"Irma" хар салхи Виржиний арлууд болон Пуэрто Рикогийн зүүн хойд эргийг дайрав

Мэдээ

Хурд нь 298 км цаг хүртэл нэмэгдээд байгаа "Irma" хар салхи Виржиний арлууд болон Пуэрто Рикогийн зүүн хойд эргийг дайрсан байна. Үүнээс өмнө Карибын жижиг арлуудыг дайрч 1700 орчим хүнийг харилцаа, холбоогүй болгожээ. Мөн мянга гаруй хүн хорогдох байранд орогнож байгаа гэдгийг Пуэрто Рикогийн холбогдох албанаас мэдээлсэн байна.

"Irma" хар салхи амралтын өдрүүдэд Флоридаг дайрах магадлалтай байгаа нь хүмүүс гамшгийн бүсээс олноороо дайжих шалтгаан болж байна. Хүмүүс яаралтай дүрвэхтэй зэрэгцээд онгоцны тийзийн үнэ хямдарч, "American Airlines"-ийн шууд нислэгийн тасалбар л гэхэд нэг талдаа 99 ам.доллар болжээ. Агаарын тээврээс гадна автозамуудын ч ачаалал ихсэж, замын түгжрэл ихээр нэмэгдсэн байна. Энэ нь Флоридагийн оршин суугчдыг лхагва гарагийн оройноос нүүлгэн шилжүүлж эхэлсэнтэй холбоотой аж.

Эдгээр мэдээлэлтэй зэрэгцээд Сенатын олонхын бүлгийн дарга Митч Макконнел АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзсан байна. Уулзалтаар “Harvey” хар салхинд нэрвэгдсэн хүмүүст туслах болон “Irma” салхины хохирлыг бага байлгах асуудлыг хэлэлцжээ.




САНАЛ БОЛГОХ