БНХАУ-ын 46 хотод шинэ орон сууцны үнэ өсөв

Мэдээ

Наймдугаар сард БНХАУ-ын 70 хотын 46-д нь шинэ орон сууцны үнэ өссөн дүнтэй гарлаа. Өмнөх сард 70 хотын 56 хотод нь өсөж байжээ. Бээжин хотод шинэ орон сууцны үнэ хамгийн их буюу жилийн дүнгээр 5.6 хувиар өссөн бол Шанхайд 3.2 хувиар, Шеньжен хотод хоёр хувиар өсжээ. Ийнхүү БНХАУ-д нэгдүгээр сараас хойш хамгийн цөөн тооны хотод орон сууцны үнэ өслөө. Тус улсын Засгийн газар үл хөдлөхийн салбарт бий болсон үнийн хөөсрөлийг хязгаарлах зорилгоор бодлогын арга хэмжээгээ үргэлжлүүлсэн байна. Үүнтэй холбоотойгоор үнийн өсөлт саарч буйг шинжээчид тайлбарлажээ.

БНХАУ-д шинэ орон сууцны үнэ наймдугаар сард өмнөх оныхоос 8.3 хувиар өссөн байна. Энэ нь өмнөх сарынхаа 9.7 хувийн өсөлтөөс буурсан үзүүлэлт болжээ. 2016 оны наймдугаар сард шинэ орон сууцны үнэ сарын дүнгээр 1.5 хувиар өсөж байсан аж. Тухайн үед хоёр жилийн хугацаанд үргэлжилсэн үл хөдлөхийн салбарын идэвхжил хамгийн дээд цэгтээ хүрч байжээ.




САНАЛ БОЛГОХ