Эдийн засгийн түгжээг технологийн дэвшил "мултална"

Технологийн зөвлөмж


Техник, технологийн ололтыг нутагшуулах нь шинэ сорилт болж байна

Харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарт гарсан шилдэг шийдэл, дэвшилтэт технологи, бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулдаг “ICT expo 2017” үзэсгэлэн 11 дэх жилдээ зохион байгуулагдлаа. Энэ өдрүүдэд томчууд төдийгүй хүүхэд багачууд хуран цугларч, шинэ техник, технологиор амьсгалж нүд хужирласан, сэтгэлд хоногшсон өдрүүдийг Харилцаа, холбооны зохицуулах хороо зохион байгуулав. Дэлхийн өнцөг булан бүрт мэдээллийн технологи, харилцаа холбооны хөгжил дэвшил өдөр хоногоор бус, цаг хормоор хэмжигдэн өөрчлөгдсөөр байна.

Орчин үед оюуны үнэ цэнэ үлэмж нэмэгдэж, эдийн засгийн нөөц, үйлдвэрлэлийн чухал хүчин зүйлийн үүрэг гүйцэтгэх болжээ. Мөн түүнд тулгуурласан инновацийн эдийн засаг бүрэлдэн тогтох үйл явц эрчимтэй өрнөж байна. Энэ хэрээр улс орны эдийн засагт мэдээлэл технологи, харилцаа холбооны салбарын эзлэх байр суурь ч өргөжиж, нийгмийн бүхий л амьдралд нэвтрэн өдөр тутмын хэрэгцээ болсоор байна.

Мөн олон улсын жишигт нийцсэн техник, технологийн ололт, хэрэглээ үйлчилгээг хугацаа алдалгүй нутагшуулах нь улс орон бүрийн өмнө шинэ сорилт болжээ. Монгол Улсын Засгийн газраас харилцаа холбооны салбарыг эрчимтэй хөгжүүлэх, шинэ техник технологийн ололтыг нийгэм, эдийн засгийн бүх хүрээнд нэвтрүүлэх бодлого, түүний үйл ажиллагаанд тэргүүлэх ач холбогдол өгч байгаа билээ.

Энэ жилийн үзэсгэлэнгийн онцлог нь оролцогч байгууллагууд “Төсөөллөө бүтээцгээе” уриан дор дэвшилтэт, шинэ технологиудыг танилцууллаа.

Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Миний туслах 104” тусгай дугаарын үйлчилгээг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Харилцаа холбооны зохицуулах хороо, “Юнител” групп хамтран нэвтрүүлж байгаа юм. Тус үйлчилгээ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээллийн хүртээмжийг сайжруулах, яаралтай тусламжийн дуудлагыг дуут болон дүрст хэлбэрээр хүлээн авч дамжуулах үндсэн зорилготой ба тус дугаар руу бүх үүрэн операторын хэрэглэгч үнэ төлбөргүй дуудлага хийх боломжтой юм. Мөн “Юнител” группээс гэр бүлээрээ дата ашиглах “Smart Home” цоо шинэ багцынхаа нээлтийг хийлээ.

Харин “Мобиком” корпораци 4G сүлжээний хурдыг шинэ түвшинд авчирч, хэрэглэгчдэд хамгийн өндөр хурд өгөх “Carrier Aggregation” технологийг нэвтрүүлж байна. Одоогийн бидний хэрэглэж буй 4G үйлчилгээ интернэтээс файл татахад 88 Mbps хурдтай байсан бол энэ технологийг нэвтрүүлсний дараа 139 Mbps болж огцом нэмэгдэх юм. Энэхүү дэвшилтэт технологи нь хэт өндөр хурдны 4G сүлжээний хурдыг хэрэглэгчдэд одоогийнхоос дор хаяж хоёр дахин хурдаар ашиглах буюу 225 Mbps хүртэл нэмэгдүүлэх боломжтой шинэлэг үйлчилгээ бөгөөд энэ оны сүүлээр хэрэглэгчдэд хүрнэ. Түүнчлэн “Үндэсний дата төв”-өөс “Хур” төрийн мэдээлэл солилцооны системийг танилцуулсан бөгөөд төрийн байгууллага хоорондын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах зорилготой аж. Гол ач холбогдол нь мэдээллийн нөөцийн сангаас таталт хийж, төрийн байгуулагуудад цахим үнэмлэх, эрүүл мэндийн карт зэрэг бичиг баримт өгч орох шаардлагагүй, автомат машинд хурууны хээгээ уншуулаад шууд орох боломжтой. Одоогоор Гадаад хэргийн яам болон бүртгэл, эрүүл мэнд, нийгмийн даатгал зэрэг байгууллагад нэвтэрч эхлээд байна. Сүүлийн үеийн шилдэг технологиудыг Монголын банк, санхүүгийн байгуулагууд хурдтай нэвтрүүлж буй. Төрийн болон Хаан, Хас, Худалдаа хөгжлийн банк “QR” код ашиглан дансандаа төлбөр хүлээн авах, шилжүүлэх хамгийн хялбар, шуурхай үйлчилгээг оруулж ирсэн. Энэ систем нь хүлээн авагч шимтгэлгүй, АТМ шаардлагагүй, нэр данс зөрөх, бэлэн мөнгө болон картны эрсдэлгүй. Мөн урьд нь 5000 төгрөгөөс дээш гүйлгээнд мэдээлэл ирдэг байсан бол энэхүү үйлчилгээгээр 100 төгрөгийн гүйлгээнд ч мэдээлэл ирэх юм. “QR” кодыг үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж буй 30 мянга орчим аж ахуйн нэгжид суурилуулсаар байна.

Түүнчлэн үзэсгэлэнгийн үеэр ШУТИС-ийн түүхт 50 жилийн ойн нэрэмжит “Автомат робот-2017” намрын тэмцээн, цахим спортын УАШТ тус тус зохион байгуулагдлаа. Монголд харьцангуй залуу гэж болох цахим спортын тэмцээн нь зургаа дахь жилдээ dota2, CSGO, League of legends гэсэн төрлөөр зохиогдож, нийт 120 баг, 700 гаруй тамирчин оролцов. Төсөөллөө бүтээх бас нэгэн боломж олгож хүссэн ертөнцдөө аялах “Game center” тун удахгүй “E-mart” дэлгүүрт нээгдэх аж. Ийнхүү дэлхий дахины технологийн давалгаанд бид хэдийнэ нэгджээ.

Манай улсын хувьд нийт 336 сум суурин газрын 330 нь шилэн кабельд холбогдоод байна. Цаашлаад хэрэглэгчийн хувьд өргөн зурвас, хөдөлгөөнт холбооны дэлхийн жишигт нийцсэн үйлчилгээ хэрэглээг дэмжих, өдөр тутмын амьдралын үл үзэгдэгч хэрэгцээ болгох, үнэ тарифын зохистой зохицуулалт, нийгмийн сүлжээний зохистой хэрэглээг төлөвшүүлэх зэрэг асуудал чухлаар тавигдаж байна. Харин тусгай зөвшөөрөл эзэмшигчид зах зээлд шударга өрсөлдөх, хөрөнгө оруулалтыг дэмжих, бизнесийн таатай орчин бүрдүүлэхэд анхаарч ажиллах хэрэгтэй байна. Гэтэл бизнесийн таатай орчин бүрдүүлэхэд хууль, эрх зүйн зохицуулалтын чанар дутагдаж буйг мэргэжлийн хүмүүс хэлж байв. Дэлхийн эдийн засгийн форумаас 2016 онд Аж үйлдвэрийн IV хувьсгал буюу хиймэл оюун ухаан, машины суралцахуйн үе эхэлснийг зарласан. Олон улсын судалгааны “Гарднер медиа” байгууллага энэ онд дэлхийд тэргүүлэх 10 технологийг нэрлэхэд харилцаа холбоо, мэдээллийн технологийн ололт, дэвшилттэй шууд болон шууд бус холбоотой технологи байгаа нь анхаарал татаж буй. Тухайлбал, хиймэл оюун ухаан, шинэ төрлийн үйлчилгээ, ухаалаг хэрэглээ, хэрэглээний нээлттэй өгөгдөл, зүйлсийн интернетийн үүлэн тооцоолол, тоон техник технологийн ололтод суурилсан технологиуд багтсан байна. Эдгээр нь бусад салбарт ялангуяа, цахим боловсрол, цахим эрүүл мэнд, цахим банк, ухаалаг хот, ухаалаг улс зэрэг шинэ дэд бүтцийг бүрдүүлж эхлээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ салбарын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээ нь нэмэгдэж, эдийн засгийн хөгжлийг бүх талаар дэмжигч хэрэгсэл болсон юм.


Бизнесийн таатай орчин бүрдүүлэхэд хууль, эрх зүйн зохицуулалт дутагдаж байна


Ийнхүү харилцаа холбооны салбарын хэрэглээ үйлчилгээг нийгэм, эдийн засгийн бусад салбарт нэвтрүүлэхдээ сүлжээ, технологийн талаар салбар хоорондын уялдаа холбоог хангах, нэгдсэн бодлого зохицуулалтаар хангах шаардлага урган гарах болов. Энэхүү шинэ техник, технологийн зохицуулалт нь одоо хэрэглэгчдийн ашиглаж байгаа технологийн зохицуулалтаас илүү олон асуудал, бэрхшээл дагуулах хандлагатай байгаа юм.

Түүнчлэн технологийн тоон шилжилтийн гурав дахь давалгаа нь эдийн засаг, мэдээллийн дэд бүтэц ба сан, түүний нөөцийг харилцан хуваалцах тоон эдийн засгийн цоо шинэ орчинг бүрдүүлж байгаа аж. Энэхүү бизнесийн шинэ загвар нь нөөцийг хуваалцах буюу зуучлах компаниудад түлхэц өгч байна.

Тухайлбал, дэлхийн хамгийн том байр түрээслэгч компани өөрийн эзэмшлийн үл хөдлөх хөрөнгөгүй ч бусдын орон сууц, байгууламжийг зуучлан ажилладаг. Мөн такси үйлчилгээний “Юбер” компани өөрийн эзэмшлийн нэг ч автомашингүй хэрнээ үйлчилгээгээ амжилттай эрхэлж байна. Эдүгээ тоон шилжилтийн нөлөөгөөр харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт дэд бүтцийн нэгдэх үйл явц ихэсч, үүрэн холбооны сүлжээ, их өгөгдөлд суурилсан тоон орчин, өргөн нэвтрүүлэг, контентын зах зээлийн зохицуулалтын уламжлалт загварт өөрчлөлт гарч байна.

Жишээ дурдахад, АНУ- ын цахилгаан холбооны оператор “Verizon” компани нь “American online” компанийг авч зах зээлээ өргөтгөсөн. Мөн “Yahoo” компани харилцаа холбоо, интернэтийн аппликэйшн провайдэр болсон бол “AT&T” компани “Time Warner”компанийг 85 тэрбум ам.доллараар худалдан авч, өргөн нэвтрүүлэг ба контент үйлдвэрлэгчийн зах зээлд байр сууриа бэхжүүлж байна. Хамгийн их хүлээлттэй байгаа хэрэглээний интернэтийн хувьд хэзээ ч, хаана ч, дурын сүлжээ, төхөөрөмжөөр бүх төрлийн үйлчилгээ, контентыг хэн бүхэнд хүртээх боломжийг бүрдүүлэх зорилготой бөгөөд 2020 онд энэ төрлийн хэрэглэгчийн тоо 20 тэрбумд хүрнэ гэж үзэж байна.

САНАЛ БОЛГОХ