Оператор компаниуд лизингийн үйлчилгээгээр жилд 40-60 мянган ширхэг гар утас борлуулдаг

Мэдээ

Гар утасны лизингийн үйлчилгээг дотоодод 2012 оноос нэвтрүүлсэн. Эхний жил 10 мянган ширхэг гар утас лизингээр худалдаалж байсан бол энэ оны байдлаар үүрэн холбооны нэг оператор л гэхэд 60 мянган ширхэг гар утас худалдаалаад байгаа талаар Харилцаа холбооны зохицуулах хороо мэдээллээ. Тухайлбал, “Unitel” компани жилд 40 мянгаас 60 мянган ширхэг гар утас лизингийн нөхцөлөөр борлуулдаг байна. Нийт хэрэглэгчдийнх нь 90 хувь нь гар утасны лизингийн үйлчилгээнд хамрагджээ. “Unitel” компанийн хувьд гар утасны лизингийн борлуулалт 2016 онд өмнөх оноосоо хоёр дахин өссөн. Харин 2017 оны эхний найман сард өмнөх оны мөн үеэс гурав дахин нэмэгджээ. Лизингийн нөхцөлөөр худалдаалсан нийт утасны 40 хувийг нэг саяас дээш үнийн дүнтэй гар утаснууд эзэлдэг гэж “Unitel” компани мэдээллээ. Харин “Mobicom” корпорацийн хувьд “iPhone” брэндийн албан ёсны борлуулагч бөгөөд лизингийн борлуулалтаар тэргүүлдэг гэж мэдээллээ. Мөн 2016 оны нэгдүгээр сард үүрэн холбооны бүх операторын хэрэглэгчдэд “iPhone” утсыг лизингээр олгох тусгай урамшуулал зарлаж, нэг сарын турш хэрэгжүүллээ.

Тухайн сард “iPhone”-ийн борлуулалт өмнөх оны мөн үеэс гурав дахин өссөн байна. “Mobicom”-ын хувьд жилд дунджаар 50 мянган ширхэг гар утас борлуулдаг байна. Үүний 60 гаруй хувийг “iPhone”-ий борлуулалт бүрдүүлдэг аж. Харин гар утасны лизингийн үйлчилгээгүй ч үндсэн үнийн хувьд операторуудынхаас хямд гэгддэг “TEDY” төвийн борлуулалт ч хэвийн байгаа гэж "iPhone төв" мэдээллээ. “TEDY” төвд гар утас борлуулдаг 150 орчим лангуу байдаг. Үүний 60 гаруй хувь нь “Хас”, “Хаан” банктай хамтран лизингээр гар утсаа худалдаалах боломжтой болжээ.



САНАЛ БОЛГОХ