Хатан шоргоолжны “эзэнт гүрэн”

Амьд ертөнц


Шоргоолж газар тариалан, “мал аж ахуй” эрхэлдэг

Ухаалаг, нэгдмэл, нийгэмшсэн. Энэ бол хүнээс гадна шоргоолжны гэр бүлд тохирсон тодорхойлолт. Хөл дор энд тэндгүй харагддаг шоргоолжийг нарийн судалбал амьдралын маш өвөрмөц төрх, нийгмийн зохион байгуулалтыг олж харна. Бид гаднаас нь хараад хар, улаан, нисдэг шоргоолж л гэж ялгадаг. Харин дэлхийд нийт 15 мянга гаруй зүйл шоргоолж бий. Үүнээс 72 зүйл нь Монгол оронд амьдардаг. Хамгийн бага нь хоёр мм орчим урттай бол том нь хоёр см хүрнэ.

Шоргоолж амьдрах чадварын хувьд маш сайн тул Антарктид тивээс бусад бүх газарт тархсан. Тухайлбал, Монголд орны говь цөл, хангай, тайга зэрэг бүхий л байгалийн нөхцөлд амьдардаг.

Энэ амьтныг маш олноороо, бүлээрээ амьдардгийг бид мэднэ. Төрөл зүйлээсээ хамаарч нэг үүрэн дэх шоргоолжны тоо янз бүр. Заримдаа нэг үүрэнд эх хатан шоргоолжноос гадна өөр цөөнгүй хатан шоргоолж хамт амьдрах тохиолдол бий. Хатан шоргоолж олон байх тусам бүлийн тоо нэмэгддэг. Ийм олон “хатан”-тай үүрэнд 10 сая орчим шоргоолж байдаг аж. Улаанбаатар хотын Тэрэлж ууланд гэхэд өргөнөөрөө 2-3 метр, өндрөөрөө 1.5 орчим метр том үүр тааралддаг байна. Шоргоолжны нийгэм дотроо эртний Энэтхэгтэй адил давхарга буюу кастад хуваагддаг. Хамгийн дээд “каст” нь хатан шоргоолж. Үүний дараа эр нь ордог бол ажилчин шоргоолж хамгийн доод буюу гурав дахь “каст”-ыг бүрдүүлдэг байна. Тэдний ажил үүргийн хуваарь маш нарийн зохион байгуулалттай бөгөөд бүгд ажлаа үнэнчээр хийдэг. Шоргоолж биеийнхээ жингээс 20 дахин их идэш, тэжээл болон бусад зүйлийг чирдэг. Харин амаараа 10 дахин хүнд зүйлийг зууж явах чадалтай.

Шоргоолжны хүч чадлын нууц нь тэдний биеийн бүтэцтэй холбоотой юм. Бусдаасаа том хэвлий хэсгээ газарт тулан хөшүүрэгдэж өргөдөг. Микроскопоор томруулан харвал чээж нь маш хүчирхэг, эрүү нь маш олон шүдэлбэртэй байдаг аж. Аварга үүрийг авч явдаг ажилчин шоргоолжууд бүгд эм хүйстэй. Өндөг, авгалдай байхдаа хоол тэжээл дутагдсан нь ажилчин, хангалуун бойжиж өссөн нь хатан шоргоолж болдог аж. Хамгийн эрх мэдэлтэй хатан шоргоолжны амьдралын тойрог тун сонирхолтой. Эр болон хатан шоргоолж хоёул үржилд орсныхоо дараа үүрнээсээ нисдэг. Эр нь тэр дороо үхдэг бол хатан шоргоолж үүр болох тохиромжтой газар олж өндөглөнө. Дараа нь далавчаа тасдаж, далавчийг хөдөлгөж байсан булчингаас ялгарч буй шингэнээр авгалдайгаа тэжээдэг. Хатан шоргоолжинд шинжлэх ухааны тайлж чадаагүй нэг нууц бий. Тэд амьдралдаа ганц удаа үржилд ордог бөгөөд эр бэлгийн эсийг насан туршдаа хадгалж, үржлийн хугацаа болоход түүнийгээ ашиглаж, үр тогтоодог байна.

ШОРГООЛЖНЫ АЖ АХУЙ
Анхны хэдэн өндгөөс гарсан авгалдайнууд бүгд ажилчин болох бөгөөд үүрийг засаж янзлах, хамгаалах, бусдыгаа тэжээх үүрэг хүлээдэг байна. Том биетэй нь үүрээ дайснаас хамгаалдаг бол дунд зэрэг нь гаднаас идэш, тэжээл түүж авчирдаг. Жижиг нь үүрээ цэвэрлэх гэх зэрэг дотоод ажил хийдэг аж. Хамгийн сонирхолтой нь, шоргоолжнууд аж ахуй эрхэлдэг. МУИС-ийн Биологийн тэнхимийн багш, дэд профессор У.Айбек “Шоргоолжийг хүнтэй зүйрлэвэл мал аж ахуй, газар тариалан эрхэлдэг. Шоргоолжнууд ургамлын бөөсийг яг мал маллаж буй мэт хариулдаг. Ургамлын бөөс нь маш нимгэн арьстай. Үүгээр бусад махчин шавж хооллох маш дуртай байдаг. Харин шоргоолж тэднийг цуглуулан хашаанд хийж, махчин шавжуудаас хамгаалдаг. Өглөө ургамал, эсвэл модны орой руу ургамлын бөөсийг туугаад гарна. Тэд ургамал дээр гараад шүүсийг нь сорж, хэвлий хэсэг нь томордог. Харин шоргоолж хэвлийг нь сахлаараа гижигдмэгц ургамлын бөөсний хойд сүвээс чихэрлэг шингэн ялгардаг юм. Үүнийг нь шоргоолж амандаа хийгээд хурааж авдаг” гэлээ.

Шоргоолжны үүрэнд ургамлын шүүсийг хадгалдаг тусгай шоргоолж гэж бас бий. Ажилчид амандаа хураасан шүүсээ тэдэнд өгдөг учраас гэдэс нь сав шиг томорсон байдаг аж. Орой болоход малчид үхрээ туудаг шиг ургамлын бөөсөө тууж, үүрэн дэх хашаандаа оруулдаг нь тун гайхмаар.

• Олон “хатан”-тай үүрэнд 10 сая орчим шоргоолж байдаг.

• Тэрэлж ууланд гэхэд өргөнөөрөө 2-3 метр, өндрөөрөө 1.5 орчим метр том үүр тааралддаг байна.

• Нэг га талбайн бүх шоргоолжийг цуглуулаад жигнэж үзвэл нэг тонн татдаг.

Түүнчлэн, шоргоолж мөөгний аж ахуй эрхэлдэг. Үүрэн дотроо газрыг хагалж, хөрсөнд жижиг навчуудыг тасалж тавина. Ингэж бордсон талбайд жижиг мөөг ургуулдаг юм байна. Үүнийгээ яг л тариа, ногоо шиг арчилна, усална. Мөөг ургаж гүйцсэний дараа хураан авч хатаагаад, өвөл иддэг аж. Шоргоолж ихэнхдээ уураг буюу амьтан, ургамлын үлдэгдлээр хооллодог. Мөн глюкоз буюу сахрын уусмал тэдний гол “зоог”.

Манайх шиг дөрвөн улиралтай оронд ихэнх шоргоолж “ичдэг”. Ичнэ гэдэг нь харьцангуй идэвхгүй байдалтай болно гэсэн үг. Гэвч манай орны говь, цөлд тааралддаг зүйл болох messor ичдэггүй. Тэдний биеийн хэмжээ нь 1.8 см буюу нэлээд том биетэй. Газрын гадаргаас доош зургаан метр гүнд буюу хоёр давхар байшинтай тэнцэхүйц нүх ухаж, үүрээ байгуулдаг. Ингэснээр үүр нь газрын хөлдүү хэсгээс доош байрлах тул өвөл ч идэвхтэй амьдардаг юм байна.

ЭКОЛОГИЙН ЭМЧ
Энэ ажилч, хичээнгүй амьтны байгалийн эко системд хүргэн тус их. Үүрээ ухахдаа газрын гүн дэх хөрсийг дээш нь гаргаж, эргүүлж байдаг. Мөн газрын гадаргуу дээрх ургамлын үр, амьтны сэг зэм, өвсийг үүртээ авч ороод газрыг сийрэгжүүлдэг. Ингэснээ хөрсөнд ялзмаг бий болж, газар эрүүлжиж байдаг аж. Сонирхолтой нь, нэг га талбай дахь шоргоолжны биомасс нь нэг тонн орчим. Өөрөөр хэлбэл, нэг га талбайн бүх шоргоолжийг цуглуулаад жинг нь хэмжиж үзвэл нэг тонн татдаг. Ингэж тооцвол, нэг га талбайн хөрсийг нэг тонн шоргоолж “эргүүлж” байна гэсэн үг. Харин нэг га талбай дахь арслангийн жин 450 орчим кг гэж тооцдог юм байна.

Хавар ичээнээсээ гарсан шоргоолж ойн хөнөөлт шавжууд болох хүр хорхой, хүр эрвээхийн авгалдайг түүж иддэг. Зарим том бүл өдөрт нэг сая хортон шавж идэх нь хэвийн үзэгдэл. Тиймээс шоргоолж их байх тусам экологийн хувьд цэвэр, онгоноороо байх нөхцөл бүрддэг хэмээн судлаачид үздэг аж.
САНАЛ БОЛГОХ