Чансаа ахиж буй юанийн ханшийн дарамт

Валют


Юанийн ханш чангарсан нь инфляцийн дарамтыг нэмэгдүүлнэ

Хэрэглээний эдийн засагтай, үйлдвэрлэгч бус оронд үндэсний мөнгөн тэмдэгттэй харьцах гадаад валютын ханш тогтвортой байх нь хамгаас чухал. Тэр дундаа өмнөд хөршөөсөө худалдаа, эдийн засгаараа үлэмж хамааралтай болчихсон нөхцөлд валютын ханш голлох үзүүлэлтийн нэг байх нь аргагүй юм. Гэтэл сүүлийн үед юанийн ханш огцом чангарч байна. Монголбанкнаас зарласан юанийн албан ханш даваа гарагт 378.63 төгрөгтэй тэнцлээ. Ингэснээр юанийн ханш бүх цаг үеийнхээ дээд цэгт хүрэв.

Манай улс гадаад худалдааныхаа 60 гаруй хувийг дан ганц өмнөд хөрштэй хийж байна. Ийм үед юанийн ханш өсөж байгаа нь иргэдийн худалдан авах чадварт сөргөөр нөлөөлж эхэллээ. Ханшийн зөрүүнээс үүдэн өргөн хэрэглээний зарим бараа, бүтээгдэхүүний үнэ өсөхөд ойрхон байна. Төгрөгтэй харьцах юанийн ханш сүүлийн хоёр жилийн хугацаанд харьцангуй тогтвортой байсан. Хэдий ийм боловч энэ оны наймдугаар сараас хойш ханш нь байнга өсөх боллоо. Үүнийг хичээл, сургуулийн нээлт дөхөж байгаатай холбон зарим эдийн засагч тухайн нөхцөлд тайлбарлаж байв.

БНХАУ-ын Эрээн хотыг зорих монголчуудын цуваа дотоодын зах зээлд юанийн эрэлтийг үүсгэдэг. Энэ үед төгрөгтэй харьцах юанийн ханш дээш харвах нь бий. Ийм үзэгдэл урьд жилүүдэд гардаг байсан. Гэхдээ энэ жилийнх шиг юанийн ханш төгрөгийн эсрэг огцом чангарч байсан тохиолдол ховор. “Нарантуул” захад хүүхдийн гутал зардаг Т.Уртнасан “Эцэг, эхчүүд хүүхдийнхээ хичээлийн хэрэгсэл, хувцас, гутлыг хэдийнэ бэлдээд дуусчихсан байхад юанийн ханш өссөн хэвээр байна” гэв. Тэрбээр юанийн ханшийн зөрүүнээс болж алдагдал хүлээж, хохирол амсахгүйн тулд барааныхаа үнийг тодорхой хэмжээгээр өсгөжээ.

Арилжааны банкууд даваа гарагт юанийг дунджаар 374 төгрөгөөр авч, 379 төгрөгөөр зарж байв. Юанийн ханш сүүлийн хоёр сарын турш өсөлтийг чиглэж байгаа нь энэ.

Өрхийн амьжиргаанд хүчтэй нөлөө үзүүлэх голлох валют бол юань. Тэр хэрээр дунд болон бага орлоготой иргэдийн амьдралд юанийн ханшийн зөрүү үнийн өсөлт болж очих нь түгээмэл. Гадаад өрөө бид ам.доллараар барагдуулна. Харин гол худалдаагаа юаниар хийж ирсэн. Цаашдаа ч юанийн хэрэглээ дэлхий дахинд эрс нэмэгдэж, БНХАУ-аас уяатай эдийн засагтай орнуудын хувьд үндэсний мөнгөн тэмдэгтэд нь ирэх ачаалал буурах бус өсөхөөр байна.

Манай улс өмсөх зүүх, идэж уух болгоныхоо дийлэнх хэсгийг нь Хятадаас авч байгаа. Дэлхийн хөгжиж буй орнууд ч манай жишгээс ялгарах юм алга. Юанийн ханш 378.63 төгрөгт хүрсэн нь  өмнөд хөршөөс импортлох бараа, бүтээгдэхүүн болгоны үнэ өртөг нэмэгдэх “хөрс”-ийг бүрдүүлж байна. Энэ нь инфляцийн өсөлт болж, эдийн засагт дахиад л сорилт болж мэдэх нь. Ам.долларын ханш чухал сэдэв мөн. Гэхдээ юанийн ханш илүү чухал болчихоод байна. Тэр тусмаа, иргэдийн хувьд. Монголбанк Хятадын ардын банктай 2020 хүртэл үндэсний мөнгөн тэмдэгт солилцох гэрээг энэ онд шинэчлэн байгуулсан. Энэхүү своп хэлцлийн үр ашгийг гаргахаас төгрөгийн үнэ цэнэ бас хамаарах юм.

Тус 36 сарын хугацаатай своп хэлцлийн гэрээ хоёр улсын гадаад худалдаа, хөрөнгө оруулалт, санхүүгийн тогтвортой байдлыг дэмжихэд чухал ач холбогдолтой. Ялангуяа гадаад худалдааны харилцаа нь гүнзгий орнууд хоорондоо своп хэлцлийн гэрээ байгуулах нь элбэг. Уг гэрээ нь валютын ханшийн дарамтыг сааруулахад ач холбогдол нь оршдог. Гэтэл төгрөгийн эсрэг юанийн ханш чангарсан хэвээр байна.

Ам.долларын салхин дор явсан юанийн ханш дээш цойлж, олон улсын голлох валютын эгнээнд шилжсэн. Ийм байхад юанийн ханшийг ажиглаж суух бус, валют олох сувгаа улам өргөжүүлэх цаг ирлээ. Гэхдээ нэг зүйлийг энд тодруулах нь зөв байх. ОУВС-гийн зээлжих эрхийн тусгай сагсанд багтсан өмнөд хөршийн мөнгөн тэмдэгт зөвхөн төгрөгийн эсрэг чангараад байгаа юм биш. БНХАУ- ын төв банк ам.доллартай харьцах юанийн ханшийг 0.36 хувиар чангаруулав.

Олон улсын валютын зах зээлд юань чансаа өндөр валютын тоонд багтаж байна. Өмнөд хөршийн валютын ханш өнгөрсөн сард гурав орчим хувиар чангарсан нь Азид тэргүүлэх үзүүлэлт болсон. Эдгээр нь төгрөгтэй харьцах юанийн ханш чангарах шалтгаанд тооцогдох үндэслэл. Гэвч юанийн ханш төгрөгийн эсрэг аажмаар бус огцом чангарах болсон нь эдийн засгийн ээлжит нэгэн сорилт болж байна.

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 5.9 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна. Үүний 2.3 тэрбум нь импорт бөгөөд үлдсэн нь экспорт. БНХАУ-ын Төв банкнаас юанийн ханшийг илүү чөлөөтэй, уян хатан тогтоох бодлого баримтална гэдгээ эртнээс мэдэгдсэн. Манай улс гадаад худалдааныхаа 65 хувийг өмнөд хөрштэй хийж буй. Ийм нөхцөлд юанийн ханш тасралтгүй өсөх төлөвт байгаа нь үнийн өсөлтөөр дамжиж өрхийн төсвийг торгох нь тодорхой байна.


САНАЛ БОЛГОХ