Түүхийн жимээр өртөөлөх уран бичлэг

Залуус


Жүдо бөхийн цэвэр ялалт гэдэг шиг тухайн үеийнхээ сэтгэл хөдлөлийн эгшгийг буулгадаг

Төрөлх хэл бичгийн соёлыг түгээн дэлгэрүүлж, муутуу цаасан дээр бийрийг “бүжиглүүлж” буй залууг Нямбаатарын Балжинням гэдэг. Тэрбээр каллиграф буюу уран бичлэгээр тав дахь жилдээ бүтээл туурвиж байна. Өдгөө олж авсан эрдэм мэдлэгээ бусадтай хуваалцахын сацуу уран бичлэгийг дэлгэрүүлэн судлахыг зорилгоо болгожээ.

-Уран бичлэгт хэзээнээс шимтэх болсон бэ?
-Би Улаанбаатар хотын унаган хүү. Эхээс дөрвүүлээ. Айлын дундах хүүхэд. Гандантэгчинлэн хийдийн Шашны дээд сургуулийн Монгол зургийн ангид сурдаг. Манай сургууль бусад сургуулийн адил дөрвөн жил сураад бакалаврын зэрэг эзэмшдэг. Харин каллиграф буюу уран бичлэгийн төрлөөр хичээллээд таван жил болж байна. Миний бийрийн титмийн багшийг Э.Эрдэнэ-Зуу болон Б.Алтантуяа гэдэг. Манж, Төвөд хэл судалдаг болохоор ч тэр үү хэл бичигт их сонирхолтой. Тиймээс л уран бичлэгээр бичиж эхэлсэн. Гэр бүлийнхэн болон лам багш нар маань их тус болсон. Одоо урландаа сургалт явуулж, хүмүүст уран бичлэг зааж байна.

-Өдөрт хэчнээн цаг сургуулилалт хийдэг вэ. Хичээлийн хажуугаар энэ бүхнийг амжуулахад хүндрэлтэй байдаг уу?
-Өдөрт хамгийн багадаа хоёр цаг сургуулилалт хийхгүй бол гар эвлэхээ больчихдог. Тиймээс өдөр бүр сургуулилалт хийнэ. Заримдаа цаг зав гарахгүй үедээ баримлын шавар атгаад явдаг. Учир нь гараа уян хатан байлгахын тулд ийм дасгал хийнэ. Харин хийх ажлаа уридчилан төлөвлөдөг учраас бэрхшээл гардаггүй. Ерөнхийдөө энэ бүгдийн цаана ээж минь байдаг гэхэд хилсдэхгүй. Миний найдвартай ар тал шүү дээ (инээв).

-Хэл бичгээ сайн мэддэг байхаас гадна гарын эв дүй их чухал байх?
-Тэгэлгүй яахав. Монгол бичгийг сайн мэддэг байж, уран бичлэгт буулгадаг. Уран бичлэгээр бичихэд гарын эв дүй чухал. Бийрийн барилт, өргөлт, таталт, цаастайгаа хэрхэн харьцах зэрэг нарийн ажиллагаа ихтэй. Мөн нарийн мэдрэмж шаарддаг. Товчхондоо анхаарлаа сайн төвлөрүүлэх шаардлагатай гэсэн үг. Тэгж байж нэг удаагийн татлагаар бичнэ шүү дээ. Уран бичлэгийг ямар ч хүн сурах боломжтой. Хамгийн гол нь тууштай, хичээл зүтгэлтэй байх хэрэгтэй.

-“Улаанбаатар принт”-ээс гаргадаг дэврийн хавтсыг өөрийн тань бүтээл өнгөлөх болжээ. Энэ тухайгаа ярихгүй юу?
-Өнгөрсөн долдугаар сард хамтран ажиллах санал тавьсан. Ингээд оюутан, сурагчдад зориулсан, урам өгөх зорилготой найман төрлийн уран бичлэг гаргахаар болж, бэлтгэл ажлаа хангаж эхэлсэн. Энэ сарын 20-доор хэвлэлтээс гарч, хүмүүсийн гар дээр хүрсэн байх. Цаашид өөр олон цуврал гаргахаар төлөвлөөд байна.

-Зураач хүн уран бичлэгээр бичихэд илүү ойр байдаг уу?
-Зураг зурдаг хүн каллиграф бичихэд их дөхөм байдаг. Би гэхэд өөрийн ур дүй дээрээ үндэслэн сонирхолдоо хөтлөгдөн уран бичлэгээр бичиж байна. Миний бичлэг бол эртний судрууд дээр байдаг шиг хэв маягаа олсон, тогтуун тайван өнгө аяс агуулдаг. Одоо ч бүр гүн орж байх шиг байна даа (инээв).

Өдөрт дор хаяж зургаан цаг огт хөдлөхгүй сууж сурдаг
-Уран бичлэгээр бичдэг хүмүүсийн нэрийн хуудас нь тамга байдаг шүү дээ. Өөрийн хэрэглэдэг тамганыхаа талаар ярихгүй юу?
-Бичээч хүний дөрвөн эрдэнэ гэж байдаг. Үүнд бийр, бэх, муутуу цаас, янтай гэж бий. Бичээч хүний нэрийн хуудас болох тамга нь юу ч байж болдог. Тухайлбал, эмэгтэй хүмүүс цаа буга, янз бүрийн хээ хуараар тамгаа хийлгэсэн байдаг. Ихэвчлэн монгол дөрвөлжн үсгээр нэрээ бичдэг. Харин минийх соёмбо болон дөрвөлжин үсгээр нэрээ бичсэн хоёр тамга бий.

-Өөрийн тань урын санд хэчнээн бүтээл байдаг вэ?
-Хүний нэрнээс авахуулаад эртний түүх, шүлэг гээд их олон төрлийн зүйл бичдэг. Миний тооцоолсноор айлын хойморт залсан 500 орчим, сорчлон бүтээсэн таван уран бичлэг бий. Би 2015 оны арванхоёрдугаар сард Ерөнхийлөгчийн нэрэмжит “Хүмүүн бичиг”, 2016 онд Монгол туургатны “Миний монгол бичиг” тэмцээнд оролцож түрүүлсэн. Мөн 2015 онд “Болор цомын шүлгийг босоо монгол бичгээр” тэмцээнд орж, эхний тавд шалгарч байсан.

-Уран бичлэгээр бичихэд хэр хугацаа зарцуулдаг вэ?
-Нэг бичээд эхэлчихвэл хэдэн цагаар ч хамаагүй суучихдаг. Гэхдээ яг бичих хугацааны хувьд жүдо бөхийн цэвэр ялалт гэдэг шиг тухайн үеийнхээ сэтгэл хөдлөлийн эгшгийг буулгадаг болохоор маш богино хугацаанд бичдэг. Харин нэг алдаа гаргавал эргэж засах боломж байдаггүй.

-Хэдэн ч цагаар хамаагүй бичээд суучихдаг гэсэн. Каллиграфаар бичихийн юу нь сайхан байдаг вэ?
-Урлагийн их мэдрэмжтэй болгохын сацуу тэвчээртэй болдог. Тухайлбал, гурав, дөрвөн метр урт судар бичиж байхад хүний тархи, нүд, бугуй, хуруу, тохой бүгд зэрэг ажилладаг. Тиймээс анхаарлаа төвлөрүүлэх нь хамгийн чухал.

• Гараа уян хатан байлгахын тулд баримлын шавар атгаад явдаг.

• Бийрийн барилт, өргөлт, таталт, цаастайгаа хэрхэн харьцах зэрэг нарийн ажиллагаа ихтэй.

• Оюутан, сурагчдад зориулж найман төрлийн уран бичлэгтэй дэвтрийг Улаанбаатар принттэй хамтран гаргаад байна.

Өдөрт дор хаяж зургаан цаг огт хөдлөхгүй сууж сурдаг. Сэтгэл санаа тогтвортой болно. Зарим хүн каллиграф бичиж байгаад монгол зураг зураад сурах нь ч бий. Энэ бүгдийг харж, уншиж, бичиж, мэдэрч байна гэдэг л хамгийн сайхан нь шүү дээ. Цаашид төвөд, тод монгол бичгээр бичиж үзнэ гэж бодож байгаа. Мөн монгол зургийг ч каллиграфаар зурж үзэх санаа бий.

-Сургалтаа хэрхэн зохион байгуулдаг вэ?
-Урландаа уран бичлэгээ бичихээс гадна хүмүүст сургалт явуулж байгаа. Сургалтад маань морин хуурч, гитарчин, яруу найрагч, бизнес эрхэлдэг гээд янз бүрийн хүмүүс явдаг. Олон хүнд заахад хүндрэлтэй байдаг учраас 5-10 хүнд заадаг. Улаанбаатар хотоос гадна хөдөө орон нутагт хэдэн удаа очиж сургалт явуулж байсан. Тухайлбал, Булган, Завхан аймгийн багш нарт 3-30 хоног хүртэлх хугацаагаар сургалт явуулсан.


САНАЛ БОЛГОХ