Ачаа нь хүндэдсэн багачууд

Боловсрол


Онц сурна гэдэг амьдралын баталгаа биш

“Том хүүгээ нэгдүгээр ангид ороход нь гэрийн даалгавар хийлгэх гэж бараг л “дайн” болдог байлаа. Удаан хөдөлгөөнтэй учраас ганцхан хичээлийн даалгавар хийх гэж бүтэн цаг зарцуулна. Зарим үед өрөвдөөд даалгаврыг нь хийлгэхгүй унтуулах тохиолдол ч байлаа. Энэ жил дүү нь сургуульд орсон. Яаж хичээлийг нь хийлгэх вэ гэхээс халширч байна” гэж нэгэн ээж ярилаа. Энэ жил улсын хэмжээнд 73,500 хүүхэд шинэхэн сурагч боллоо. Цэцэрлэгийн тоглоомоо сурах бичгээр сольсон багачуудад сургуулийн танхимд хэдэн цагаар сууна гэдэг амаргүй. Эцэг, эхчүүд ч хүүхдийнхээ сурлагад анхаарах, гэрийн даалгаврыг нь хийлгэх зэрэг том сорилттой нүүр тулгардаг. Уг нь манай улсын хүүхдүүдийн сургууль дээрээ өнгөрөөдөг хугацааг олон улсын жишигтэй харьцуулахад багад тооцогддог байна.

Ихэнх оронд сурагчдын хичээлээ хийх болон хичээлээс гадуурх үйл ажиллагаанд зарцуулах хугацаа нийлээд 5-9 цаг болдог аж. Харин манайд дунджаар 5.5 цаг байдаг. Түүнчлэн, ихэнх оронд нэг хичээлийн жилд 15- 16 хичээл судалдаг нь ч манайд хэрэгжиж буй. Гэтэл сурагчид яагаад ядаргаанд ортлоо хичээл хийдэг нь цөөнгүй учир шалтгаантай.

Эцэг, эхчүүд бага ангийнханд хэт их гэрийн даалгавар өгдөг хэмээн багш нарыг нэлээд шүүмжилдэг. 1-3 дугаар ангийн хүүхдийн анхаарлаа төвлөрүүлэх хугацаа нь 5-10 минут байдаг учир гэрийн даалгавраа хийхийн тулд багагүй хугацаа зарцуулж байна. Ганцхан мөр биччихээд суудлаасаа өндөлзөх жаалуудаар гэрийн даалгаврыг нь хийлгэнэ гэдэг тун бэрх.

30 гаруй жил багшилж, тэтгэвэртээ гарсан Б.Лхамдорж гуай “Манай улсад ихэнх сургууль хоёр ээлжээр хичээллэдэг. Бүр гурав, дөрвөн ээлжээр хичээллэдэг сургуулиуд ч цөөнгүй. Нэг ангид 50-60 хүүхэд сурдаг учраас багш сурагч тус бүртэй тулж ажиллаж чаддаггүй. Тиймээс багш нар хичээлийн агуулгыг гүйцээхийн тулд хэт их даалгавар өгдөг султ талтай. Тэгэхгүй байя гэхээр хичээлээсээ хоцорчих гээд байдаг” гэж учирлалаа.

Нөгөөтэйгүүр, эцэг, эхчүүд хүүхдээ бусдаас илүү боловсролтой хүн болгохын тулд хар багаас нь бүжиг, хөгжим, гадаад хэлний дугуйланд явуулах нь түгээмэл. Гэвч энэ их ачаалал ээж, аавынхаа өврөөс гарч амжаагүй багачуудад хүнддэж байна. БСШУЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын ахлах мэргэжилтэн Ж.Мягмар  “1-3 дугаар ангийнханд шинэ орчинд дасах, бие дааж сурахад асар их хугацаа, анхаарал халамж шаарддаг. Ийм насанд их юм мэддэг болохдоо биш сурах арга барил эзэмших нь чухал байдаг. Тийм ч учраас бага ангийнханд дүн тавихаа больсон. Уншдаг, бичдэг, тоо боддог байхад л хангалттай. Зургаан настнуудын хувьд бусадтай нээлттэй харилцаж сурах, бие дааж төлөвших нь чухал. Гэтэл зарим эцэг, эх багаас нь хичээлээр шахдаг, элдэв дугуйланд явуулдгийг би хувьдаа буруу гэж боддог. Ялангуяа, 1-3 дугаар ангийнхныг сургуулиас гадуур, гэрээс нь хол дугуйланд сургах нь маш их ядраадаг” гэсэн юм.

Ачаалал нь нэмэгдэх тусам хүүхдийн сурах хүсэл унтардаг. “Заавал онц сурах ёстой, бусдаас илүү байх ёстой” гэсэн эцэг, эхийн шаардлага тэдний сэтгэхүйг хайрцаглаж орхидог. Зарим нь хичээлээсээ өндийхгүй байсаар орчноосоо хязгаарлагдаж, бусадтай нээлттэй харилцаж чаддаггүй, бүрэг нэгэн болох нь ч бий.

Зургаан настнууд уншдаг, бичдэг, тоо боддог байхад хангалттай


Сарын өмнө гэхэд дураараа эрхлэн тоглож байсан зургаан настнууд сургуулийн босго алхсанаар чөлөөтэй тоглож чадахаа больдог. Унтах, хооллох цаг нь холдсоноос амархан ядарч, дархлаа нь сулардаг. Тиймээс зөвхөн сурлагад нь анхаарах биш эрүүл мэнд, бие бялдрын хөгжлийг нь ч орхигдуулж болохгүй. Нэгэн танил минь багаасаа л хичээл олон цагаар хийдэг байсан. Гэвч их сургуульд орсон хойноо толгой нь байнга өвддөг, тархины даралттай болсон байлаа. Үүнийг нь эмч нар тархи нь хэт их ядарсантай холбоотой хэмээн тайлбарласан байна билээ. Эцэг, эхчүүд өндөр шаардлага тавихаас илүү хүүхдэдээ тусалж, сонсох хэрэгтэйг мэргэжилтнүүд санууллаа. Хүүхдээ бусадтай харьцуулах нь тэдний хувьд хамгийн том “шийтгэл”. Тиймээс хүүхдийнхээ юу чаддаг, юунд сонирхолтойг таних нь нэн чухал. Олон тоо бодож, их ном уншсанаар сайн хүн болно гэдэг ойлголт ул болсон. Түүний оронд амьдрах ухаан, харилцааны ур чадварыг дээдэлдэг цаг ирснийг эцэг, эхчүүдэд сануулъя.
САНАЛ БОЛГОХ