Шинэ номын сан хүлээлт үүсгэсээр

Бүтээн байгуулалт


Нэг дор 600 хүн хүлээн авах хүчин чадалтай

Өнгө өнгийн шилэн цонхоор хүрээлэгдсэн, зургаан давхар бүхий МУИС-ийн шинэ номын сан Монгол-Японы төвийн урд сүндэрлэсэн цагаасаа хойш оюутан, залуучуудын дунд хүлээлт үүсгэсэн хэвээр. Учир нь дэлхийн стандартад нийцсэн уг номын сан энэ сарын 1-нд нээлтээ хийхээр төлөвлөсөн ч тохижилтын ажил зогссоноос үүдэн ирэх сарын 5-н хүртэл хойшлоод байгаа юм.

МУИС-ийн хичээлийн хоёрдугаар байрны баруун талд байрлаж буй уг номын сан нийтдээ дөрвөн уншлагын танхимтай бөгөөд нэг удаад 600 хүртэлх хүн хүлээн авах хүчин чадалтай аж. Номын сангийн нэгдүгээр давхарт МУИС-ийн брэнд дэлгүүр, номын дэлгүүр, кофе шоп болон хичээлийн танхим, бусад өрөө тасалгаа байрлаж байна.

Номын сангийн бүтээн байгуулалтад 16 орчим тэрбум төгрөг зарцуулжээ

Харин хоёрдугаар давхарт номын сан, уншлагын танхим, лекц, семинарын танхим байрлахаас гадна оюутнууд хичээл хийх боломжтой томоохон талбайг тохижуулжээ. Гурав, дөрөв, тавдугаар давхарт байгалийн ухаан, нийгэм, хүмүүнлэгийн ухааны чиглэлээр номын сан байгуулахаар төлөвлөж, уншлагын танхимыг тохижуулж байна. Барилгын баруун жигүүрийн нэгээс дөрөвдүгээр давхар хүртэл номын сан бий. Харин зүүн жигүүрт нь лекц, семинарын танхим байрлаж байна. Өнөөдрийн байдлаар номын сангийн барилга баригдсан ч дотоод тохижилтын ажил урагшлахгүй байгааг МУИС-ийн номын сангийн захирал Г.Цэрэн онцлов.

Ажиллах цагийн хуваарийн хувьд хязгаарлагдмал. Учир нь анх энэхүү номын сангийн барилгын шан татахтай зэрэгцэн 24 цагаар ажиллана гэх яриа гарч, үүнийг дагаад иргэдийн дунд хүлээлт үүсээд байсан юм. Тэгвэл уг номын сан ажлын өдрүүдэд 08.30-20.30 хүртэл хоёр ээлжээр ажиллана. Харин амралтын өдөр буюу зөвхөн бямба гарагт 10.00-18.00 хүртэл ажиллахаар төлөвлөжээ. Номын сангийн ажилчдын хэлж байгаагаар магистр, докторуудад үйлчлэх уншлагын заал, эрдэм шинжилгээний фонд, лабораторийг байгуулахаар төлөвлөсөн байна. Сүүлийн үед оюутан залуус ганцаараа хичээллэхийг илүүд үзэх болсон. Тэгвэл шинэ номын сангийн уншлагын танхим бүрт багаар ажиллах өрөө болон ганцаар хичээл хийх боломжтой тусгай бүхээгийг гаргаж өгөхөөр зураг төсөлдөө тусгажээ. Үүдний хэсэг буюу давхар бүрийн хонгилд хичээлээ хийхээс гадна чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх тав тухтай, чимээгүй орчин бүрдүүлэхээр төлөвлөсөн гэдгийг МУИС-ийн номын сангийн захирал Г.Цэрэн тодотгов.

Онцлоход, энэхүү номын сан цахим хувилбарт шилжжээ. Оюутнууд номын сангаар үйлчлүүлэхдээ цахим каталогоос хэрэгтэй номоо хайх боломжтой юм. Ингэснээр урт дараалал үүсэхгүй аж. Эхний үед зөвхөн МУИС-ийн оюутнууддаа үйлчлэхээр төлөвлөжээ. Харин номын сангийн үйл ажиллагаа жигдэрч, ачаалал бага байвал бусад сургуулийн оюутан болон хөдөлмөр эрхэлж буй хүмүүст тодорхой нөхцөлөөр цагийн хуваарийн дагуу үйлчлэх аж. МУИС өөрийн хөрөнгө буюу 16 тэрбум төгрөгийг уг номын сангийн бүтээн байгуулалтад зарцуулжээ. Гэхдээ зарим хувийн хэвшлийнхэн өөрсдийн нэрэмжит танхим нээхээр болсон гэнэ. Тухайлбал, Голомт болон Хаан банк ивээн тэтгэж, өөрсдийн нэрэмжит танхимыг тохижуулжээ. Харин МУИС-ийн төгсөгчид ном сэлбэн засах лабораторийг тохижуулахаар болсон байна. Ямартай ч, дэлхийн стандартад нийцсэн номын сан нээлтээ хийхэд багахан хугацаа үлдээд байна. Гэхдээ хөрөнгө мөнгөний байдлаас болоод тохижилтын ажил удаашралтай байгааг албаны хүн учирлаж байв.


САНАЛ БОЛГОХ