Лагийн өмхий үнэрийг арилгах бүрэн боломжтой

ЗГМ: Тодруулга


Монгол Улсын Цэвэрлэх байгууламжуудын шинэ технологийн холбооны дарга, Монгол Улсын зөвлөн инженер Ц.Занданпүрэвээс тодрууллаа.

-Цэвэрлэх байгууламжийн өмхий үнэрийг арилгах боломжтой юу?
-Цэвэрлэгээний дөнгөж 50- 60 хувийг гүйцэтгэж байна. Гарч буй лаг химийн хольцтой гарч байгаа юм. Үүнээс болоод химийн хортой нэгдлүүдээр агаар бохирддог. Тэр дундаа хүнд элементүүдээр оршин суугчид амьсгалж байгаа юм. Тиймээс энэ өмхий үнэрийг нь арилгахын тулд шинээр цэвэрлэх байгууламж барихаас гадна лагийн аж ахуйг давхар хөгжүүлэх хэрэгтэй.

-Шинэ цэвэрлэх байгууламж барьсанаар бохир усны асуудал шийдэгдэх үү?
-Төв цэвэрлэх байгууламжийг хэчнээн шинэчилсэн ч гэсэн үйлдвэр, аж ахуйн нэгж, орон сууцны хороолол, эмнэлгийн бохирыг тодорхой хэмжээнд цэвэрлээд Төв цэвэрлэх байгууламжид нийлүүлэхгүй бол дахиад л үйл ажиллагаа нь доголдоно. Ингэснээр ахуйн бохирдлоос гаргаж авдаг гааз гарахаа болино. Учир нь бүх газрын бохир нийлээд химийн хортой нэгдэл ялгарсанаар газ гаргаж авах боломжгүй болдог. Үүнд холбогдох байгууллага, албан тушаалтнууд нь анхаарах зайлшгүй шаардлагатай.

-Шинэ цэвэрлэх байгууламж барилаа гэхэд тэнд үлдэж байгаа лагийг хааш нь зөөх вэ?
-Харгиа цэвэрлэх байгууламжийн ерөнхий инженерээр ажиллаж байхад одоогийн Төв цэвэрлэх байгууламжид байгаа лагаас 10-20 дахин их буюу 35 мянган тонн химийн хромтой исэлдсэн лаг байсан. Үүнийг Чех улсын буцалтгүй тусламжийн хүрээнд пентанет буюу бетон болж хувирдаг, хоёр талдаа даавуун гадаргуутай, дотор талдаа шавартай дэвсгэрт ороож, морин даваанд булсан. Энэ бол ердөө нэг хэлбэр. Үүнээс гадна өөр хэрэгжүүлэх боломжтой олон арга бий. Дөрвөн километр газарт ийм их хэмжээний лаг байсан. Гэтэл өнөөдөр тэр газарт “Цэлмэг” болон “Хөрст цагаан” хотхон баригдчихсан байна.

-Бохир усны тогтолцоог дэд бүтцээр шийдвэрлэдэггүй юм уу?
-Мэргэжлийн байгууллагууд дэд бүтэц гэж яриад л байгаа хэрнээ цэвэрлэх байгууламж, бохирын асуудлаа орхичихдог. Тэгэхээр шинэ цэвэрлэх байгууламж гэж ярихаас гадна бохир ус цэвэрлэх нэгдсэн системийг бий болгох хэрэгтэй. Энэ нь ахуйн, үйлдвэрийн, аж ахуйн нэгжийн гээд тус тусдаа цэвэрлэх байгууламжтай болгох шаардлагатай байна гэсэн үг. Гаднын өндөр хөгжилтэй оронд лагийг эдийн засгийн эргэлтэд оруулж, эрчим хүч үйлдвэрлэж, бордоо гаргаж, зүлэг ногоогоо арчилж байна. Тиймээс өнөөдөр Монгол Улсад бохир усны эрх зүйн шинэчлэл буюу тарифын тогтолцоонд оруулахгүй бол энэ салбар хөгжихгүй, хөсөр хаягдсаар байна.

-Хөрөнгө оруулалт татах боломжтой юу?
-Бүрэн боломжтой. Тэгэхдээ манай улсын бохир усны тогтолцоо зах зээлийн тарифт шилжээгүй болохоор ашиггүй салбар гээд хөрөнгө оруулалт хийдэггүй.

-Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй архи, ноос ноолуур, мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрийн хувьд ямар технологи ашиглах нь зөв бэ?
-Арьс ширний үйлдвэр гэхэд л дэргэдээ жижиг цэвэрлэх байгууламжтай байх ёстой. Эдгээр үйлдвэр нь хромтой, сульфаттай бохир ус нийлүүлдэг. Энэ хоёр нь тусдаа цэвэрлэгээ шаарддаг. Нэг үгээр бохир усаа хоёр тусад нь хүлээж аваад эргээд үйлдвэрлэлдээ ашиглах боломжтой гэж байгаа юм. Гэтэл өнөөдөр ингэж цэвэрлэхийн оронд шууд болон харгиа цэвэрлэх байгууламж руу нийлүүлж байна.

-Шинээр цэвэрлэх байгууламж барихад хэчнээн төгрөг шаардлагатай вэ?
-Ямар бохирдолтой усыг цэвэрлэж байгаагаас шалтгаалж үнэ өөр өөр байдаг. Мөн техник, технологи нь ч өөр хоорондоо ялгаатай. Тухайлбал, хоногт нэг метр куб усыг цэвэрлэх байгууламж 12-15 сая төгрөгөөр босдог. Дунджаар 10 сая төгрөгөөр ахуйн бохир ус сайн цэвэрлэх байгууламж барих боломжтой. Үйлдвэрийн зориулалттай болохоор үнэ нь нэмэгддэг. Монголд 30 гаруй арьс ширний үйлдвэрийн 10 нь дундаа нэг цэвэрлэх байгууламж барихад л болно шүү дээ.


САНАЛ БОЛГОХ