Бичил уурхайчдын хандлага өөрчлөгдсөн

ТОМИЛОЛТ


Хуримтлал үүсгэх замаар өөр салбарт шилжиж байна

Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргалтай ярилцлаа. “Бичил уурхайчид техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийж, нийгмийн хариуцлагыг эхэнд тавьдаг болж эхэлсэн” хэмээн тэрбээр тодотгов.

-Аймгийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэрхэн хангахаар төлөвлөж байна вэ?
-Баянхонгор аймгийн хувьд энэ жил зуншлага тааруу байсан. Нийт нутаг дэвсгэрийн 70 хувь нь гантай байлаа. Үүнээс шалтгаалж мал аж ахуйн салбарт өвөлжилт хүндрэх нөхцөл байдал үүсч болзошгүй байна. Энэхүү хүндрэлийг хэрхэн даван туулах, нөлөөллийг нь яаж саармагжуулах талаар аймаг болон сум орон нутгийн удирдлагын түвшинд үйл ажиллагаа чиглэж байна. Манай аймаг 11 мянган малчин өрхтэй. Хагас жилийн дүнгээр таван сая орчим толгой мал өвөлжих дүн мэдээтэй байгаа. Цаг хүндэрсэн үед зэргэлдээ аймгийн нутагт малчид маань өвөлждөг. Энэ жилийн хувьд хаа сайгүй нөхцөл байдал хүндхэн байгаа. Гэхдээ Өвөрхангай, Архангай болон Говь-Алтайн хувьд манай аймгийг бодоход харьцангуй сайн гэж хэлж болно. Тиймээс отроор мал өвөлжүүлэх талаар ярьж байна. Мөн малчин өрхүүдэд өөрсдийн хэмжээнд хадлан тэжээлээ сайтар бэлтгэх даалгавар өгсөн. Үүнээс гадна мал болон мах экспортлох гарц, боломжийг БНХАУ-ын талтай ярилцаж байна. Мөн төвлөрсөн суурин газрын нөөцийн махыг манай аймгаас бүрдүүлэх талаар салбарын яаманд хүсэлтээ илэрхийлсэн.

Хөдөлмөр хамгааллын наад захын шаардлагыг хангаж эхэлсэн


-Мал болон мах экспортлох гарц, боломжийг БНХАУ-ын талтай ярилцаж байгаа гэлээ. Албан ёсоор яриа хэлэлцээ хийгээд эхэлчихсэн үү?
-БНХАУ-ын талтай мал болон мах экспортлох талаар өмнө нь хэд хэдэн удаа санал солилцож байсан. Энэ хүрээнд хоёр тал өөрсдийн бэлтгэлээ хангаж байна. Манай аймгийн хувьд эрүүл бүс. Тодруулбал, малын гоц халдварт өвчин огт гарч байгаагүй хоёрхон аймгийн нэг нь. Хятадын тал манай аймгаас мал болон мах авах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Гэхдээ юуны өмнө нь шийдвэрлэх ёстой цөөнгүй ажил үлдсэн. Үүнийг урд хөршид хийх айлчлалаар илүү тодорхой болгохоор зорьж байна.

-Баянхонгор аймгийн хувьд эдийн засгийн тэргүүлэх салбараа юу гэж тодорхойлсон бэ?
-Аймгийн нийгэм, эдийн засгийн тэргүүлэх чиглэлээ 2012 онд тодорхойлсон. Энэхүү бодлогын баримт бичигт гурван салбарыг онцолсон. Үүнд, хөдөө аж ахуй, уул уурхай, аялал жуулчлалын салбар багтсан. Аймгийн бодлого, үйл ажиллагааны төлөвлөгөө, зорилт дээрх гурван салбарын хөгжилтэй давхар уялдсан. Хөдөө аж ахуйн салбар орон нутгийн хөгжлийн тулгуур болж ирсэн. Манайх нийт мал сүргийнхээ тоогоороо улсын хэмжээнд эхний тавд орж байгаа.

-Аймгийн нийгэм, эдийн засгийн өмнө тулгарч буй ямар хүндрэл, бэрхшээл байна вэ?
-Ажилгүйдэл. Нийт 11 мянган иргэн тодорхой эрхэлсэн ажилгүй байна гэсэн судалгаа бий. Аймгийн бодлого, үйл ажиллагаа үүнийг бууруулахад үндсэндээ чиглэж байна. Эдийн засгийн тэргүүлэх салбараа амжилттай хөгжүүлэх замаар тулгамдаж буй бэрхшээлээ шийдвэрлэхээр томъёолсон. Ажилгүй байгаа иргэдийн хувьд тэр болгон ажлын байр эрээд байдаггүй. Хэдий ийм боловч өөрсдийнхөө амьдралыг болгосоор өдий хүрсэн. Ажилгүй иргэдийн дийлэнх нь бичил уурхайгаар дамжуулж ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байна.

-Эдийн засгийн тэргүүлэх салбараа уул уурхай гэж тодорхойлсон аймгийн хувьд бичил уурхайг зохистой хөгжүүлэх түвшинд хэрхэн анхаарч ирсэн бэ?
-Манай аймагт бичил уурхайн үйл ажиллагаа 2000 оны үеэс эхтэй. 2000-2002 оныг дамнасан цаг уурын хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас бичил уурхай руу иргэд аргагүй эрхэнд хөл тавихад хүрсэн. Бичил уурхай нь иргэдийн хувьд өөртөө бий болгож буй ажлын байр төдийгүй амьдралаа авч явах нөхцөл нь болсон. Тэр үед маш олон өрх орлогын эх үүсвэргүй болж, ажилгүй иргэдийн эгнээ тэлсэн. Манай аймаг тухайн үед нийт мал сүргийнхээ 80 гаруй хувийг алдсан хүнд үе тохиож байсан. Иргэдийн хувьд амьдралаа залгуулахын тулд сайн дураараа газар дорх баялгийг ашиглаж эхэлсэн. Орон нутгийн зүгээс ашигт малтмалыг хууль бусаар олборлож байгаа иргэдийг тухайн газар нутгаас хөөх, тараах зэрэг ажлыг олон удаа авч хэрэгжүүлсэн байдаг. Гэвч энэ нь төдийлэн үр дүнд хүрдэггүй байлаа. Тэрчлэн иргэд өөрсдийн хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааг сайтар хангаж чаддаггүй. Энэ байдлаас болж гэмтэл осол гарах нь их, шороонд дарагдах, амь насаа хүртэл алдах эрсдэл гарч байсан. Ийм ээдрээтэй үед Швейцарийн хөгжлийн агентлаг хүний эрхэд суурилсан хандлагыг бичил уурхайд төлөвшүүлэхээр зорьж, улмаар “Тогтвортой бичил уурхай” төслийг хэрэгжүүлсэн. Хамгийн сайн ажиллаж байгаа төрийн бус байгууллагын нэг нь Цагаан цахирын уурхайг түшиглэсэн “Хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийг дэмжих холбоо”.

-Орон нутгийн удирдлагын хувьд “Тогтвортой бичил уурхай” төслийн үр дүнг хэрхэн харж байна вэ?
-Хүний эрхэд суурилсан бичил уурхайн бодлого, бичил уурхайчдыг дэмжих үйл ажиллагаа жигдэрч байна. Уг төслийн үр дүнд хувиараа ашигт малтмал олборлогчид бичил уурхайн зохион байгуулалтад орсон. Ингэснээр урьд өмнө гардаг байсан осол, гэмтлийн тоо буурч, хөдөлмөр хамгааллын наад захын шаардлагыг хангаж ажиллаж эхэлсэн. Тэрчлэн олборлосон ашгаа тайлагнах, аймаг болон сум орон нутагтай хамтарч ажиллах шинэ жишиг тогтсон. Мөн эдийн засаг өсөхийн зэрэгцээ мал сүргийн тоо толгой нэмэгдэх хэрээр бичил уурхай эрхлэгчдийн тоо буурсан. Зарим иргэд өөр салбарт шилжин ажиллах болсон. Төслийн үр дүнд бичил уурхайчид техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийж, нийгмийн хариуцлагыг эхэнд тавьдаг болж байна. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа 600 гаруй бичил уурхайчин бий. Бичил уурхайчдын гуравны нэг нь Цагаан цахиртад үйл ажиллагаа явуулж байгаа.

Тус газар нь алтны үндсэн орд бөгөөд “Спейшл Майнз” компанийн эзэмшил бүхий талбай. Өнгөрсөн жил гэхэд нийт 13 га-д техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийсэн. Мөн орон нутгийн төсөвт жилд ойролцоогоор 300 гаруй сая төгрөгийн орлого төвлөрүүлж байна. “Батсайхан сэтгэл”, “Галуутын хөгжил” гэсэн хоёр төрийн бус байгууллага ашигт малтмал олборлохоос гадна нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулж байх жишээтэй Бичил уурхайчдын хувьд хуримтлал үүсгэх, улмаар өөр салбарт шилжин ажиллах болсон. Энэ нь төслийн нэг хаялга. Үүнийг ихээхэн олзуурхаж байгаа.

-Аймгийн хэмжээнд олборлолтын тусгай зөвшөөрөлтэй нийт хэчнээн аж аж ахуйн нэгж байна вэ?
-Ашигт малтмалын үндсэн хэлбэр нь алт. Үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй 10 гаруй компани бий. Эдгээр нь алтны салбарт голдуу төвлөрч байгаа. Говийн бүсэд сүүлийн үед хайгуулын ажил идэвхжих болсон. Тухайлбал, нүүрсний томоохон судал илэрсэн. Тусгай зөвшөөрөлтэй алтны олборлолт явуулж буй компаниудын талбайд гурвалсан гэрээний дагуу бичил уурхайчид төрийн бус байгууллагын зохион байгуулалттайгаар нөхөрлөл болж үйл ажиллагаа явуулж байгаа.

САНАЛ БОЛГОХ