Амины үнэтэй халуун тогоо-2

ЗГМ: Цуврал


Халуун тогоо биш, хайхрамжгүй ээж, аавууд буруутай

Залуухан ээж Д.Хонгорзул Цагаан сарын битүүний орой баярын ширээгээ бэлдэж зогсохдоо хэдхэн хормын дараа нялх үрээ сэхээний өрөөнд аваачина гэж төсөөлөөгүй биз. Гурван настай хүү нь тоглож яваад газарт тавьсан халуун тогоонд буцалж буй цайнд түлэгджээ.

“Цагаан сар дөхөхөд миний амьдралын хамгийн аймшигтай, хар дарсан зүүд шиг өдрүүд санаанд ордог. Битүүний өдөр баярын бэлтгэлээ хийж байтал хүү минь халуун тогоотой цайн дээр дараад уначихсан. Тэр үед хүүхэд рүүгээ хүйтэн ус асгаад шууд эмнэлэг рүү авч явсан. Ухаан санаа орон гаран байсан болохоор зарим зүйлийг сайн санадаггүй юм. Хүүхдээ нойтон хувцастай эмнэлэг рүү авч яваад давхар осгоох шахсан байж билээ. Бүтэн сар нойргүй шахам хонож, өвчиндөө шаналж буй хүүгээ харахаар өөрийгөө зүхдэг байлаа” гэж тэрбээр хоолой зангируулан ярив. Гэхдээ тэрбээр гай газар доороос гэгчээр гэнэт ирсэн эрлэгийн элчээс хүүгээ булааж авсан азтай ээж. Харамсалтай нь ийм аз хүн бүрт тохиодоггүй. Халуун тогоогоо хүүхдийн гар хүрэх аюултай газар тавьдаг эцэг, эхчүүдийн муу зуршил, болгоомжгүй үйлдлээс болж жилд 20 гаруй хүүхэд амиа алдаж байгаад харамсаад барахгүй. Халуун хоол, цайнд түлэгдсэн хүүхдүүдийн 70 гаруй хувь нь ээж, аавыгаа орхин энэ хорвоогоос оддог байна.
“Нарантуул” захын наймаачид халуун тогоог өөрсдөө Хятадаас зөөдөг. Талх шиг гүйлгээтэй эд биш ч хурдан халдаг тул худалдан авалт боломжийн байдаг аж.

Осол гэмтлээр нас барж буй 10 хүүхэд тутмын найм нь түлэгдэлтийн улмаас хорвоог орхидог.

Өдгөө Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн Түлэнхийн тасагт арьс нь таталдаж түлэгдсэн хөөрхийлөлтэй хүүхдүүд тасрахгүй л байна. Булцгар бяцхан гар дээр нь тарианы зүү хатгах төдийд эцэг, эхчүүд бидний нүд дальдчидаг билээ. Гэтэл түлэгдэж атирсан арьс, маханд нь нэвчсэн шархыг нь боолтноос салгаж цэвэрлэнэ гэдэг үнэхээр нүд халтирам юм билээ. Бага насны хүүхэд түлэгдэхэд түлэгдэлтийн талбай нь бага ч арьсны бүтцийн онцлогоос шалтгаалан маш гүн, ихэнхдээ гуравдугаар зэргийн түлэгдэлттэй болдог. Боолтыг задалсны дараа шинэ арьсыг төлжүүлэхийн тулд хуучныг нь үрж авдаг. Ямар ч мэдээ алдуулах тариа хийгддэггүй тул яаж өвдөж байгааг төсөөлөхөд ч зүрх зүсэгдмээр. Боолтны өрөө гэдэг бол түлэгдсэн хүүхэд, эцэг эхчүүдийн хувьд “там” гэсэн үг. Нялх үрс өвчиндөө тэсэхүйеэ шаналан орь дуу тавихад нүдээ аниад, чихээ дараад зугтмаар. Гэвч амь насыг нь, гэрэлт ирээдүйг нь авч үлдэхийн тулд үүнийг тэвчихээс өөр аргагүй. Энэ “там”-аас бушуухан гарахыг хэн хүнгүй хүсэх боловч санааны зоргоор амархан илааршдаггүй нь гачлантай.
Осол гэмтлээр нас барж буй 10 хүүхэд тутмын найм нь түлэгдэлтийн улмаас хорвоог орхидог.

Хүүхдээ халуун тогоонд “чанасан” ээжүүдийн дийлэнх нь залуу байдаг

Хүүхдүүд халуун тогоонд түлэгддэг ид үе нь цэцэрлэг, хичээл амарсан зун цаг. Гэртээ өнжиж буй багачууд томоогүйтэн тоглож яваад халуун тогооны хар гайд өртөх нь олонтаа байдаг аж. ГССҮТ-ийн судалгаанаас харахад ихэнхдээ баасан гарагийн 12.00 болон 19.00-20.00 цагийн хооронд тохиолддог юм байна. Мөн өрхийн сарын орлого амжиргааны түвшингээс доогуур, бага насны олон хүүхэдтэй өрхүүдийн гэрт халуун тогоонд түлэгдэх эрсдэл өндөрт багтдаг аж. Хамгийн гол нь хүүхдээ халуун тогоонд “чанасан” ээжүүдийн дийлэнх нь залуу байдаг юм байна. “Яавал гэж дээ” хэмээн үл ойшоосон хайнга байдал нь эцэг, эхчүүдийн сэтгэлд толбо үлдээж, хүүхдийн бие сэтгэлд хэзээ ч арилшгүй сорви болон тогтдог.

Нэгэн ээж хүүхэд нь хайчаар тоглоно гэж уйлахад дуугүй болгохын тулд юм эсгэж байсан хайчаа өгчээ. Хожим хүү нь түүнд “Уйллаа уйллаа гээд нүд минь сохров гэж дээ. Зодоод ч гэсэн болиулсан бол танд ингэж насан туршдаа гомдохгүй байлаа” гэдэг яриа байдаг. Үр хүүхдээ насан туршийн сэтгэлийн шарх, биеийн зовиураас хамгаалахын тулд халуун тогоог зөв хэрэглэе. Халуун тогоо бол дайсан биш өдөр тутмын хэрэглээ. Бидний жинхэнэ хөнөөлт дайсан бол хайхрамжгүй байдал.
Энэ шархыг цаг хугацаа эдгээнэ. Гэхдээ сорвиноосоо болж ичих мэдрэмж, ээж аавдаа гомдох сэтгэл түүнийг сүүдэр мэт дагана.

САНАЛ БОЛГОХ