Төсвийн орлого төлөвлөснөөс 904 тэрбум төгрөгөөр давжээ

Байр суурь


Монгол Улсын төсвийн орлого энэ оны эхний найман сард 904 тэрбум төгрөгөөр давж биелсэн байна. Ингэснээр төсвийн орлого 4.5 их наяд төгрөгт хүрчээ. Харин зарлага нь таван их наяд төгрөгтэй тэнцсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Тэгвэл хэрэглээний бараа үйлчилгээний үнэ өмнөх сараас 0.8, өмнөх оны мөн үеэс таван хувиар өссөн байна. Үүнд тээврийн бүлгийн үнэ дүнгээр 9.4 хувиар өссөн нь гол нөлөө үзүүлжээ. Мөн хүнсний бараа, согтууруулах бус ундааны бүлгийн үнэ 6.1 хувиар өссөн нь түлхэц болжээ. Орон нутгийн инфляцийн үзүүлэлтийг харвал, өнгөрсөн сард Увс аймагт 2.2 хувь өссөн нь хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Харин Улаанбаатар хотын хэмжээнд сарын дүнгээр 1.3, өмнөх оны мөн үеэс 5.4 хувь өссөн дүнтэй байна. Үүнээс гадна энэ оны гуравдугаар улирлын “Инфляцийн талаарх иргэдийн хүлээлтийн түүвэр судалгаа”-аас иргэдийн 96 хувь нь 2017 оны дөрөвдүгээр улиралд инфляци зорилтот түвшин буюу найман хувиас бага байна гэсэн хүлээлттэй байгаа юм.

2017 оны наймдугаар сарын байдлаар Монгол Улс дэлхийн 148 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 6.9 тэрбум ам.доллар хүрчээ. Үүнээс экспорт 4.1 тэрбум ам.доллар, импорт 2.8 тэрбум ам.доллар болсон байгаа юм. Ингэснээр гадаад худалдааны тэнцэл өмнөх оны мөн үеэс 64.5 хувь өсөж, 1.3 тэрбум ам.долларт хүрчээ.

Экспорт 1.1 тэрбум ам.доллараар өсөхөд нүүрсний экспорт 1.2 тэрбум ам.доллараар өссөн нь голлох нөлөө үзүүлжээ. Ерөнхийдөө нүүрсний экспортын өсөлт энэ эрчээ хадгалсан хэвээр байвал оны эцэст манай улсын эдийн засгийн өсөлт хадгалагдах боломжтой гэж эдийн засагчид онцолж байгаа. Экспорттой зэрэгцээд импорт ч өмнөх оны мөн үеэс 580.7 сая ам.доллараар өсчээ.


САНАЛ БОЛГОХ