Төмөр замдаа хөрөнгө хуваарилах л үлдлээ

Тээвэр


“Салхи сөрж яваа” төслийн барцад нь одоо ч арилаагүй байна

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд тавих 225 км төмөр зам тавих ажлыг үргэлжлүүлэхээр болсныг мэдэгдлээ. Тус чиглэлийн төмөр замын барилгын ажлын явц дөнгөж 42 хувьтай байгааг “Монголын төмөр зам” компанийн удирдлагууд хэлж байна. Хятадын экспорт, импортын банк манай улсын Засгийн газарт нэг тэрбум ам.доллар олгохоо эртнээс амласан. Үүний 400 сая ам.доллараар уг төмөр замыг урагшлуулахаар хөдөлж эхэлсэн билээ. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам нь Монголын эдийн засгийн бас нэгэн хүч болох нь гарцаагүй. Гэвч уул уурхайн экспортын хамгийн ашигтай байх боломжтой гэгдэх Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлыг бүрэн дуусгахад 400 сая ам.доллар хүрэлцэх хэмжээний хангалттай төсөв биш. Хэдий ийм боловч барилгын ажлыг үргэлжлүүлэх нь хамаагүй дээр хувилбар гэдэгт Засгийн газар санал нэгдсэн бололтой. Мега төслөө цаг алдан гацааж байснаас явуулсан нь зөв байх. Тиймээс өмнөд хөршөөс авахаар тохиролцсон тэрбум ам.долларын гуравны нэгээс илүүг нь нүүрс тээвэрлэх дэд бүтцийг бий болгохоор шулуудсан нь нүдээ олсон шийдвэр мөн.

1800 км орчим төмөр замын суурь дэд бүтцээс бүрдэх учиртай “Шинэ төмөр зам” төслийн нэг жигүүр нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам болж байгаа. “Салхи сөрж яваа” энэхүү төслийн барцад нь одоо ч арилаагүй байна. Нүүрсний тээврийн өртгийг хоёр дахин бууруулах ач холбогдолтой өмнөд хилийг зорих төмөр зам дээр бизнесийн бүлэглэлийн эрх ашиг, улс төрийн үл ойлголцол одоо ч тэгнэсэн хэвээр. Энэ нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын барилгын ажил амар урагшлахгүй байх саадын нэг яах аргагүй мөн. Уг төмөр замтай хамт “Тавантолгой” төслийн “хувь заяа” ч хөндөгдөж таарна. Энэ болгон нь 400 сая ам.доллараас ч илүү хүндрэлийг төсөл үргэлжлэх замын туршид үүсгэж мэдэх юм.

Гашуунсухайт чиглэлд тавих төмөр замыг барихаар болсон нь эерэг мессеж. Гэхдээ тодорхой бус байдал давамгайлж байгаа нь төслийн ирээдүйг төөрөгдүүлэх хэмжээний эрсдэл болж байна. Засгийн газар урд чиглэлийн төмөр замаа урагшлуулахаар зүтгэж байгаа нь сайн хэрэг. Харин Ерөнхийлөгчийн зүгээс урд чиглэлийн төмөр зам дэмжлэг авахгүй байх магадлал өндөр. ОХУ-ын Владивосток хотод болсон Дорнын эдийн засгийн чуулганд оролцсон Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд Тавантолгой-Хөөт чиглэлийн төмөр замын барилгын ажлыг цаг алдалгүй эхлүүлэх сонирхолтой байгаагаа нуусангүй.

Тодруулбал, зүүн чиглэлийн төмөр замыг барих гэж тэрбээр зүтгэж магадгүй болоод байна. Чингис бондын хөрөнгөөс төмөр замын бүтээн байгуулалтад нийт 265.6 сая ам.доллар өнгөрсөн хугацаанд зарцуулсан байдаг. Гэвч Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам далангаас цааш хэтэрсэнгүй өнөөдөртэй золголоо. Угтаа дутуу эхлүүлсэн төмөр замаа дуусгаж байж л Тавантолгой-Хөөт чиглэлийн төмөр замын барилгын ажил хөдлөх болов уу гэсэн таамаг, хүлээлт их байна. Үүнээс гадна Монголын нүүрсийг худалдан авч буй өмнөд хөршийн сонирхол Гашуунсухайтын төмөр зам дээр тод илэрч байгаа.


Төмөр замтай хамт “Тавантолгой”-н “хувь заяа” хөндөгдөж таарна

Чухамдаа, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын санхүүжилт аль хоёр жилийн өмнө шийдэгдсэн. БНЭУ-ын Ерөнхий сайд Н.Модигийн амласан нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг уг төмөр замын санхүүжилтэд зарцуулна гэж Ч.Сайханбилэгийн Засгийн газар шийдвэр гаргаж байв. Гэвч өнгөрсөн хугацаанд Энэтхэгийн зээлийн зориулалт
хоёр ч удаа өөрчлөгдөж, эцэстээ газрын тосны үйлдвэрт зарцуулахаар болж, төмөр зам дахиад л хоосон хоцорсон тавилантай.

Тавантолгойн төмөр зам Энэтхэгийн зээлээс “мултарсан” шалтгаан нь Хятадын эсэргүүцлээс болсон хэмээн учир мэдэх хүмүүс ярьдаг. Шалтгааныг нь тодруулахад, Өмнөд хөршийн “Шинхуа” групп оролцож байсан Тавантолгойн хөрөнгө оруулалтын хэлэлцээр эцэслэгдээгүй байсан тул Хятадын тал төмөр замыг тусад нь салгахаас дургүйцэж байсан гэдэг.

Гагцхүү Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замтай хамт Тавантолгойн төслийн хэлэлцээрийг үргэлжлүүлэх эсэхийг шинээр бүрдэх Засгийн газар шийдэх л үлдэж байна.
САНАЛ БОЛГОХ