ҮСХ: ДНБ оны эхний хагаст өмнөх оны мөн үеэс 5.3 хувиар өсөв

Мэдээ

Дотоодын нийт бүтээгдэхүүн энэ оны эхний хагас жилийн байдлаар 7.6 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 5.3 хувиар өссөн болохыг ҮСХ мэдээллээ. Энэхүү өсөлтөд аж үйлдвэр, барилгын салбарын нэмэгдэл өртөг 2.5 хувиар буурсан хэдий ч үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг 7.9 хувь, бүтээгдэхүүний цэвэр татвар 21.7 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Үүнээс харахад татварын орлого ахиуц хэмжээгээр өссөн байгаа юм. Татварын ерөнхий газрын мэдээлснээр энэ оны эхний долоон сард улсын төсөвт 1.57 их наяд төгрөгийн татварын орлого төвлөрсөн нь өмнөх оны мөн үеэс 88 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт болжээ. Сүүлийн долоон жилийн эхний хагас жилийн үзүүлэлтийг харахад, ДНБ 2011 оны эхний хагас жилд хамгийн өндөр буюу 20 хувиар өсөж байсан. Харин өмнөх оны мөн үед 1.5 хувиар өсөж байжээ. Эдийн засаг эхний хагас жилд 5.3 хувиар өсөхөд ОУВС-ийн хөтөлбөрийн нөлөө болон эрдэс бүтээгдэхүүн тэр дундаа нүүрсний экспорт огцом нэмэгдсэнтэй холбоотой болохыг эдийн засагчид онцолж байгаа юм. ОУВС-ийн "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-ийн хүрээнд Монгол Улсад эхний ээлжинд 38.6 сая ам.доллар харин хоёр дахь ээлжинд 100 сая ам.долларын санхүүжилт орж ирснийг энд онцлох хэрэгтэй. Түүнчлэн экспорт 2017 оны эхний долоон сард өмнөх оны мөн үеэс 979.2 сая ам.доллараар өсжээ. Үүнээс нүүрсний экспорт 1.4 тэрбум ам.доллар хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 4.2 дахин өссөн үзүүлэлт болж байна.



САНАЛ БОЛГОХ