Соёл түгээгч эд

ТАНСАГ ХЭРЭГЛЭЭ


Хоолны тансаг хэрэгслийн зах зээл 41 тэрбум ам.доллараар хэмжигддэг болно

Ясан цагаан шаазан дээр далайн гоёмсог шүрийг гараар урлаж, 24 каратын алтаар чимжээ. Цэвэр шаврыг удаан хугацаанд хатааж хийсэн эдгээр шаазан эдлэл бол 10 гаруй сая төгрөгийн үнэтэй “Versace”- ийн “Le Tresors de la Mela” цуглуулга. Айл гэрийн зэрэг зиндааг илтгэхээс гадна гэр бүлийн дулаан уур амьсгалыг мэдрүүлдэг ахуйн хэрэглээ, тэр дундаа шаазан эдлэлийн зах зээлийг бид тэр бүр дурддаггүй.

• Анх гал голомтоо бадрааж буй залуу хосоос гадна хэн нэгэнд үнэ цэнэтэй бэлэг хайж буй хүмүүс гол худалдан авагчид нь байдаг.

• Гараар урласан чамин хийц, загвар нь хэрэглэж буй хүнд сэтгэлийн таашаал өгдөг.

• Хоол болон үйлчилгээний соёлд тансаг зэрэглэлийн эд, хэрэгслийн үүрэг бага биш.

Дэлхийн тансаг хэрэглээний зах зээлд багагүй хувийг хоолны хэрэгслийн зах зээл эзэлдэг. Энэ зах зээл аажмаар өсөж 2020 он гэхэд 41 тэрбум ам.доллараар хэмжигдэнэ гэж Global Industry Analysts байгууллага тооцжээ. Европт төвлөрч байсан энэ салбар өдгөө Ази тивийг “онилж” байна. Энэ нь уг тивд европ хоолны соёл өргөн хүрээг хамарч буйтай холбоотой. Дэлхийн алдартай брэндүүд хүртэл ази дизайнераар тэдэнд зориулсан онцгой загварууд бүтээж буй. Харин манайд хоолны хэрэгслийн тансаг зах зээл ямар хэмжээнд байна вэ гэдэг сонирхол татлаа.

“Манай зах зээл дээрх хоолны хэрэгсэл, гэр ахуйн чимэглэлийн бүтээгдэхүүнүүд хуучинсаг загвартай. Хэт их гоёл чимэглэлтэй сонгодог загвар голчилдог. Тиймээс залууст зориулсан шинэлэг, орчин үеийн загвартай эдлэлийн орон зай хоосон байна” гэж “Isenso Casa” дэлгүүрийн гүйцэтгэх захирал Э.Оюундарь хэлэв. Монголд ийм нээлттэй орон зай байгаа тул эднийх тансаг зэрэглэлд тооцогддог Италийн “Versace”, “Rosenthal”, “Sambonet” брэндүүдийг худалдаалж байна.

Энд худалдаж буй хоолны хэрэгслээс хамгийн үнэтэй нь 19.209.600 төгрөгийн зургаан хүний зориулалттай халбага, сэрээ, хутганы цуглуулга. 24 каратын алтаар бүрсэн хэрэгслүүдэд “Versace” брэндийг илтгэдэг эртний Грекийн Медуза бурхныг товойлгон дүрсэлжээ. Гоёлын зориулалттай учраас хэмжээ нь жирийн хоолны хэрэгслүүдээс үл ялиг том.

Мөн 2017 оны трэнд болж буй 9.665.000 төгрөгийн үнэтэй “Medusa Gala” цуглуулгыг манай худалдан авагчид хамгийн ихээр сонирхож буй аж. Цагаан суурь дээр Медуза бурхан болон гоёмсог хээг алтаар зуржээ. Ер нь ийм тансаг зэрэглэлийн хоолны хэрэгслийг ихэвчлэн 30 гаруй насны залуус сонирхдог байна. Анхны гал голомтоо бадрааж буй залуу хосоос гадна хэн нэгэнд үнэ цэнэтэй бэлэг хайж буй хүмүүс гол худалдан авагчид нь байдаг аж. Эдгээр хоолны хэрэгсэл ийнхүү тансаг зэрэглэлд багтаж буй нь олон шалтгаантай. Гараар урласан чамин хийц, загвар нь хэрэглэж буй хүнд сэтгэлийн таашаал өгдөг.

Хамгийн үнэтэй нь 24 каратын алтаар чимсэн 19 сая төгрөгийн цуглуулга

Мөн хүний биед хоргүй, эдэлгээ даах материалтай. Терракоста буюу ямар ч хольцгүй шаврыг хамгийн сүүлийн үеийн технологиор олон дахин, удаан хугацаанд хатааж боловсруулдаг. Мэдээж шаазан тул газар хүчтэй унагавал хагарна. Монголчуудын шаазан эдлэлийн түүх Юань гүрний үеэс эхлэлтэй. Шаазанг анх хэрэглээнд нэвтрүүлсэн Хятадын нөлөө их. Сүүлд орос шаазангийн хэрэглээ нэвтэрсэн. Хятадын гангар шаазан хэдий өнгө үзэмж сайтай ч амархан хагардаг. Харин орос шаазан хэв загвар муутай гэж гологддог. Эдгээрийг гаднаас нь хараад ялгахад тийм ч хялбар биш. Харин хольцгүй шавраар хийсэн шаазанг тогшиход шил шиг жингэнэн дуугардгаараа ялгаатай. Хэрэв ийм шаазан эдлэлийг эзэн нь гамтай хэрэглэж чадвал үе дамжуулсан үнэтэй өв хөрөнгө ч болдог аж.

Түүнээс гадна хоолны соёлд юу хэрэглэж байна, түүнийг нь цуглуулгадаа багтаадаг тул эдгээр брэнд сүүлийн үе ийн чиг хандлагыг тодорхойлж байдгаараа онцлог. Тухайлбал, Германд үйлдвэрлэдэг Италийн “Rosenthal” брэндийн оройн хоолны цуглуулгад ази хэв маяг бүхий сүши, кимбаб тавих зориулалттай хавтгай тавагууд бий. Мөн шүүгээндээ үзмэр болголгүй өдөр тутамд хэрэглэх дэгжин загварууд байна. “Skin Gold” хоолны цуглуулга нь 3,890,800 төгрөг бол кофеных 2,018,000 төгрөг, цайных нь 2,336,500 төгрөгийн үнэтэй.
   Хоолны соёл, түүнийг дагасан гоёмсог хэрэгслийн бас нэг гол “орц” нь эдэлгээ даах ган хэрэгсэл. Зочид буудал, зоогийн газар гээд үйлчилгээний салбарт тансаг зэрэглэлийнх нь аяга таваг, халбага, сэрээнээс нь харж болдог. Дэлхийд алдартай таван одтой зочид буудлууд “Sambonet” брэндийг хэрэглэж, зочиддоо үнэ цэнэ, үйлчилгээнийхээ тансаг байдлыг мэдрүүлдэг байна. Хэрэв үйлчлүүлэгчид дээд зэрэглэлийн үйлчилгээ гэж юу болох, түүнд ямар тансаг эд хэрэгслүүд багтдаг вэ гэдгийг мэддэг болчихвол шаардлага тавьж эхэлдэг. Үйлчлүүлэгчдийн шаардлагад нийцэхийн тулд байгууллагууд ч эд хэрэгсэл, үйлчилгээний соёлоо сайжруулдаг зүй тогтол бий. Тиймээс хоол болон үйлчилгээний соёлд тансаг зэрэглэлийн эд, хэрэгслийн үүрэг бага биш аж.

САНАЛ БОЛГОХ