Хоёр өрөө хуучин орон сууцны үнэ өнгөрсөн оны мөн үеэс 6.16 хувиар буурчээ

Мэдээ

Хоёр жил гаруй үргэлжилсэн орон сууцны үнийн бууралт саарч, анх тооцож байсан үеийн түвшинд хүрээд байна. Долдугаар сард орон сууцны үнийн ерөнхий индекс 1 нэгж болж суурь үе буюу 2013 оны нэгдүгээр сараас 0.28 хувиар өссөн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 1.16 хувиар, өнгөрсөн сараас 0.74 хувиар буурсан дүн юм. Зах зээлд нийлүүлэгдсэн шинэ орон сууцны үнэ буурсан нь орон сууцны үнийн индекс буурахад нөлөөлжээ. Орон сууцны үнийн индекс 2014 оны гуравдугаар сард хамгийн өндөр буюу 23.7 хувьтай гарч байсан юм. Харин 2014 оны 12 дугаар сараас хойш дундаж үнэ тогтмол буурсаар байна. Долдугаар сарын байдлаар шинэ орон сууцны үнэ нэг метр квадрат нь өнгөрсөн оны мөн үеэс 0.56 хувиар буурч, хоёр сая 22 мянган төгрөг болсон. Өнгөрсөн сард хоёр сая 37 мянган төгрөг байсан юм. Хан-Уул дүүрэгт шинэ орон сууцны дундаж үнэ хамгийн өндөр байгаа бол Сонгинохайрхан дүүрэгт хамгийн хямд байна. Харин хоёр өрөө хуучин орон сууцны үнэ өнгөрсөн оны мөн үеэс 6.16 хувиар буурч, 72 сая 698 мянган төгрөг болсон байна. Хэдийгээр орон сууцны үнэ буурч байгаа ч ипотекийн зээл олголт саарсан. Гэхдээ одоогийн байдлаар Монголбанк сар тутамд 25-30 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээлийг арилжааны банкуудад олгож буй. Долдугаар сард л гэхэд 28.3 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн санхүүжилт гаргажээ. Ингэснээр 408 зээлдэгчийн 20.05 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг шийдсэн байна.



САНАЛ БОЛГОХ