Ухаалаг утаснуудын ээлжит тулаан

Технологийн зөвлөмж


Galaxy S8 спортлог төрх агуулсан бол iPhone 8 өмнөхөөсөө шинэлэг байсангүй

Цуу яриа, элдэв таамаг олон сар үргэлжилсний эцэст лхагва гарагт Apple Inc компани iPhone 8, iPhone 8+ гар утсаа танилцууллаа. Ингэснээр дэлхийн хамгийн том ухаалаг утас үйлдвэрлэгч Apple Inc, Samsung Electronics компанийн энэ оны зах зээлийн төлөөх тулаан эхэллээ хэмээн хэвлэлүүд бичиж байна.

Технологийн салбар хурдан өөрчлөгдөх нь нэг бодлын ярвигтай ч юм шиг. Жил ч хүрэхгүй хугацааны өмнө Samsung Electronics компани Galaxy Note7 гар утсаа зах зээлээс бүрэн татаж, ухаалаг утас үйлдвэрлэлийн түүхэнд байгаагүй хар дарсан өдрүүдийг үдсэн. Гэтэл шатаж, дэлбэрсэн Note7 загварын залгамжлагч Galaxy Note8 гар утасны урьдчилсан захиалгын тоо Note цувралын түүхэнд амжилт тогтоож буй талаар Reuters мэдээлэв. “Маргаашаас худалдаанд гарах Galaxy Note8 цувралын урьдчилсан захиалга эхний таван өдрийн дотор 650 мянгад хүрсэн талаар Samsung Electronics-ийн ерөнхийлөгч мэдэгдсэн байна.

Сонголт булан энэ удаа сар гаруйн өмнө хэрэглэгчдийн гарт хүрсэн Galaxy S8 болон шинэхэн iPhone 8-ын үндсэн үзүүлэлтүүдийг харьцууллаа. Дизайн: Аль алиных нь ар тал утасгүй сүлжээгээр цэнэглэхэд зориулсан шилэн гадаргуутай. Үндсэндээ лхагва гарагт танилцуулсан iPhone-ийн гурван загвар утасгүй сүлжээнд цэнэг хураах боломжтой Apple-ийн анхны бүтээгдэхүүн болж таарлаа. Мөн хэмжээг нь томосгосон нэмэлт загваруудтай. Galaxy S8+ загварын дэлгэцийн хэмжээ 6.2 инч бол iPhone 8+ нь 4.7-5.5 инчтэй юм. Мэдээж хоёулаа усны хамгаалалттай.

Galaxy S8 маргааш iPhone 8 энэ сарын 22-ноос худалдаалагдана

Хүчин чадал: Galaxy S8, iPhone 8 загвар энэ онд гарсан ухаалаг утаснуудаас хамгийн хурдтай нь. Харин аль нь илүү гэдгийг харьцуулаад үзье. Samsung компани Galaxy S8 загвараа Европт exynos 8895 гэж танигдсан snapdragon 835 процессор, 4GB-ийн RAM-аар тоногложээ. Харин iPhone 8 нь А11 хэмээх процессортой. Хүчин чадлын хувьд Exynos 8895-аас ялгаагүй. Гэхдээ RAM нь өмнөх iPhone 7 болон iPhone 7+ загварынх шиг 2/3GB эсвэл iPad Pro2 шиг 4GM байгаа болов уу.

Харин дэлгэцийн хувьд Galaxy S8 нь Youtube, Netflix-ийн өндөр чанартай видео контентийг хүлээж авахад зориулсан quad-HD нягтралтай. Тэгвэл iPhone 8 загваруудын дэлгэцийн видео контент хүлээж авах нягтралын дээд хэмжээ 720р ба 1080р.

Арын камерын хувьд Samsung Galaxy S8 нь 12 MP нягтралтай буюу байгалийн болон деталь зураг авахад нэмэлт тохиргоо хийх шаардлагагүй. iPhone 8-ын камер мөн ийм бол 8+нь dual гэдгээрээ ялгарна. Өөрөөр хэлбэл, фокусаа автоматаар тохируулагч, гаднын чимээ намсгагч, мэдрэгч нь илүү сайжирсныг үйлдвэрлэгч онцолжээ. Товчхондоо, гадаад үзэмжийн хувьд GalaxyS8-ыг спортлог загвартай хэмээн онцолж буй. Тэгвэл iPhone8-ын гадаад шийдэл өмнөх хувилбараасаа ялгаагүй болсон гэж хэрэглэгчид дүгнэжээ. Үнийн хувьд Galaxy S8 725, S8+ нь 769 ам.доллар. Харин iPhone 8-ын үнэ 699, 8+ загварынх 799 ам.доллараас эхэлж байна. iPhone 8-ын загваруудын урьдчилсан захиалга энэ сарын 15-нд эхлэх бөгөөд 22-ноос худалдаанд гарах аж.


САНАЛ БОЛГОХ