Төмөр замын төрөлх хүн

Хүмүүс


“Манайх байгууллага хоёр шинэ зүтгүүр худалдаж авсан. Эхнийх нь даваа гарагт ирж, хүлээн авах ёслолын ажиллагаа боллоо. Хүлээлгэн өгөх ёслолын ажиллагааны үеэр Оросоос ирсэн зочдын зургийг дарсан юм. Тэд Багануураас өнөө орой ирнэ. Ирэхээс нь урьтаж зургийг нь угаалгах санаатай явна" хэмээн яаруу сандруу ярих түүнийг Б.Наранзул гэдэг. Тэрбээр төмөр замын салбарт өрнөж буй аливаа үйл явдлын агшинг алдалгүй авдаг нэгэн. Дөнгөж 17 настайдаа төмөр зам гэдэг их айлд хөл тавьж, өнөөг хүртэл тасралтгүй 25 жил ажиллаж яваа УБТЗ-ын Улаанбаатар татах хэсгийн техникийн үзлэгийн цехийн засварчин Б.Наранзултай төмөр замчдын өдөр болох гэж буйг тохиолдуулан ярилцлаа.

-Таныг дөнгөж 17 настайдаа төмөр замд туслах ажилтнаар орсон гэж дууллаа. Өсвөр насандаа энэ салбарыг сонгох болсон шалтгаан юу вэ?
-Би математикийн хичээлдээ сайн хүүхэд байсан. Есдүгээр ангид орох жил багш маань намайг математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангид оруулахыг хүссэн. Тухайн үед яагаад ч юм тоохгүй орхичихсон. Гэтэл анги дэвших шалгалтын өдрөө хоцорч очоод шалгалтаа өгч чадалгүй, уначихсан. 1990 оны эхэн үе байлаа. Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжиж, төрийн болон улсын байгууллагад ажилладаг хүмүүс олноороо ажлаасаа гарч, ганзагын наймаа хийж эхэлсэн. Тэр үед төмөр зам боловсон хүчний дутагдалд орж, насанд хүрээгүй хүүхдүүдийг сургаж ажилд авдаг байсан юм. Шалгалтаа өгч чадалгүй, сургуулиасаа гарсан би гэдэг хүн дөнгөж 17 настайдаа төмөр замын цайны газарт ачигчаар ажилд орсон доо. Үүнээс хойш энэ салбарт 25 жил хоёргүй сэтгэлээр зүтгэж явна. Хүний амьдрал, хувь төөрөг гэдэг сонин шүү.

-Цайны газрын ачигчаас засварчин болсон түүхээсээ хуваалцахгүй юү. Үүний тулд хувь хүнээс багагүй хүчин чармайлт шаардах байх. Таны ажил мэргэжлийн онцлог юу вэ?
-17 настайдаа цайны газарт ачигчаар орж, нэг жилийн дараа насанд хүрч механик цехэд орж 14 жил ажиллаж байгаад мэргэжлээ дээшлүүлсэн. Одоо УБТЗ-ын Улаанбаатар татах хэсгийн техникийн үзлэгийн үндсэн цехийн засварчинаар ажиллаж байна. Миний ажлын онцлог гэвэл аялалд гарах зүтгүүрүүдийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах. Галт тэргийг хөдөлгөдөг хүч бол зүтгүүр. Үүний бүрэн бүтэн байдал нь эрдэнэт хүний амь нас, цаашлаад Монгол Улсын болоод гадаад, дотоодын байгууллагын эд хөрөнгөтэй холбоотой асуудал. Зүтгүүрийг гаднаас нь харахад том хэдий ч хэмжилтын хувьд тун нарийн. Нэг мм-ийн хэмжээ ч алдаж болохгүй. Энэ утгаараа хамгийн хариуцлагатай ажил. Бид аяллаас ирсэн, эсвэл аялалд гарах гэж буй зүтгүүрийн техникийн аюулгүй байдлыг бүтэн хоёр цаг гаруй хугацаанд шалгаж, 24 цагийн турш бэлэн байх үүрэгтэй хүмүүс. Нэг үгээр бол төмөр замын онцгой байдлын албаныхан юм даа.

-Энэ долоо хоногт төмөр замчдын өдөр тохиож буй. Энэ салбарт 25 жил ажилласан хүний хувьд сэтгэл зүрхнээс гарамгүй дурсамжтай өдрүүд олон тохиож байсан болов уу. Түүнээсээ хуваалцахгүй юү?
-УБ Зүтгүүрийн депогын хамт олон 2016 онд 60 жилийн ойгоо тэмдэглэсэн. Би энэ салбарт орсноосоо хойш байгуулагынхаа 40, 50, 60 жил гээд гурван түүхэн ойн дээр ажиллаж байсандаа бахархаж явдаг. Хоёр жилийн дараа МУ-д Төмөр замын тээвэр үүсч хөгжсөний 70 жилийн ой тохионо. Төмөр замын түүхэн мөч бүртэй хамт байгаадаа баярладаг. Олон жил ажилласан болохоор хамт олондоо дасчихсан. Хэтэрхий удаан амрахаар ажлаа санаад, бушуухан ормоор санагддаг. Тэтгэвэрт гарах хүртлээ энэ байгууллагадаа ажиллана гэж боддог. Би дөрөвдүгээр бүлгийн ховор цустай донор хүн

-Таныг Монголын ууган операторчдын нэг С.Дэмбэрэл гуайн ач хүү гэж сонссон. Гэрэл зураг татах хобби өвөөтэй тань холбоотой юу?
-Миний өвөө Монголын анхны операторуудын нэг Сэрээтэрийн Дэмбэрэл гэж хүн байсан. Намайг 11 настай байхад өөд болсон учраас өвөөгийн талаар ярих дурсамж төдийлэн их биш. Ямартай ч хүүхэд байхдаа байсхийгээд л Төв музейд очдог байснаа тод санадаг юм. Тэндхийн үзмэрүүдийн дунд өвөөгийн маань малгайгаа хойш нь харуулан өмсөж, гартаа камер барьсан түүхэн гэрэл зураг нь байдаг байлаа. Тэр зургийг нь харах гэж очно. Харамсалтай нь, Төв музейг Байгалийн түүхий музей болгочихсон учраас үзмэрүүд нь өөрчлөгдөж, зураг нь олдохгүй байгаа. Нээрээн “Монгол хүү” уран сайхны кинон дээр зурвас гарч өнгөрдөг юм байна. Шороотын Цэвээнийг шоронгоос оргоход нь хоёр хүн тусалдаг даа. Тэрний нэг нь миний өвөө.

-Гэрэл зураг авах нь танд сэтгэлийн ямар таашаал өгдөг вэ?
-Би багаасаа л гэрэл зурагт сонирхолтой хүүхэд байсан. Арван жилийн найзтайгаа нийлээд ахынх нь хальсны аппаратаар зураг дарна. Гэртээ хар хурдаараа гүйж ирээд л улаан гэрэлтэй харанхуй өрөөнд 15 тоолж, нэг, хоёрдугаар хоронд хийж зургаа угаана. Фокус алдаагүй зураг дарчихвал учиргүй баярлаж, урамшина. Ерөөс багадаа зураг зурах, шавраар амьтны баримал урлах хоббитой хүүхэд байсан. Харин сүүлд дижитал камер гарч, авсан зургаа харж болдог болсноор энэ хоббигоо улам хөгжүүлэх болсон. Найман аппарат элээчихсэн юм байна шүү. Гол төлөв амарч байгаа өдрөө үйл явдлын, спортын зураг авах сонирхолтой. Монголын бодибилдингийн холбооны албан ёсны зурагчин гэж явдаг. Хамгийн чухал нь дахин давтагдашгүй мөчийг гэрэл зургийн хальснаа буулгах нь надад кайф өгдөг. Хэдэн жилийн өмнө авсан зургаа эргүүлэн харахад тун сонирхолтой байдаг. Юмс хэрхэн өөрчлөгдсөнийг харах, мэдрэх, дүгнэх боломж олгодог.

-Таны аав, ээж тань ямар мэргэжилтэй хүмүүс вэ. Гэргий тань мөн л төмөр замын хүн гэж сонссон. Гэр бүлийнхээ талаар товчхон танилцуулахгүй юү?
-Аав маань ТЭЦ-1 станцад ажиллаж байсан бол ээж боловсролын байгууллагад насаараа зүтгэсэн, цэцэрлэгийн багш мэргэжилтэй хүн. Одоо тэтгэвэртээ гарсан. Манай эхнэр манай байгууллагад ажилладаг байсан юм. Одоогоор эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа хийхгүй байгаа. Төмөр замд ороод гэргийтэйгээ танилцаж, өдгөө дөрвөн хүүхдийн аав, ээж болсон байна. Хоёр хүү, хоёр охинтой. Том охин маань тусдаа гарсан. Дараагийн хүү маань ширээний теннисээр хичээллэдэг. Өнгөрсөн жил улсын аварга шалгаруулах тэмцээний багийн төрөлд мөнгөн медаль хүртсэн. Удаах хүү маань сэтгэн бодох чадварын дугуйланд суралцдаг. Харин бага охин маань бүжгийн спортод сонирхолтой. Амьдралын хамгийн чухал үйл бол үр хүүхдээ эх орондоо хэрэгтэй сайн хүн болгож хүмүүжүүлэх. Үүний тулд эцэг хүний үлгэр дуурайл чухал. Тиймдээ ч манай хүүхдүүд намайг дуурайж, зураг дарах дуртай болсон.

-Таныг бас хүний амь насыг аврах буянтай үйл хийдэг гэсэн. “Хүрэл донор” болоход хэдэн удаа цусаа хандивладаг вэ?
-Би донор дотор долоон хувийг эзэлдэг дөрөвдүгээр бүлгийн ховор цустай. Донорын төв явуулын станцаар цус цуглуулах гэж 1993 онд манай байгууллагад ирсэн юм. Тэр үеэс хойш цусаа хандивласаар 2011 онд “Хүндэт донор”, өнгөрсөн жил “Хүрэл донор” болсон. Одоогоор 80 орчим удаагийн үйлдлээр нийт 30 гаруй литр цус хандивласан байна. Миний цусыг ямар хүнд сэлбэж байгааг мэдэхгүй ч төрхийн хүндрэлтэй, цусны дутагдалтай нярай, хагалгаа нь хүндэрсэн өвчтөнд очиж байгаа байх. Энэ утгаар нь бодоход үнэхээр сэтгэлд өег сайхан байдаг юм. Сүүлдээ цусны төвийнхэнтэй найзууд болчихсон ямар нэг арга хэмжээ болох үед ажилгүй байж таарвал гэрэл зургийг нь авч өгдөг. Энэ бүхнийг үнэ хөлсөөр биш, хоббигоороо хийдэг гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу.

-Найман аппаратны ард гарсан гэхээр зургийн сан арвин байх. Уран бүтээлээрээ үзэсгэлэн гаргах тухай бодож байв уу?
-Хүмүүс намайг үзэсгэлэн гаргаач гэдэг л юм. Миний хувьд арай болоогүй юм шиг санагдаж байгаа. Гэхдээ санаж явбал бүтнэ гэдэг шиг хэзээ нэгэн өдөр үзэсгэлэнгээ гаргах байх. Одоогоор урын санд зөвхөн төмөр замтай холбоотой 50000 гаруй зураг бий. Үүн дээр миний гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олны гэр бүлийн зургууд нэмэгдэнэ. Мөн спортын зургууд нэлээд их бий. Хүмүүс зургаа авъя гэхээр нь хуулаад, заримдаа угаалгаад өгдөг. Хариуд нь урмын үг сонсдог. Энэ нь надад сайхан санагддаг. Заримдаа эхнэр зэмлэнэ. Ашиг мөнгө харахгүй атлаа үнэтэй аппарат авах юм гээд л. Гэхдээ хэн нэгнийг баярлуулж явбал хэтдээ үр хүүхдүүдэд маань буян ирэх байх гэж боддог.


САНАЛ БОЛГОХ