Ослын шалтгаан нь гэрэл

Нийтлэл


Орон нутгийн замын ослоор 147 хүн амь насаа алджээ

Улсын хэмжээнд энэ оны эхний таван сарын байдлаар хүний амь нас хохирсон зам тээврийн ослын 83.9 хувь нь орон нутгийн замд бүртгэгджээ. Тодруулбал, энэ онд зөвхөн орон нутгийн замд гарсан зам тээврийн ослын улмаас 147 хүн амь насаа алдсан гэсэн харамсалтай мэдээ байна. Орон нутгийн замд гарч буй зам тээврийн ослын дийлэнх хувийг жолооч хурд хэтрүүлэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн  хэрэгсэл жолоодох, гэрэл шилжүүлээгүйн улмаас өөрийгөө болон бусдыг хохироох, бага насны хүүхдийг буруу тээвэрлэх зэрэг жолоочийн буруугаас шалтгаалсан осол эзэлж байна. Зургаан сарын дотор зөвхөн автомашины ослоор 147 хүн хорвоог цаг бусаар орхино гэдэг харамсмаар.

Замын цагдаагийн албаны даргаар ахлуулсан Ажлын хэсэг өнгөрсөн зургадугаар сард Дархан, Сэлэнгэ, Дорноговь болон Сайншанд чиглэлийн авто замд шинэ загварын зөөврийн хурд хэмжигч багажийг ашиглан хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн хурдад хяналт, шалгалт хийжээ. Гэтэл ердөө хоёр цагийн хугацаанд зорчин өнгөрсөн нийт 132 тээврийн хэрэгслийн 108 нь буюу 82 хувь нь хурдыг зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлжээ. ЗЦА-ны Орон нутгийн хяналтын хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахмад Я.Соронзонболд “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд суудлын автомашины дээд хурдыг орон нутгийн замд 80 км цаг гэж заасан байдаг. Гэвч тухайн замаар хөдөлгөөнд оролцож байгаа ихэнх тээврийн хэрэгслийн хурд заасан хэмжээнээс илүү байдаг. Дунджаар 120-140 км цагийн хурдтай явж байна. Заримдаа 150 км/цагаас дээш хурдтай ч хөдөлгөөнд оролцох тохиолдол байна. Тэгэхээр осол аваар гарч байгаа шалтгаан нөхцөлийн дийлэнх нь хурд хэтрүүлсэн, тухайн замын нөхцөл байдалд тээврийн хэрэгслийн хурдыг тохируулаагүйгээс үүдэлтэй аж. Орон нутгийн авто замын дийлэнх нь III, IV ангиллынх. Зарим тохиолдолд хальтиргаа гулгаатай замд 60 км цагаас доош хурдтай явж байгаад онхолдох, мөргөлдөх хэлбэрээр эрүүл мэнд, амь насаараа хохирох тохиолдол бий.

Мөн хурдаас гадна гэрэлтүүлэг хэрэгсэл хэрэглэх журам зөрчих, гүйцэж түрүүлэх, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсоноос жолооч, зорчигчид олноороо эрүүл мэнд, амь  насаараа хохирч байна” гэв. Аймаг орон нутгаар нь авч үзэхэд 2017 он гарсаар Сэлэнгэ, Төв, Дундговь, Баян-Өлгий аймагт харьяалагдах нутаг дэвсгэрийн хатуу хучилттай авто замд гарсан осол аваар дийлэнх хувийг эзэлж байна. Нийт ослын шалтгааныг тогтоож үзвэл 90 хувь нь жолоочийн буруугаас болсон байна. 

Зам тээврийн ослын 83.9 хувь нь орон нутгийн замд бүртгэгджээ


Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар дэлхий дээр өдөр бүр 16 мянга гаруй хүн осол гэмтлийн улмаас амиа алддаг нь хүн амын нийт нас баралтын 12 хувийг эзэлж байна гэжээ. Ослын улмаас амиа алдагсдын гуравны нэг нь 1-40 насныхан байдаг. Эдгээр осол гэмтлийн 25 хувь буюу дийлэнх нь зам тээврийн ослоос шалтгаалдаг байна. Зам тээврийн ослын шалтгаант нас баралтын 50 хувийг 15-44 насныхан эзэлдэг. Зам тээврийн осол гэмтлийн шалтгаант нас баралтын 85, зам тээврийн осол гэмтэлтэй холбоотой хөдөлмөрийн чадвар алдалтын 90, хүүхдийн осол гэмтлийн шалтгаант нас баралтын 96 хувь нь бага болон дунд орлоготой орнуудад тохиолддог байна. Өдөр бүр ийм хэмжээний осол зөвхөн санамсар болгоомжгүй, хэн нэгний буруугаас үүсэж байна. Нийт ирсэн дуудлагыг зургаан сард нь хуваагаад үзвэл өдөрт 50 гаруй автомашины осол, аваар гардаг байх нь. Нийт ослын ноцтой, том осол нь орон нутгийн замд гарч буй. Орон нутгийн зам хөдөлгөөн багатай учраас хурд хэтрүүлэх, ялангуяа шөнийн цагаар замд явахдаа гэрлээ шилжүүлдэггүйн гор ч хамгийн их нөлөөлж байна.

САНАЛ БОЛГОХ