Халдварт өвчин дэгдэх эрсдэл өндөр байна

Эрүүл мэнд


Жилд 120 хүүхэд амьсгалын замын халдварт өвчнөөр нас барж байна

Амьсгалын замын өвчлөлөөр дэлхийд жилд 55 сая хүн нас бардаг гэсэн судалгаа бий. Үүний таван хувь буюу гурван сая орчим нь агаарын бохирдлын улмаас нас бардаг байна. Ялангуяа бага насны хүүхдийн дунд энэ өвчлөл түгээмэл тохиолддог бөгөөд жил бүр 1-5 хүртэлх насны таван сая орчим хүүхэд энддэг. Үүний 75 хувь буюу гурван сая нь уушгины үрэвслийн улмаас хорвоог орхисон.

Харин Монгол орны хувьд өнгөрсөн жил амьсгалын замын халдварт өвчний тохиолдол 38699-д хүрсэн нь сүүлийн таван жилд байгаагүй хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Уушгины хатгалгаагаар гэхэд өнгөрсөн онд ойролцоогоор 120-130 орчим хүүхэд, 1250 насанд хүрэгчид нас барсан байна. Үүнийг 2015 оныхтой харьцуулахад 8715 тохиолдлоор нэмэгджээ. Нас барсан тохиолдлын 60.2 хувь нь эрэгтэй, дундаж нас нь 36.6 буюу хөдөлмөрийн насныхан аж. Амьсгалын замын халдварт өвчинд улаан бурхан, менингоккот халдвар, салхин цэцэг, сүрьеэ, улаан эсэргэнэ, улаанууд, гахайн хавдар, улаанууд, ёлом, хийт үхжил, халдварт эритема, томуу томуу төст болон бусад амьсгалын замаар дамждаг өвчлөл багтана.
Амьсгалын замын өвчлөл нь шууд хүндэрдэггүй болохоор хүмүүс төдийлэн ойшоодоггүй. Тэгвэл амьсгалын замаар дамжих вируст халдвар нь хүний биед хадгалагдан дархлааны системийг гэмтээж, өвчлөмтгий эрхтнийг барьж, эрхтэн тогтолцоог гэмтээдэг.

ТОМУУГИЙН ВИРУС ШИЛЭН ГАДАРГУУД 10, ЦЭРЭНД 2-3 ДОЛОО ХОНОГ ХАДГАЛАГДДАГ
Өнөөдрийн байдлаар амбулаториор үйлчлүүлж буй хүмүүсийн 10 мянган хүн тутмын 1647 нь амьсгалын замын халдварт өвчнөөр өвчилжээ. Өвчлөлийн 95 хувь нь вирусийн гаралтай. Тухайлбал, наад зах нь өвлийн улиралд ихэвчлэн тохиолддог томуугийн вирус нь гадаад орчин, физик, химийн үйлчлэлд тэсвэр муутай боловч хасах 20-70 хэмд хэдэн ч жилээр амьдарч чаддаг аж. Халдвар авсан хүн 24-48 цагийн дотор вирусийг гадагш ялгаруулдаг бөгөөд том хүн тав хоног, хүүхэд 10 болон түүнээс дээш хоног халдварыг тараадаг байна. Өвчин голдуу агаар дуслын замаар буюу ханиах, найтаах, ярих үед вирус гадаад орчинд тархсанаас халддаг. Томуугийн вирус гэхэд тасалгаанд 2-9, металл болон хуванцар гадаргуу дээр 24-48, цаасан дээр 8-12 цаг, шилэн гадаргуу дээр 10 хоног, цэрэнд 2-3 долоо хоног хадгалагддаг. Тиймээс томуугийн дэгдэлт хоёроос гурван сар үргэлжилдэг байна. Хотын агаарын бохирдлыг бууруулахад 10 орчим тэрбум төгрөг зарцуулсан ч өнөөдрийг хүртэл өөрчлөлт гараагүй л байна. Агаар, хөрс, орчны бохирдлыг арилгахад дорвитой арга хэмжээ авахгүй байсаар эрүүл монгол хүүхэд үлдэхгүй нь. АНУ-ын Калифорнийн их сургууль, БНСУ-ын Сөүлийн үндэсний их сургуулийн мэргэжилтнүүдийн хийсэн Улаанбаатар хотын агаарын бохирдлын судалгаагаар жилд 120 хүүхэд амьсгалын замын халдварт өвчнөөр, 1200-1300 насанд хүрэгчид зүрх судасны өвчлөлөөр нас бардаг гэсэн дүн гарчээ.

• Амьсгалын замын өвчлөлөөр дэлхийд жилд 55 сая хүн нас барж байна.

• 10 мянган хүн тутмын 1647 нь амьсгалын замын халдварт өвчнөөр өвчилжээ.

• 1-5 хүртэлх насны таван сая орчим хүүхэд эндэж байгаагийн гурван сая нь уушгины үрэвслийн улмаас хорвоог орхисон.

НАС БАРАЛТЫН ТОО 13 МЯНГААР НЭМЭГДЭНЭ
Калифорнийн их сургуулийн эрдэмтдийн хэлж буйгаар амьсгалын замын халдварт өвчин хүндэрвэл хүүхдийн дархлааны тогтолцоо бүрэн алдагдаж, тэжээлийн дутагдалд ордог байна. Учир нь агаарт байгаа олон зуун вирус, химийн элемент нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг төдийгүй хүүхдийн дархлааг унагаж, эрхтэн тогтолцоог гэмтээж, улмаар хавдар үүсгэх нэг шалтгаан болдог аж. Хаврын улиралд амьсгалын дээд замын цочмог халдвар, архаг бронхит, уушгины хатгалгаа, харин намар риновирус буюу бактерийн халдвараас шалтгаалсан амьсгалын дээд замын өвчлөл нэмэгдэж, нас баралт илүүтэй тохиолддог байна. Нийт өвчлөлийн 80 гаруй хувь нь бохир гар болон агаарын бохирдлоос болдог аж. Гэтэл өнгөрсөн өвөл Улаанбаатар хотын агаарын бохирдол ДЭМБ-ын олон улсын стандартад заасан жилийн дундаж нарийн ширхэглэгт тоосонцрын хэмжээнээс долоо дахин, Монгол Улсын үндэсний стандартад заасан жилийн дундаж зөвшөөрөгдөх дээд түвшнээс гурав дахин их нэмэгдэж, аюултай түвшинд хүрсэн. Энэ мэтчилэн агаарын бохирдлыг бууруулахад дорвитой арга хэмжээ авахгүй бол 2024 он гэхэд амьсгалын замын халдварт өвчний нас баралтын тоо 13 мянгаар нэмэгдэнэ гэдгийг судлаачид анхааруулж байна.
САНАЛ БОЛГОХ