Ажилдаа дурласан аялагч

Залуус


Ази, Номхон далайн бүсийн үл хөдлөх хөрөнгийн конгломерат болох

Карьераа эхлүүлснээс хойш олон улсын байгууллагуудад дагнан ажилласан Г.Батзул тухай бүртээ ажлын санал хүлээн авч байв. Бараг л уламжлал гэмээр. Олон хүнтэй харилцаж, эрч хүч авах дуртай түүнийг найзууд болон ажлын хамтрагчид нь "сайн сонсогч" хэмээн үнэлдэг.

Одоогоос хэдэн жилийн өмнө Г.Батзул Дани улсын нийслэл Копенгаген хотоос төрөлх Улаанбаатараа зорин ниссэнээр карьерын түүхээ бичиж эхэлжээ. Тэрбээр төгсөлтийн арга хэмжээндээ оролцож, дипломоо ч гардалгүй бүх шалгалтаа өгч дуусгаад л эх орноо зорьсон нь энэ. Копенгагены их сургуулийг төгсөх жилээсээ л дани оюутнуудын жишгээр ажил хайж эхэлсэн Г.Батзулд найз нь санал тавьсны дагуу PwC (PricewaterhouseCoopers)-ийн Монгол дахь салбарын Удирдах Партнер Карелин Кларк хэмээх эмэгтэйтэй и-мэйлээр харилцах болов. Өвлийн улирал бол компанийнх нь хувьд тун завгүй үе тул ирээд шууд ажиллахыг Карелин Кларк түүнд санал болгожээ. Ингээд тэрбээр Монголд ирж, ажлын ярилцлага өгсний эцэст PwC олон улсын аудитын компанид ажиллаж эхлэв. Ажилдаа ороод хоёр ч завгүй улирлыг давсан тэрбээр усанд орох гэж л гэртээ харьдаг байсан өдөр цөөнгүй. Энд Г.Батзул дэндүү ачаалалтай, маш завгүй ажиллаж байсан ч олон зүйл сурчээ. Эдийн засагч мэргэжлээр төгссөн түүнд анхны ажил нь Монголын тэргүүлэх компаниудын аудитыг хийж, их зүйл сурах, өөр өөр салбарт туршлага хуримтлуулах боломж олгожээ.

• Дани улсад сурсан нь түүний нүдийг нээсэн гэж Г.Батзул үздэг.

• “Буянт-Ухаа” нисэх буудлын төсөл, НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөр зэрэг олон улсын төслүүдэд ажиллажээ.

• Тухайн хөрөнгө оруулагчийг Монголд авчрахдаа тухтай байлгахад ч анхаарах хэрэгтэйг тэрбээр анзаарчээ.


Дани улсад сурсан нь түүний нүдийг нээсэн гэж Г.Батзул үздэг. Тэнд ачаалалтай, шахуу хуваарийн дагуу суралцахаас гадна хоёр ажил зэрэг хийдэг байсан тул цагийн юм цагтаа гэх зарчимд ягштал суралцжээ. Дани хүмүүс байнга ийш тийш аялдаг нь түүнд нөлөөлж, одоо тэрбээр жил бүр заавал нэг газар руу аялдаг уламжлалтай болсон аж. Өнгөрсөн жил тэрбээр найзуудынхаа хуримд уригдан Бахрейн болон Израиль улсад очоод төсөөлснөөс нь тэс өөр болохыг мэдэрчээ. Эдгээр улс Ойрхи Дорнодод оршдогоороо адил талтай ч шашин шүтлэг, дүр төрх, соёлын хувьд маш ялгаатай гэдгийг Г.Батзул Араб болон Еврей хуриманд оролцохдоо ажигласан байна. Ийнхүү аялал бүр нь түүнд дэлхийн улс үндэстний соёлыг танин мэдэж, ойлгох, өөрийгөө хөгжүүлж, нүдээ нээх алхам болдог. Аялж явахдаа тэрбээр “Монголчууд потенциал сайтай. Тэр дундаа монгол эмэгтэйчүүд өөрийгөө хөгжүүлж, хэлээ сайжруулах цаг гаргаж, зорьж чадвал хаа ч хүрэх боломжтой” гэдгийг ойлгосноо ярилаа.

Түүний дараагийн зогсоол “Skypath Partners” хэмээх макро түвшний хөрөнгө оруулалтын компани байв. Монголын хөгжлийг урагшлуулах зорилготой тус компанийг үүсгэн байгуулагчдын нэг нь Г.Батзулын “Хобби” сургуулийн ангийн найз А.Анар байсан ба түүнд хамтран ажиллах санал анх тавьжээ. Өөрийгөө сорих дуртай Г.Батзул саналыг хүлээн авснаар “Skypath Partners”-ийн дөрөв дэх үүсгэн байгуулагч ажилтан боллоо. PwC-д микро түвшинд, харин энд ирээд макро түвшинд ажилласан нь нэг зүйлийн хоёр талыг суралцах боломжийг түүнд олгожээ. Багийн бусад гишүүний хувьд “McKinsey & Company”, “KDB Daewoo Securities”, “Оюутолгой”, “Рио Тинто”-д ажиллаж байсан туршлагатай хүмүүс байв. Тавилга тохижуулах, бичиг баримтуудаа цэгцлэхээс эхлээд дөнгөж байгуулагдаж буй компанийн анхны алхам бүрт нь тэр хамт байжээ. “Багахан дэмжихэд л өсөх ирээдүйтэй компаниудад бид хөрөнгө оруулахыг зорьж байсан. Ер нь хөрөнгө оруулалт хэрэгтэй хүн бүрт манай компанийн оффис үргэлж нээлттэй байдаг байлаа” хэмээн Г.Батзул ярьж байна. Тэрбээр “Skypath Partners”-т ажиллаж байх хугацаандаа Хонконгод зохиогддог “Mongolia Investment Summit” чуулганд хоёр ч удаа оролцсон бөгөөд тухай бүртээ одоогийн удирдлага APIP (Asia Pacific Investment Partners)-ийн Гүйцэтгэх захирал Ли Кашельтай тааралдсан гэдэг.

Монголчуудын боловсролын түвшин, хүн амын тоо зэргийг асуух нь олонтаа

Эхний чуулганы үеэр тэд танилцсан бол дараагийн чуулганаар таарах үед Ли Кашель Г.Батзулд ажлын санал аль хэдийнэ тавиад амжсан байв. “Манай компанид яг л чам шиг олон хүнтэй харилцаж, эерэг энерги өгдөг хүн хэрэгтэй байдаг. Чи манайд яг тохирно” гэж хэлээд Ли Кашель түүнийг ажиллах, эсэхийг нь олон удаа асуужээ. Гэхдээ Г.Батзулд татгалзах шалтгаан байсан юм. “Би “Skypath Partners”-ийн үүсгэн байгуулагч гишүүдийн нэг байсан. Тиймээс үйл ажиллагаа нь амжилттай цэцэглэж байсан компаниа улам бүр өсөж өндийхийг, одоо ажиллаж буй APIP илүү таатай нөхцөлүүдийг тухайн үед амлаж байсан ч эхнээс нь ажилласан болохоор хүүхэд шиг минь санагддаг “Skypath Partners”-аа орхих бодолгүй байсан” хэмээн тэрбээр ярив. Гэхдээ түүний шийдвэр нэг л өдөр өөрчлөгджээ.

Г.Батзулын төрсөн эгч Г.Гэрэлмаа APIP-ийг Хонконгод төлөөлөн ажиллаж байгаад бизнес хөгжлийн ерөнхий менежер болж, албан тушаал дэвшин Сингапур руу шилжих болсон тул Ли Кашель түүнд дахин нэг удаа санал тавилаа. Утас дуугарч, Ли Кашель “Батзулаа Хонконгод ажлын байр гарлаа. Манайд ажиллах уу” гэж асуужээ. Хэдий Г.Батзул ажилдаа дуртай байсан ч гэрийнхэнтэйгээ маш сайн ярилцсаны эцэст Хонконгод ажиллахаар шийдсэн гэдэг. Ингээд тэрбээр үл хөдлөх хөрөнгийн салбарын томоохон компаниудын нэг APIP-ийг Монголоос төлөөлөн бизнес хөгжлийн менежерээр ажиллахаар Хонконг руу нүүжээ. Тэнд очоод Хонконг дахь хувьцаа эзэмшигчдэд эх орныхоо талаарх мэдээллийг шинэчлэн хүргэх, хөрөнгө оруулахаасаа өмнө Монголын талаар асуулт тавих шинэ хөрөнгө оруулагчдад хариулт өгөх зэрэг хариуцлагатай ажлыг гүйцэтгэдэг байв. Тэд Монголын татварын орчин, монголчуудын боловсролын түвшин, хүн амын тоо зэргийг асуух нь олонтаа. Энэ бүгдэд нэвтэрхий толь шиг хариулахад бэлэн байх ёстой. Тэрбээр зөв хүнтэй хамтран ажиллаж, олон жилийн туршлагатай компанид хөрөнгө оруулбал эрсдэл багатай гэдгийг хөрөнгө оруулагчдад маш сайн тайлбарладаг байв. Тухайн хөрөнгө оруулагчийг Монголд авчрахдаа тухтай байлгахад ч анхаарах хэрэгтэйг тэрбээр анзаарчээ. Үүний үр дүнд APIP-ийн төсөлд өмнө нь хөрөнгө оруулсан бизнесмэнүүд тус компанийн шинэ барилгын төсөлд дахин хөрөнгө оруулсан нь бий.

Г.Батзул Хонконгод байхдаа “Mongolian Chamber of Commerce in Hong Kong”-д сайн дурын ажил хийдэг байжээ. Тус байгууллагыг тэрбээр хамтран байгуулж, гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байв. Үндсэн ажлынхаа зэрэгцээ Хонконг дахь Монголын худалдааны танхимыг ажиллуулсан шалтгаан нь зөвхөн үл хөдлөх хөрөнгийн салбараар тогтохгүй өөр олон салбарт хөрөнгө оруулах боломжтой гэдгийг хөрөнгө оруулагчдад ойлгуулах байжээ. Тэрбээр Данид ч, Хонконгд байхдаа ч сайн дурын ажил идэвхтэй хийдэг байв. Харин Монголд ирээд олон улсын нэгэн байгууллагад ажлынхаа хажуугаар сайн дураар ажиллахаар болсон ч тэндхийн зарим эмэгтэй ажилтан эрс татгалзсан нь түүнийг багагүй цочирдуулжээ. Тэрбээр эмэгтэйчүүд эмэгтэйчүүдээ дэмжиж, нэг нэгнээсээ суралцаж байж цааш хөгжинө гэдгийг тодотгосон юм.

APIP-ийн охин компани болох “Mongolian Properties” үл хөдлөх хөрөнгийн салбарыг хамруулсан хөтөч эрхлэн гаргадаг байсан нь хүмүүст тийм ч их танигдаагүй үе. Харин уг хөтчийг эрхлэн бэлтгэх ажлыг Г.Батзул 2015 оноос хариуцан авч, баг бүрдүүлэн ажиллаж эхэлжээ. Ингэхдээ зарим мэдээллийг англи хэлээр нэмж, үсгийн фонтыг нь томруулан, зургийн чанарыг илүү сайжруулж, Улаанбаатар хотын өнгөлөг зургуудыг оруулж, дүүрэг бүрийн онцлогийг тайлбарлан  шигтгэсэн байна. Хороо гэж юу болох, 40, 50 мянгат гэж нэрлэсний учрыг хүртэл нарийн тайлбарласан нь Монголын талаар төдийлэн сайн ойлголтгүй гаднын хөрөнгө оруулагчдад тун хэрэгтэй товхимол болж чаджээ. Энэ ч утгаараа уг хөтөч олон хүнд хүрсэн нь байгууллагууд сурталчилгаагаа байршуулах орон зай болсон юм. Мөн тус компаниас үл хөдлөх хөрөнгийн салбарын хүрээнд томоохон хэмжээний тайлан жил бүр гаргадаг бөгөөд Г.Батзул редактораар ажиллаж байсан үе ч бий. Бараг нэвтэрхий толь мэт нарийвчилсан дататай байдаг учир тус тайланг багийнхан нь “үл хөдлөх хөрөнгийн библи” хэмээн нэрлэдэг аж. Эндээс Ли Кашель Г.Батзулыг PR, маркетингийн ажилд чадварлаг гэдгийг ойлгож, түүнд зориулан Олон нийттэй харилцах албыг шинээр байгуулаад удаагүй байна. Тус албаны захирлаар мэдээж Г.Батзул ажиллаж байгаа. “Би олон нийттэй харилцаад явахдаа маш жаргалтай байдаг. Олон хүнтэй танилцаж, ярилцах тусам улам бүр энерги авдаг. Ер нь өөрийн зан чанарт тохирсон, дуртай ажлаа олсон хүн аз жаргалтай байдаг болов уу” хэмээн тэрбээр ярьсан юм. Өнгөрсөн хугацаанд APIP компани “Park View Residence”, “Temple View Residence”, “Regency Residence”, “The Village @Nukht”-ийг байгуулж, ашиглалтад оруулсан бол саяхан тав дахь барилгынхаа албан бус нээлтийг хийсэн нь “Olympic Residence” юм.

Г.Батзулын ээж Т.Батцэцэг герман, англи, орос хэлээр ярьдаг. Тэрбээр Азийн хөгжлийн банк,  “Буянт-Ухаа” нисэх буудлын төсөл, НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөр зэрэг олон улсын төслүүдэд ажиллажээ. “Ээж маань хэлтэй бол хөлтэй гэдгийг эгч, бид хоёрт ойлгуулсан. Тухайн үед хувийн сургууль цөөн, эгч, бид хоёрын төгссөн “Хобби” үнэтэй сургуулиудын тоонд ордог байлаа. Нэг удаа хүүхдүүдийн эцэг эх сургууль дээр цуглахад би ээжээрээ маш их бахархаж байж билээ.

“Зүгээр сууж болохгүй. Хүн ингэж л ажиллах ёстой юм байна гэдгийг ойлгосон

Ээж ганцаараа ажиллаж, бид хоёрыг хувийн сургууль төгсгөсөн. Хүн бүр дуу алдаж, “Тэгээд бүр хоёуланг нь уу?” гэж ээжээс асуудаг байсан. Ээж хэзээ ч гэрийн даалгавар хийхэд минь тусалдаггүй байлаа. Олон ажил зэрэг хийдэг учраас шөнөжингөө ажилладаг байсан. Эндээс би “Зүгээр сууж болохгүй. Хүн ингэж л ажиллах ёстой юм байна гэдгийг ойлгосон. Заавал хамт сууж, гэрийн даалгаварт туслах бол ээжийн үүрэг биш. Харин тэр хэрэгтэй үед минь хамт байж, хэрэгтэй зөвөлгөөг өгдөг байсан” гэж дурслаа.

Хэдий тэрбээр Дани улсад суралцах хугацаандаа хэвшүүлсэн цагийн юмыг цагт нь байлгах дадлаа өөрчлөөгүй ч, Монголд энэ бүхэн арай өөр гэдгийг мэдэх учир ном байнга цүнхэлж явдаг. Дараа сард хуримаа хийхээр товлоод буй Г.Батзул “Ойрын үед гэрлэлтийн тухай номнууд их уншсан” хэмээн инээмсэглэн өгүүллээ. Тэрбээр энэ жил Европын орнуудаар аялахаар төлөвлөжээ. APIP-ийн захирал Ли Кашель компаниа олон улсад сорихоор зэхэж байгаа аж. Тиймээс тус компанийнхан ОХУ, Хятад, Камбож, Шри-Ланк, Вьетнам, Куба зэрэг улсын зах зээлийг судлаад эхэлжээ. Ли Кашелийн мөрөөдөл Ази, Номхон далайн бүсийн үл хөдлөх хөрөнгийн конгломерат болох. Тэгэхээр мөрөөдөлдөө хүрэхээр бага багаар урагшилж буй APIP-ийн хамт олон дундах нэгэн тод өнгө Г.Батзулыг цаашид ч олон аялал хүлээж буй биз ээ.

САНАЛ БОЛГОХ