Ажил урагшлуулах “урлаг”

Нийтлэлчийн булан


Төсөл урагшлах, эсэх нь төслийн удирдлагаас хамаардаг

Ажил өрнүүлэх “урлаг” манайд үгүйлэгдээд удлаа. Аливаа төсөл, хөтөлбөрийг зогсолтгүй урагшлуулж, үр шимийг хүртэх нь амаргүй даваа болчихоод байна. Олон улсад төслийн менежмент хэмээн нэрлэдэг энэ “урлаг” өнөөг хүртэл Монголд нутагшаагүй. Хувийн хэвшлийн цөөн компанийг эс тооцвол төслийн амжилтын түлхүүр болох ухаалаг удирдлагыг хэрэгжүүлэлгүй өдий хүрсэн. Ингэхэд монголчуудын хэрэгжүүлж буй төслүүдээс хэд нь амжилттай урагшилж байгаа билээ. Хувийн хэвшлийн хэдэн төслийг эс тооцвол нэр цохоод нэрлэчих, нүдэнд үзэгдэж, гарт баригдахуйц мега төсөл үнэндээ ховор. Дийлэнх нь цаасан дээр “сүндэрлээд”, төрийн байгууллагын шүүгээнд “хэвтэж” байгаа. Өнгөрсөн 30 орчим жилд эх орны хөгжилд нэн чухал олон төслийг манай бодлого тодорхойлогчид сэдсээр ирсэн. Гэхдээ энэ олон төслийн дийлэнх нь төлөвлөгөө хэвээр олон жилийг үдэж байна.

Зэс хайлах, нефть нэрэх үйлдвэр, аж үйлдвэрийн парк, чөлөөт бүс, төмөр зам... Энэ уртаас урт мөрөөдлийн жагсаалтаар бол Монгол Улс хэдийнэ хөгжлийн манлайд хүрчихсэн яваа. Ялангуяа, төрийн төсөл удирдах чадвар сул. Төрийн гэх тодотголтой төслүүд гацаж, гажиж, ухарч, уруудаж буйгаас төрийн ямар менежер болохыг бэлхнээ харж болно. “Сүүлийн жилүүдэд үндэсний томоохон компаниуд зах зухаас нь төслийн менежментийг хэрэгжүүлж байна. Харин улсын хэмжээнд ялангуяа төрийн байгууллагын түвшинд энэ ойлголт хэвшээгүй хэвээр байна” хэмээн Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх Н.Энхбаяр ярилаа.

Төсөл бол эхлэл, төгсгөлтэй, үр дүнтэй үйл явц. Энэ үйл явцыг зөв тооцоолж, эрсдэлийг нь үнэлж, төлөвлөснөөс төслийн хувь заяа хамаардаг. Цэгцтэй удирдаж, амжилттай дуусгахыг төслийн менежмент гэж ойлгож болно хэмээн мэргэжлийн хүн ярьж байна. Тиймээс “Төслийн менежмент нь нарийн шинжлэх ухаан. Мэргэжлийн хүн хийх хэрэгтэй. Зам сайн барьдаг байлаа гээд замын төсөл удирдана гэсэн үг биш. Төслийн менежер нь тухайн ажлыг нэг жилд багтаах уу, гурван жилд дуусгах уу, нэг сая ам.доллараар, 10 сая ам.долларт уу гэдгийг шийддэг. Үүнийг ажил урагшлуулах “ухаан” хэмээн нэрлэж байгаа юм” гэж Олон улсын төслийн удирдлагын институтийн Монгол дахь салбарыг үүсгэн байгуулагчдын нэг Д.Тулга онцлов. Товчхондоо, төслийн менежмент нь ажлын уураг тархи аж. Тэгвэл манайд тааруу төслүүд дэндүү олон. Нэг төсөл олон жил гацаж, хэд хэдэн удаа хөрөнгө оруулалт, байршлаа солих нь энүүхэнд. Ганцхан жишээ хэлэхэд, нэг цахилгаан станцын төсөл л гэхэд өдгөө гурван удаа байршлаа сольж, шаваа тавиад байгаа. Монгол орны баруун хойд хэсэгт байрлах “Могойн гол”-ын нүүрсний уурхайг түшиглэн барихаар болсон дулааны цахилгаан станцын шавыг өнгөрсөн онд гурав дахь удаагаа тавив. Одоогоос долоон жилийн өмнө буюу 2010 оны зургадугаар сард Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд тус станцын анхны шанг татаж байлаа. Гэвч хэдэн жилийн дараа энэ станцын байршлыг өөрчилж, шавыг нь Завхан аймгийн Тэлмэн суманд тавьж, тууз хайчилсан юм. Тэгвэл өнгөрсөн жил буюу 2016 онд дахиад л байршлыг нь сольж, Завханы Тэлмэн сумын Хүрэн талын хөндийд станцын шанг татсан. Нэг төсөл хэдхэн жилийн дотор хэдэнтээ өөрчлөгдөж, хувирсаар танигдахын аргагүй болдгийн бодит жишээ энэ. Могойн голын усан цахилгаан станцын энэ түүх Монголын олон төслийн туулж буй хувь заяа. Цаасан дээр хэдэнтээ “сүндэрлэж”, шав тавих ёслол нь цөөнгүй болсон ч нүдэнд торох юмгүй, үр дүнгүй “үл үзэгддэг” төсөл Монголд олон. Тавдугаар цахилгаан станцын төслийн сураг алдарч, эрчим хүчний найдвартай эх үүсвэрийн найдлага бөхсөөр. ТЭЗҮ нь бараг бэлэн болчихсон энэ төсөл, төлөвлөгөө төдий өдий хүрч байна.

Угтаа амархан төсөл амжилттай хэрэгждэггүй. Харин анхаарал халамж тавьснаар амжилт олдгийг олон улсын мэргэжилтнүүд зөвлөдөг. Олон улсын байгууллагууд Монголд хэрэгжүүлж буй бүх төсөлдөө зориулж тусгай нэгж байгуулж, түүнд мэргэшсэн хүнийг менежерээр нь томилдог. Гаднын компаниуд ч томоохон төслийнхөө жолоог мэргэжлийн хүнд атгуулдаг. Хэрэв бага зэргийн саатал, эндэгдэл л гарвал тухайн төслийн удирдлагыг сольж, маш хурдан хугацаанд шинэчлэл хийдэг нь харагддаг. Гэтэл энэ арга барил манайд хэр хэрэгжиж байгаа билээ. Төслөө муу удирдлаа гээд менежерийг нь сольсон түүх та хэр олон мэдэх вэ.

Төсөл бол олон талстаас бүрдэх үйл явц. Тиймээс цогцоор харж, нэгдсэн удирдлагаар хангах нь төслийн менежментийн гол үүрэг. Гэвч үүнийг умартсанаас төсөл саатах, алдагдал хүлээх эрсдэлтэй. Хамгийн ойрын жишээ бол Хөшигийн хөндийн нисэх буудал. Энэ төслийг санхүүжүүлэгч Японы тал зөвхөн нисэх буудлын барилгын ажлаа удирдсан. Гэтэл тэр буудал хүрэх зам, ажилчдын орон байр, цахилгаан, дулааны хангамж гээд бусад хэсгийг нь тооцоогүйгээс хугацаа алдаад байгаа. Хэдийгээр нисэх буудлын барилга бэлэн болсон ч бусад ажил дутуугаас ашиглалтад оруулахын тулд дахин нэг жил хүлээж байна. Угтаа олон улсын туршлагаар бол төслийн нэгж, хэсэг бүр зэрэг урагшилж, хамт ашиглалтад ордог. Гэвч цогцоор нь хараагүй, нэгдсэн бодлогогүйгээс ийм байдалд орчихоод байна. Япон улсаас их хэмжээний зээл авч босгосон нисэх буудлын барилга өнөө хэр хөөрч, буулгах онгоцоо хүлээсээр. Энэ хэрээр тус төслийг санхүүжүүлсэн зээлийн хүрд эргэж буй.

Монгол Улсын Засгийн газар ирэх жилүүдэд нефть нэрэх, зэс боловсруулах зэрэг хүнд үйлдвэрүүд барихаар төлөвлөж байгаа энэ үед дээрх алдаанаас сургамж авч, төслийн удирдлагыг оновчтой шийдэх нь чухал байна. Эс бөгөөс хөгжлийг түүчээлэх хүнд үйлдвэрлэл Монгол Улсад хүнд ачаа болон хувирахыг үгүйсгэхгүй. Жишээлбэл, газрын тос боловсруулах үйлдвэр гэхэд багаар бодоход нэг тэрбум ам.доллар нэхэж, 3-5 жилийн хугацаа шаарддаг. Гэтэл ингэж үйлдвэр босголоо гэхэд дэд бүтцийг ч нэгдсэн удирдлагаар шийдэх ёстой. Эс бөгөөс нефтиэ нэрээд эхэлтэл түүнийг зөөх хоолой үгүй л бол үйлдвэр ашиг биш алдагдал дагуулна. Тиймээс томоохон төслүүдэд нягт, тооцоотой хандах шаардлага бий.

Монгол Улс өнгөрсөн хугацаанд газрын тос боловсруулах үйлдвэрийн зөвхөн байршлыг нь гэхэд дөрөв, таван удаа сольчихоод байгаа. Хамгийн халагламаар нь, ийн эргэж хургаж, хувирч буй нь эргээд улс орны хөгжилд сөргөөр нөлөөлж байна. Ажил өрнүүлж, төсөл удирдаж чаддаггүй нь Монгол Улсын дунд болоод урт хугацааны хөгжлийн бодлогод нөлөөлж байгааг мэргэжилтнүүд онцолж байгаа. Монголын хөгжлийг тодорхойлох томоохон төслүүд хөдлөлгүй өнөө хүрч байгаа нь манай гол саад болчихоод байгаа.


• Зөв тооцоолж, эрсдэлийг нь үнэлж, төлөвлөснөөс төслийн хувь заяа хамаардаг.

• Амархан төсөл амжилттай хэрэгждэггүй. Харин анхаарал тавьснаар амжилт олдгийг олон улсын мэргэжилтнүүд зөвлөдөг.

• Олон улсын байгууллагууд Монголд хэрэгжүүлж буй бүх төсөлдөө зориулж тусгай нэгж байгуулж, түүнд мэргэшсэн хүнийг менежерээр нь томилдог.

Тэгвэл төслийн урагшлах, эсэх нь шууд төслийн удирдлагаас хамаарч таарч байна. Өөрөөр хэлбэл, төслийн удирдлага нь улс орны хөгжлийн нэг чухал түлхүүр болчихоод байгаа нь энэ. Тиймээс төслийн удирдлагыг утгаар нь ажиллуулах, түүнд тохирсон нарийн мэргэжлийн боловсон хүчнийг бүх салбарт бэлтгэх шаардлага тулгараад байна. Зарим их, дээд сургуульд төслийн удирдлагын хичээл ордог. Гэхдээ бизнесийн сургуулиудад энэ чиглэлийн анги тун ховор байдаг аж. Иймд энэ чиглэлийн мэргэжилтнийг бэлтгэх шаардлага ч зайлшгүй тулгарчээ. Эс бөгөөс Монголын хөгжлийг өрдөх төслүүд төрийн байгууллагын шүүгээнд хөсөр хаягдсаар байх нь.


САНАЛ БОЛГОХ