Хичээлийн шинэ жилд бэлэн үү

Боловсрол


Cургуулийн ачааллыг бууруулж, хоёр ээлжинд шилжүүлнэ

2017-2018 оны хичээлийн шинэ жилд нийслэлийн хэмжээнд 241 ерөнхий боловсролын сургуульд 499186 хүүхэд суралцах бол 623 цэцэрлэгт 146295 хүүхэд хамрагдахаар бүртгүүлээд байгаа. Гэтэл сургууль, цэцэрлэгийн ачаалал буураагүйгээс гадна засварын ажил дуусаагүй байгаа юм. Тиймээс хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил хангагдсан, эсэх талаар нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Дашдэмбэрэлээс тодрууллаа.

-Сургууль, цэцэрлэгүүд хүүхдүүдээ хүлээж авахад бэлэн болсон уу?
-Шинээр баригдсанаас бусад сургууль, цэцэрлэг есдүгээр сарын 1-нээс хичээллэнэ. Харин шинээр баригдаж буй 890 хүүхдийн есөн цэцэрлэг, 4380 хүүхдийн таван сургуулийн барилгын ажил хараахан дуусаагүй байна. Хугацаандаа амжихгүй бол ирэх есдүгээр сард багтаан ашиглалтад оруулна. Мөн нийслэлийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн 51 засварын ажил үргэлжилж байна. Гэхдээ хичээлийн шинэ жилээс өмнө бүх засварын ажлыг дуусгах төлөвлөгөөтэй байна.

-Жил бүр сургууль, цэцэрлэгийг шинээр барьж ашиглалтад оруулдаг ч ачаалал буурахгүй байна?
-Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн жил гурван ээлжээр хичээллэдэг 34 сургууль байснаас шуурхай арга хэмжээ авч, хичээлийн явцад 31 болгосон. Харин энэ жил 28 болон буурч байгаа. Цаашид гурван ээлжээр хичээллэдэг сургуулийн ачааллыг бууруулж, хоёр ээлжээр хичээллэдэг болгохоор төлөвлөөд байна.

-Ерөнхий боловсролын сургуулийн багш нар өдөр өнжүүлэх ажиллуулдаг. Үүнийг хэрхэн зохицуулдаг вэ?
-Өдөр өнжүүлэх гэдэг нь нэг төрлийн хөдөлмөр эрхлэлт. Тиймээс үүнийг Хөдөлмөр, нийгэм хамгааллын яам хариуцан ажилладаг. Ерөнхийдөө зөвшөөрлийг нь тэндээс олгодог гэсэн үг.

-Есдүгээр сарын 1-нд нээлтээ хийх боломжгүй сургууль бий юү?
-Одоогийн байдлаар хичээлийн шинэ жилийн нээлт хойшлогдох сургууль, цэцэрлэг байхгүй. Харин мягмар гарагаас эхлэн шинээр баригдаж байгаа сургууль, цэцэрлэгүүдэд хяналт тавихаар улсын комисс ажиллаж байна. Хэрэв комисс хүлээгээд авах юм бол есдүгээр сарын 1-нд хичээл эхэлнэ.

-Ирц нь бүрдээгүй цэцэрлэгүүд хүүхэд нэмж бүртгэхгүй байгаа. Үүнд ямар арга хэмжээ авч байна вэ?
-Гадаад руу явсан, хувийн цэцэрлэгт орсон, хөдөө орон нутаг руу шилжсэн зэрэг шалтгаанаар цэцэрлэгүүдэд сул орон тоо гараад байгаа. Хичээл эхлэх хүртэл тодорхой хугацаанд хүлээнэ. Хэрэв ирэхгүй бол сул  орон тоон дээр нэмэлтээр хүүхэд авна.


• Есөн цэцэрлэг, таван сургуулийн барилгын ажил хараахан дуусаагүй байна.

• Гурван ээлжээр хичээллэдэг сургуулийн тоог 28 болгож бууруулсан.

• Өдөр өнжүүлэх ажиллуулах зөвшөөрлийг ХНХЯ-наас олгодог.

 -Цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдийн хувьсах зардлыг улсаас гарган хувийн цэцэрлэгт хамруулж байсан. Энэ жил хэвээр үргэлжлэх үү?
-Өнгөрсөн жил хувийн хэвшлийн цэцэрлэгүүдэд байгаа сул орон тоог ашиглан хувьсах болон хоолны зардлыг шийдэж 3087 хүүхдийг хамруулсан. Энэ жил тус үйл ажиллагаа үргэлжлэн явагдана.


САНАЛ БОЛГОХ