340 тэрбум төгрөгийн арилжаа хийжээ

Хөдөө аж ахуй


Хөдөө аж ахуйн бирж 2017 оны эхний хагас жилд 88 удаа арилжаа зохион байгуулж, нийт 340 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн байна. Ингэснээр биржид өдөрт дунджаар 2.6 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгджээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 10 хувиар өссөн дүн болохыг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Энэ оны эхний хагас жилд арилжаанд ноолуур, тэмээ болон хонины ноос зонхилсон. Тодруулбал, 5110 тонн ноолуур, тэмээний 80.1 тонн ноос, хонины 1350.1 тонн ноос арилжсан байна. Хөдөө аж ахуйн биржийн арилжааны нийт үнийн дүнгийн 86 хувийг зөвхөн ноолуурын арилжаанаас бүрдүүлжээ. Ялангуяа, дөрөв, тавдугаар сард ноолуурын хамгийн их арилжаа хийв. Тухайлбал, дөрөвдүгээр сард 1632.6, тавдугаар сард 2044.3 тонн ноолуур биржээр арилжсан байна. 2017 оны хоёрдугаар улирлын арилжааны дүн өнгөрсөн оны мөн үеэс 12 хувиар өссөн талаар Хөдөө аж ахуйн биржийн тайланд дурджээ. Ноолуурын үнийг жилийн дунджаар авч үзвэл кг нь 78 мянга 300 төгрөгийн үнэтэй байна. Энэ нь өнгөрсөн оны ноолуурын дундаж үнээс найман хувиар өссөн дүн юм. Мөн Хөдөө аж ахуйн биржээр арилжаалагдсан нийт ноолуурын 70 хувийг экспортлосон бөгөөд үүний 80 хувийг БНХАУ-д нийлүүлсэн ноолуур эзэлж байна.


САНАЛ БОЛГОХ