл мэндийн даатгалын хууль цаашид ч амжилттай хэрэгжихгүй. Тиймээс энэ хууль үргэлжлэн хэрэгжсээр байвал ард иргэд хохирол амссаар байх болно" гэж мэдэгдсэн байна.

Харин АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майк Пенс "Бүгд Найрамдах намын боловсруулсан эрүүл мэндийн даатгалын хуулийн төсөл сенатад дэмжлэг аваагүйтэй холбоотойгоор конгресс шаардлагаа эрчимжүүлэх хэрэгтэй" гэж байр сууриа илэрхийлсэн байна. Мөн тэрбээр Сенатын гишүүд Барак Обамагийн үед баталсан Эрүүл мэндийн даатгалын хуулийг орлох шинэ хуулийг дэмжин батлах ёстой гэж мэдэгджээ.

Майк Пенс "Ерөнхийлөгч асан Барак Обамагийн үед баталсан Эрүүл мэндийн даатгалын хууль хангалттай түвшинд хэрэгжээгүй учраас үүнийг шинэчлэх ёстой. Бид бүхэн энэ хуулийг шинэчлэх асуудалд маш их хүчин чармайлт гаргасан. Гэсэн хэдий ч Сенат энэ асуудалд зөвшилцөлд хүрээгүйг урд шөнө болсон үйл явдал батлан харууллаа. Та бүхний мэдэж байгаачлан 2015 онд Сенатын гишүүд үүнтэй ижил төрлийн хуулийн төслийг баталж байсан. Тийм учраас Сенатын гишүүд одоогийн хэрэгжиж буй хуулийг хүчингүй болгож, шинэчлэх ёстой" гэсэн байна.




САНАЛ БОЛГОХ