Сурах бичиг хэвлэлтээс гарах болоогүй

Боловсрол


Тендерт будлиан гарснаар сурах бичиг тодорхойгүй хугацаагаар хойшлогджээ

Нийслэлийн хэмжээнд 2017- 2018 оны хичээлийн жилд төрийн өмчийн 136, төрийн бус өмчийн 105 сургуульд бага ангид 139226, дунд ангид 72940, ахлах ангид 37427 нийт 249593 хүүхэд суралцахаар бүртгэгдсэн. Тэгвэл энэ жил бага анги буюу I-V ангийн сурах бичгийг төрөөс зардлыг нь хариуцаж, өнгөрсөн зургадугаар сард нийслэл болон хөдөө орон нутгийн ерөнхий боловсролын сургуулиудад хүргүүлсэн. Харин дунд болон ахлах ангийн сурагчдын сурах бичиг өнөөдрийг хүртэл хэвлэлтээс гараагүй байгаа аж. Тиймээс сурах бичиг хэзээ хэвлэлтээс гарах талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамны Ерөнхий боловсролын бодлогын газрын мэргэжилтэн Р.Балжиннямаас тодрууллаа.

-Энэ жил ерөнхий боловсролын сургуулийн I-X ангийн нийт хэчнээн сурах бичиг хэвлүүлж байгаа вэ?
-Бага ангийн сурагчдын өсөлт, бууралтаас шалтгаалан энэ жил нөхөн хангалтаар нийт 20 нэр төрлийн 600 мянган сурах бичиг хэвлүүлсэн.

Нийт дөрвөн тэрбум төгрөг зарцуулаад байна

Харин дунд буюу VI-IX ангийн 20 нэр төрлийн, ахлах ангийн 48 нэр төрлийн тус бүр 600 мянга орчим сурах бичиг хэвлүүлэхээр хэвлэлийн компаниудад эхээ өгчихсөн байгаа. Өнөөдрийн байдлаар бага болон дунд ангийн сурагчдын сурах бичиг тараагдсан. Харин ахлах ангийн сурах бичиг хэвлэлтээс хараахан гараагүй байна.

-Ахлах ангийн сурах бичиг хэзээ хэвлэлтээс гарах вэ?
-Уг нь Ц.Дамдинсүрэнгийн Монгол хэлний дүрмийг ашиглаж ирсэн. Гэтэл хэвлэлийн компаниуд энэ журмыг мөрдөөгүйгээс үг, үсгийн зөрүү гарахаас гадна зарлагдсан тендерт маргаан үүсэж, Сангийн яам тендерийг татан авч шалгаж байгаа. Одоогийн байдлаар сурах бичиг хэзээ хэвлэлтээс гарах нь тодорхойгүй байна.

-Энэ сард багтаж ахлах ангийн сурагчдын сурах бичиг хэвлэлтээс гарах уу?
-Одоогоор тодорхой хариу гараагүй байна. Тендерийн шалгалтын дүн хэзээ дуусна тэр цагт хэвлэлтээс гарч, тараагдах байх.

• Дунд, ахлах ангийн 45 нэр төрлийн сурах бичгийг шинэчлэх шаардлагатай.

• Бага ангийн 20 нэр төрлийн 600 мянган сурах бичиг хэвлэгдсэн.

• Сурах бичгийн үнэ 1300-4500 төгрөгийн хооронд байна.

-Нийт хэчнээн компани сурах бичиг хэвлэж байна вэ?
-“Мөнхийн үсэг”, “Соёмбо принтинг”, “Адмон принт” зэрэг нийт найман компани ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийг хэвлэхээр болсон.

-Энэ хичээлийн жилд судлах сурах бичигт өөрчлөлт орсон уу?
-Бага ангийн сурах бичигт өөрчлөлт ороогүй. Харин дунд, ахлах ангийн 45 нэр төрлийн сурах бичгийг шинэчлэх шаардлагатай байгаа. Үнийн хувьд ч гэсэн өөрчлөлт ороогүй.

-Сурах бичгийн хэвлэлтэд хэчнээн төгрөгийн хөрөнгө зарцуулсан бэ?
-Энэ жил I-XII ангийн сурах бичигт нийт дөрвөн тэрбум төгрөг зарцуулаад байна. Дунд, ахлах ангийн сурах бичигт зарцуулах хөрөнгийн 40 хувийг төрөөс гаргасан. Харин үлдсэн хувийг борлуулалтын орлогоос олно.

-Сурах бичгийн үнэ нэмэгдсэн үү?
-Үнийн хувьд хэвээр байгаа. Ерөнхийдөө бүх ангийн сурах бичгийн үнэ 1300-4500 төгрөгийн хооронд хэлбэлзэж буй. Дундаж үнэ нь 2700 төгрөг гэсэн үг.
САНАЛ БОЛГОХ